Бухын сүүлэн дээр хутга гэгч нь болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.11.01/ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хойшилсон юм.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх өдөр нь “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа тул түүнээс урьтаж, Түгжрэлтэй тэмцэх хуулийг батлах шаардлагатай байна. Гишүүд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцох ёстой” гэдэг анхааруулгыг өгсөн. Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байсан нь зориудаар шантааж үзүүлэв үү гэж харахад хүргэж буй.
Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 45 гишүүн ирж, бүртгүүлсэн ч Түгжрэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх болоход 26 гишүүн сууж байсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандан “16 гишүүнийг дууд” гэдэг үүрэг даалгавар өгөхөөс аргагүйд хүргэсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сайд Б.Дэлгэрсайханд хандан “Гишүүдийг олоод ир” гэсэн ч талаар болсон юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ын бүлгээс 18 гишүүн алга. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэж байхад сонгогдсон гишүүд нь сууж байх ёстой атал алга” гэж шүүмжилсэн нь бас л бодох асуудал байв.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд албадлагын чанартай зохицуулалтууд олон туссаны зэрэгцээ татварууд өсөхөөр байгаа нь Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдэд ирэх сонгуульд халтай тусч мэдэхээр буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ