"Google" компани аюулгүй байдлын шинэ дүрмийн дагуу өнөөдөр /2023.12.01/ идэвхгүй "Gmail" хаягуудыг устгаж байна. Хэрвээ та "Google" хаягаа удаан хугацаанд ашиглаагүй бол наашаа анхаарлаа хандуулна уу. Магадгүй таны цахим шууданд ямар нэг чухал мэдээлэл байгаа бол яг одоо хадгалж аваарай.
Тус компани сүүлийн хоёр жилийн турш ашиглаагүй хаягуудыг устгана гэдгээ энэ оны тавдугаар сард анх мэдэгдсэн. Ингэхдээ тус цахим хаяг доторх захидал, гэрэл зураг гэх мэт бүх төрлийн мэдээллийг устгах аж. Устгалын ажиллагааг хэзээ ч ашиглаж байгаагүй хаягуудаас эхлээд шат дараатайгаар явна. Гэхдээ устгахын өмнө яаралтай үед хандах зориулалттай хоёр дахь хаяг руу тань хэд хэдэн удаа мэдэгдэл илгээнэ.
Хуучин хаягаа устгуулахгүйн тулд нэвтрэх үйлдэл хийхэд л хангалттай. Цахим шуудангаа унших, "Google Drive" ашиглах гэх мэт энгийн үйлдэл хийснээр таны хаяг дахин хоёр жилдээ аюулгүй болох юм.
Энэхүү шинэ бодлого нь таны аюулгүй байдлыг хангах зорилготой. Учир нь идэвхгүй цахим хаягууд халдлагад өртөх магадлал өндөр байдаг. Ийм хаягууд ихэвчлэн анхны нууц үгээ солиогүй, хоёр шатлалт баталгаажуулалтаа хийгээгүй байдаг учир хакеруудын хялбархан олз болдог гэж компаниас мэдэгдлээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ