Малайз улс Хятадын дарга Ши Жиньпинийг айлчлахыг урьсан гэж Бээжин дэх Элчин сайд Норман Мухамад мэдэгдэв. Зүүн өмнөд Азийн тус орон эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд хятад жуулчдын тоог нэг жилд таван сая хүргэхээр зорьж буй. Энэ хүрээнд хятад жуулчдыг Малайзад 30 хоногийн хугацаатай визгүй зорчуулна гэж саяхан зарласан.
“Хятадаас илүү их хөрөнгө оруулалт татахыг хичээж буй учир энэхүү визгүй зорчих хөдөлгөөн нь хөрөнгө оруулагчдыг Малайзад ирэхэд тус болно” гэж Элчин сайд Норман Мухамад хэлжээ.
Засгийн газрын мэдээллээс харахад, Малайз улс энэ оны эхний зургаан сард 500 мянга орчим хятад жуулчин хүлээж авчээ. Тайланд улс мөн хятад жуулчдыг олноор хүлээж авах бодлого баримталж буй. Тус улс энэ онд 3.4-3.5 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, Хятад, Малайз улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ