Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлсэн билээ. Тэрбээр авлигын эсрэг дагнасан шүүхтэй болох зарчмын шаардлагын талаар онцолсон. Ингээд түүний хэлсэн итгэлээс онцлох эшлэлийг нь тоймлон хүргэе.

  • 1.Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй.
  • 2.Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
  • 3.Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан.
  • 4.Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ.
  • 5.Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.
  • 6.Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
  • 7.Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.
  • 8.Авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
  • 9.Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, урамшуулал уу?
  • 10.Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бүлэглэлд үйлчилдэггүй шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.

Мөн тэрчлэн Ерөнхий сайд авлига, албан тушаалын асуудал хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийхээр Засгийн газар төлөвлөж байгаагаа парламентын гишүүдэд мэдээлэл өгсөн. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд хэр реформ хийхээр төлөвлөснийг товчлон сонирхуулъя.

  • 1.Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх,
  • 2.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх,
  • 3.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх,
  • 4.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх,
  • 5.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах,
  • 6.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
  • 7.Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох,

Гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс “..зөвхөн шүүх засаглал ч биш, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байгаа”-г хэлсэн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж