Улс төрийн намууд амлалтаа биелүүлдэг үү?

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

Улс төрийн намууд амлалтаа биелүүлдэг үү?

Улс төрийн намууд амлалтаа биелүүлдэг үү?

Улс төрийн намууд амладаг уу. Амладаг. Амлалтаа биелүүлдэг үү. Харин л дээ. Олон хүн ингэж харуулах байх. Гэхдээ өнгөрсөн хавар улс төрийн намуудын төлөөлөл эгнэж зогсоод амлалт өгсөн нэг үйл явдал болсон юм.

Тэр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намууд  зөвлөлдөж, Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг дэмжих бодлогыг хөгжүүлж буйгаа илэрхийлэн амлалт өгсөн.

Бүр улс төрийн арван намын удирдлагууд эгнэж зогсч байгаад өгсөн юм шүү. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжлийн бодлого учраас энэ сэдэв дээр ийн нэгдэхээс аргагүй.

Харин амлалтаа хэрхэн биелүүлсэн бэ. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригт “Амлалт үр дүн: Жендэрийн хариуцлагатай улс төрийн нам” үндэсний форумаар дүгнэлээ.

Улс төрийн намууд ч, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагынхан, хэвлэл мэдээллийнхэн ч энэ тал дээр амлалтаа биелүүлсэн, үүний төлөө нэгдэж хичээсэн гэж дүгнэж байна шүү.

Шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүлгийн тэгш төлөөллийг хангахад улс төрийн намын соёл, санхүүгийн саад бэрхшээл хамгийн том даваа болдог. Монголын улс төрийн намууд эдгээр саад бэрхшээлийг бууруулахад манлайлж, жендэрийн хариуцлагатай, хүний эрхийн мэдрэмжтэй, бодлогын институц байхад чиглэсэн цогц арга хэмжээ, үр дүнтэй санаачилгуудыг дэвшүүлэн ажиллажээ.

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангах зэрэг амлалтын төлөө багагүй хүчин чармайлт гаргасныг  бүгд хүлээн зөвшөөрөв. Тухайлбал, 2023 оны УИХ-ын хаврын чуулганаар хийгдсэн ҮХНӨ, УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлүүдийг дурдаж болно. Үндсэн хуулийн 21. 1-д “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж зааснаар сонгууль дөхөж ирээд сонгуулийн тогтолцоо өөрчлөгддөг байдал алга болох тогтолцооны том дэвшлийг авчирсан билээ. Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж оруулснаараа өмнө нь батлагдаж байсан ч хэзээ ч биелэгдэж байгаагүй 30 хувийг хуульчлахаас гадна ирэх сонгуульд хүйсийн хувийг 40-д хүргэхийг зааж өгснөөрөө түүхэн үйл явдал болсон юм. Аль нэг хүйсийн нэр дэвших доод хэмжээ ийм байна шүү гэдгийг хуульчилснаараа ирэх ирэх он жилүүдэд тэгш төлөөллийг хангасан төр засаг бүрдүүлэхэд нэг том боломж болж байгаа юм. Дэлхий нийтээрээ тэгш төлөөлөл, оролцоог ярьж байхад бид хойш суувал утгагүй. Энэ удаад 30 хувь цаашлаад 40 хувьд хүрэх нь Монгол Улс олон улсад цөөнгүй олон үзүүлэлтээрээ урагшлах боломжийг хангаж өгч байгааг мэргэжилтэн судлаач нар онцолж байна лээ. Гэхдээ нэр дэвшигчийн 30 хувийн квот сонгогдох магадлал дээр арав орчим пунктээр буурдаг гэдэг нь олон улсын жишгээс харагдаж байсан. Энэхүү хуулиар 30 хувийн квотоо бариад нэр дэвшүүлэхэд парламентын 20 хүрэхтэй үгүйтэй хувь нь нэг хүйс буюу одоогийнхоор эмэгтэйчүүд байх гээд байгаа юм. 126 гишүүний 100 нь эрэгтэй байна л гэсэн үг. Тиймээс 30 хувийн квотоо доод босго гэж харж аль болох нэмэгдүүлэх дээр намууд ажиллах ёстой нь энэ үеэр анзаарагдаж байлаа. Мөн энэ нэр дэвших хувийг Улс төрийн намын тухай хуулинд давхар суулгаж өгсөн нь хуулиуд уялдаа холбоотой байх амин чанарыг хангаж өгсөн нь энэхүү амлалтын үйл ажиллагааны нэг хэсэг байсан биз ээ.

Өнгөрсөн хаврын амлалт зүгээр ам төдий байгаагүй хууль тогтоомжид баталгаажихад УИХ-д суудалтай намууд тэр дундаа эрх баригч нам багагүй манлайлал үзүүлсэн.

Улс төрийн намууд Жендэрийн тэгш байдлын тайланг хүргүүлдэг хуулийн хэрэгжилт биелэхгүй удсан байсан. Харин МАН тэргүүлж намууд анх удаагаа Жендэрийн тэгш байдлын тайлангаа боловсруулан Жендэрийн Үндэсний Хороонд хүргүүлснээр хууль ч хэрэгжиж, шинэ жишиг ч тавигдаад байна.

Мөн жагсаалтын тал хувь нь эмэгтэй, тал нь эрэгтэй байх бодлогын заалт яах аргагүй Засгийн газар, эрх баригч намын манлайлал болж түүхэнд үлдэж таарна. Намын дарга Л.Оюун-Эрдэнийн жагсаалтын эхний тав дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл оруулна гэж мэдэгдсэн нь бас л шинэ зүйлийн эхлэл. Энэхүү форумын үеэр МАН-ын Намын байгууллалтын газрын дарга Б.Пүрэвдагва “Бид аливаа шинэчлэлийг намын дүрмээсээ эхэлж хийх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох бусад хуулиуд өөрчлөлт орсонтой холбоотой намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар бид ажиллаж байна. Намын дүрэмд заасан 30 хувийн эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох, мөн бүх шатны сонгуульд нэр дэвших, санал хураалт явуулахдаа 40 хувийг квотыг хангаж үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зэрэг заалтуудыг тусгах саналтай байгаа” гэж илтгэлдээ дурдсан нь анхаарал татаж байлаа.

Угаасаа улс төрийн томоохон өөрчлөлт намуудын манлайллаар л явах учиртай билээ.

ХҮН намын удирдлагууд энэ үеэр намынхаа бүх нэр дэвшигчийг 50:50 адил хүйсийнх байх бодлоготойгоо дахин илэрхийлж байсан бол АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан “Тойрог бүрт нэг эмэгтэйг нэр дэвшүүлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл 38-аас олон эмэгтэй нэр дэвшигчтэй байхыг төлөвлөж байгаа” гэдгээ илэрхийлж байв. Ямартай ч намууд амалж чаддаг ч биелүүлж чаддаггүй гэсэн олон жилийн тогтсон ойлголт өнгөрсөн хавар амласан амлалтдаа улс төрийн намууд хүрэхээр хичээж ажилласан энэ үйл явдлаар өөрчлөгдөж байна. Амлаад хичээвэл бас болдог л юм байна. Гэхдээ энэ бол аль нэг удаад амлаад түүндээ ам хаахын нэр биш билээ. Харин Монгол улсын хөгжлийн суурь болж, төлөөлөл оролцоог хангаж, сайн засаглалыг бий болгох учраас энэ амлалт биелэх нь бүх монголчуудад ашигтай юм.

Р.Болортуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж