Монголын гадаад өр дампуурсан улсынхаас ч өндөр байна

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Монголын гадаад өр дампуурсан улсынхаас ч өндөр байна

Монголын гадаад өр дампуурсан улсынхаас ч өндөр байна

Энэ бол Олон улсын валютын сан (ОУВС)-гийн аргачлалаар Монголын төрийн байгууллагуудын өрийн хэмжээг тооцсон судлаачдын дүгнэлт. “Нээлттэй нийгэм форум” ТББ тэргүүтэй судлаачдын зүгээс Монголын төрийн нийт гадаад өр анх удаа тооцон гаргасан. Тэд 2017-2021 оны Засгийн газар, Монголбанк, төрийн оролцоотой компаниудын гадаад өрийн хэмжээг нэгтгэн тооцсон байна. Албан ёсны тооцооллоор 2021 онд төрийн гадаад өр 17.1 тэрбум ам.доллар болж, ДНБ-ийн 112 хувьтай тэнцэж байжээ. Тэгвэл 2023 оны төсөөллөөр төрийн гадаад өр дунджаар 18.7 тэрбум ам.доллар болж, ДНБ-ий 119 хувьд хүрсэн байна.

АН, МАН-ЫН АЛЬ НЬ ТОМ ӨР ҮЙЛДВЭРЛЭГЧ ВЭ

Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын гадаад өрийг хэрхэн бууруулах талаар толгой гашилгаж буйгаа хэлдэг. Тэд зөвхөн Засгийн газрын гадаад өрөөс бусад нь бидэнд хамаагүй гэж тайлбарладаг. Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 8 орчим тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 60 хувиас бага аюулгүй хэмжээнд хэмээдэг. Ингэхдээ АН-ын Засгийн газрын 2012-2016 онд тавьсан өрийг дарж дуусгах гэж бараг найм дахь жилдээ оролдож байна хэмээн хариуцлагаас бултаж ирсэн.

Гэвч нөгөө талд сөрөг хүчин АН-аас “Өргүй Монгол” хөдөлгөөнийг санаачилж, 2017 оноос хойш Монгол Улсын гадаад өр нийт эдийн засгийн хэмжээнээс давсан хэмээн зарлаж буй. Монгол Улсын  нийт өр нийлээд 34 орчим тэрбум ам.доллар дөхөж, нэг хүнд ногдох өр 33.5 сая төгрөгт хүрсэн гэдэг айдас төрүүлэм хэмжээ хэлэх болсон. Өөрөөр хэлбэл, МАН 2016 оноос хойш засгийн эрх барьсан хугацаанд зөвхөн Засгийн газрын гадаад өр гурван тэрбум ам.доллар буюу 10 гаруй их наяд төгрөгөөр өссөн. Улсын нийт гадаад өр 9.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэж байгаа.

ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ГЭХ ТӨӨРӨГДЛИЙГ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ

Ямартай ч асар их байгалийн баялагтай Монгол Улсын төрийн өр 2017 оноос хойш гэрлийн хурдаар тасралтгүй өссөн. Энэ нь байгалийн баялгаас олдог мөнгөө буруу зарцуулсны муу үр дагавар гэдгийг судлаачдын дүгнэлтээс ойлгож болохоор байна. Тиймээс Засгийн газар төрийн асар их хэмжээний өрийг бага харагдуулахын тулд Монгол Улсын, Засгийн газрын гэсэн хоёр ангиллаар гадаад өрийн хэмжээг зарлаж ирсэн. Ингэхдээ Монголбанк болон төрийн өмчит компаниудын гадаад өрийн хэмжээг тэр бүр дурддаггүй. Тэгвэл (ОУВС)-гийн гадаад өр тооцох аргачлалаар “төрийн өр” гэдэг нэг л ойлголт байдаг. Судлаачид энэ удаагийн судалгаагаараа цаашид “төрийн гадаад өр” нийтэд нь авч үзэж, төрийн бодлого шийдвэрт тусгаж байхыг зөвлөсөн байна.  “Төрийн гадаад өр” гэдэг ойлголтыг хэрэглэж эхэлснээр зөвхөн байгалийн баялгаас хамааралтай, нэг улсаас хараат Монголын эдийн засгийн эрсдэлийг бүрэн дүүрэн тооцоолон гаргаж болох аж.

ДАМПУУРСАН УЛСУУДААС АВАХ СУРГАМЖ БУЮУ ТОЛИНЫ ТУСГАЛ 

 Монгол Улсын төрийн гадаад өрийн хэмжээ нь эдийн засгийн нөөц, чадамжаас давсан. Тус судалгаанд авч үзсэн улс орнуудын гадаад өр, ДНБ-ий харьцаа нь Монгол Улсынхаас доогуур байжээ. Гэвч тэдгээр улс орнууд хэдийнэ дампуурал зарласан. Энэхүү судалгааны хүрээнд тооцсоноор төрийн гадаад өр, ДНБ-ий харьцаа 2017-2021 онд 112 хувьд хүрч байгаа нь харьцангуй өндөр хэмжээ хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал Шри Ланка, Бангладеш, Пакистан зэрэг гадаад өрийн дарамтад орсон улсынхаас зарим талаараа муу эсвэл ойролцоо байгаа нь дампуурал зарлах эрсдэл өндөр байгааг харуулж байгаа аж.  Судалгааны өгүүлснээр орлого багатай олон орон өрийн хямралтай нүүр тулсан. Гадаад өрийн дарамтын улмаас 2022 онд дампуурал зарласан Шри Ланка улсын араас Аргентин болон Пакистан санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Тэдний Монгол Улстай ижил тал нь Засгийн газар төрийн гадаад өрөө оновчтой удирдаж чадаагүй. Харин ялгаатай тал нь дампуурсан болон дампуурлын ирмэгт тулах үедээ гадаад өрийн нөхцөл байдал нь Монголынхоос харьцангуй дээр байжээ.

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаагаас найман тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, хоёр  тэрбумыг Монголбанкны өр эзэлжээ. Мөн төрийн өмчит компаниудын гадаад болон дотоод өр 10 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

Эдгээрийг нэгтгэснээр Монгол Улсын төрийн гадаад өр дампуурал зарлаж, эдийн засгийн аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Ингээд  гадаад өрийн дарамтад орсон Шри Ланка, Бангладеш, Пакистан зэрэг улсуудын гадаад өрийн харьцааг  Монгол Улсынхтай харьцуулсан хүснэгтийг хүргэе.

Гадаад өрийн дарамтаас болж дампуурсан улсуудын нөхцөл байдлыг харахад, Монгол Улсын нөхцөл байдлын толины тусгал мэт аж. Судлаачдын зүгээс өрийн дарамтад орсон дээрх улсууд засаглал сул, улс төрийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын тус улсад итгэх итгэлийг сулруулж, авлига, хээл хахууль газар авсан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн улстөрчид зөвхөн өөрсдийн тойрогт зориулан үр ашиг багатай төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Улсын төсвийг үргүй зарцуулдаг гэх мэт хүчин зүйлүүд нь тус улсыг хямралд хөтөлжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж