АНУ ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Хойд Солонгостой хэлэлцээ хийх хүсэлтийг дахин тавьжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд хэлэхдээ “Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь хөршүүддээ заналхийлсэн боломжгүй, хууль бус үйлдэл. Гэхдээ АНУ ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийх саналаа тавьсан хэвээр байна. Хойд Солонгосын тал цаг хугацаагаа сонгох боломжтой” гэжээ.
Гэвч Ким Жон Уны дүү Ким Ё Жон АНУ-ын уриалгыг няцаагаад зогсохгүй хиймэл дагуул болон бусад зэвсгийг хөөргөнө гэж сүрдүүллээ.
“Тусгаар тогтносон улсын бүрэн эрх нь хэзээ ч хэлэлцээний хэлэлцэх асуудлын нэг байх боломжгүй. Тиймээс Хойд Солонгос энэ асуудлаар АНУ-тай хэзээ ч хэлэлцээрийн ширээнд суухгүй. Хойд Солонгос өөрийн бүрэн эрхэд хамаарах бүх зүйлийг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, бүрэн эрхээ цаашид ч аливаа хязгаарлалтгүйгээр нэр төртэйгөөр хэрэгжүүлэх болно. Линда Томас-Гринфилд Хойд Солонгосын хөөргөлтийг хууль бус гэж зарлахынхаа оронд АНУ-ын стратегийн хөрөнгө яагаад Өмнөдийн боомтуудад байн байн байршдагийг тайлбарлах ёстой” гэж Ким Ё Жон хэлэв.
Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдааныг “АНУ болон түүний дагалдагчдын бүдүүлэг шаардлагын дагуу” хийсэн гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолын дагуу Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх, пуужингийн туршилт хийх зэрэг баллистик технологийг хориглосон байдаг. Гэвч Хойд Солонгос улс АНУ тэргүүтэй орны аюул заналхийллийг сөрөхийн тулд тагнуулын хиймэл дагуул хөөргөх, баллистик пуужин турших бүрэн эрхтэй гэж үзэж байна..
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ