Африк болон Ойрхи Дорнодоос Европын холбооны зүүн хил рүү ирж буй цагаачдын тоо огцом нэмэгдэж байгаа нь Москвагийн зохион байгуулалттай ажил гэж Эстонийн Гадаад хэргийн сайд хэлээд ОХУ-тай хилээ бүрмөсөн хааж магадгүй гэж анхаарууллаа. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цакна мэдэгдэлдээ, "Хэрэв нөхцөл байдал үргэлжилбэл Балтийн орнууд Оростой хилээ хаахад бэлэн байна. Өсөн нэмэгдэж буй цагаачдын хямрал нь Орос зөвхөн Украинд тулалдаад зогсохгүй, бусад улс орнуудад заналхийлж байгаагийн нотолгоо" гэдгийг онцолсон байна.
Үүний зэрэгцээ, Финланд улс нь Мягмар гаригт ОХУ-тай бүх шалган нэвтрүүлэх цэгүүдээ хаасны улмаас Эстони улсын хилээр нэвтрэх цагаачдын тоо нэмэгдэж болзошгүй тул хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгааг Дотоод хэргийн сайд Лаури Ланемец мэдэгджээ.
Украинд болж буй өргөн цар хүрээтэй дайны дараа Скандинавын улс НАТО-д элсэх шийдвэр гаргасны хариуд Москва "нөлөөлөх үйл ажиллагаа" явуулж байна гэж Финланд улсын эрх баригчид үзэж байгаа аж.
Сүүлийн долоо хоногт Афганистан, Йемен, Сомали, Марокко зэрэг орноос 600 гаруй бичиг баримтгүй цагаач Финландад ирсэн байна. Хэрэв Оросын талаас дэмжлэг аваагүй бол тэд хэрхэн ОХУ-д орж, гарах байсан нь тодорхойгүй байна. Кремль үүнийг үгүйсгэж байгаа ч холбоотон Беларусь улс 2021 онд Польш, Литвийн эсрэг ижил тактик хэрэглэж, Сири, Ирак зэрэг хямралд нэрвэгдсэн халуун цэгүүдээс нислэг зохион байгуулж, цөхрөнгөө барсан хүмүүсийг Европын холбооны хилээр нэвтрүүлэхийг оролдсон.
ЭХ СУРВАЛЖ: POLITICO
Холбоотой мэдээ