Оройн 18:30 цаг. Ажил тарав, автобусны буудал руу алхав.
Яаран сандран алхалж яваад хөлдүү гантиг чулуу дээр халтирч хөл гараа хугалахаас наахнуур хараалаа урсгасаар автобусны буудал дээр иртэл хүмүүс пиг дүүрэн. Яарсны хэрэг даанч гарсангүй. Автобус алга… Хүлээсээр л, харсаар, харуулдсаар. Хажуугаар хаашаа ч юм яарсан хүмүүс. Их хотын гудамжаар хаашаа ч юм яарсан хүмүүс зөрөлдөнө…
Битүү хүнтэй, хөл гишгэх зайгүй хоёр ч автобус буудлаас 30 метр орчим "хол" зогсоод хүмүүсээ дутуу хагас буулгаад "зуларч" одлоо. Автобусны араас хэдэн хүүхэд, залуус гүйсээр үлдэв. Тоосон дунд нь торойсоор хоцорсон ухаалаг Улаанбаатарын "аз жаргалтай" иргэд ээ гэж.
Удалгүй араас нь ирсэн автобус ахиад л пиг дүүрэн. Хэзээ гэртээ харьж, хэдэн хүүхэд дээрээ очихыг бурхан ч үл мэднэ. Хотын дарга Х.Нямбаатар ч бас үл мэднэ. Хөл даарч, сүүлдээ хөлдөж буй мэдрэмж төрөх… Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг байх. Автобусны цонхоор бол амьдрал ямар харагддагийг манай хотын ухаалаг дарга нар хардагсан болоосой…
Хүлээж, хүлээж арай гэж суусан автобус нь яг хөргөгч өө. Хөлдүү ч гэсэн хөл дүүжлэх унаа олдсондоо баярлахаас өөр аргагүй. Гэвч хөдлөөд таг зогсов. Тээр тэнд цагдаагийн шүгэл дуугарч, хажууд хүмүүс уур бухимдлаа өөр, хоорондоо гаргаж хэрэлдэнэ. Хаана байна, тэр ухаалаг Улаанбаатар нь, хаана байна тэр аз жаргалтай иргэд нь.
Автобусандаа "алалцсан" суух иргэд,, өдөр тутмын амьдралын хэрэгсэл, талх, гурил, мах, худаг, ус, түлээ.. Уулын мухарт утаа нь суунаглах умгар бор гэрт ээж, аавыгаа ирэхийг хүлээсэн даарсан, бээрсэн хүүхдүүд. Тэдний суух унааг нь, идэх хоолыг нь, түлэх түлшийг нь тээр дээр сууж байгаа хүмүүс хулгайлчихсан. Уулын аман дахь умгар бор гэрийн зовлонг "маяак"-тай машинаар замчлуулдаг тас хар гуталтай, тансаг байранд амьдардаг дарга нэр мэдэхгүй …
Гэртээ ороход бугуйн цаг 22:30-ийг зааж байлаа.
Холбоотой мэдээ