Хип хоп, трап хөгжмийн Моцарт

ХҮМҮҮС

Хип хоп, трап хөгжмийн Моцарт

Хип хоп, трап хөгжмийн Моцарт

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа орчин цагийн хип хоп, трап хөгжмийн хамгийн эрэлттэй продюсер, DJ болох Леланд Тайлер Уэйн буюу “Metro Boomin”-ийг онцолж байна. Бидний өдгөө сонсч буй олон гайхалтай дууны хөгжмийг бүтээсэн түүнтэй хамтарч ажилласан уран бүтээлч бүр амжилтад хүрч, дуу нь хит болдог гэх бичигдээгүй хууль бий. Ингээд оддыг од болгосон түүнтэй танилцъя.


БЯЦХАН ГИТАРЧИН

Леланд Тайлер Уэйн нь 1993 оны есдүгээр сарын 16-ны өдөр Миссури мужийн Сент Луис хотод мэндэлж, Парквэй Норт ахлах сургуульд суралцжээ. Дөрвөн дүүтэй тэрбээр дунд сургуульд байхдаа басс гитартай танилцаж, дуу хөгжимтэй холбогдов. Түүнийг долдугаар ангид байхад ээж нь зөөврийн компьютер бэлэглэж, 13 настай бяцхан Леланд “FruityLoops” програм дээр “beat” хийх эрдэмд шамдан суралцаж эхэлсэн гэдэг.

Жаалхүү багадаа “Nelly”-ийн дуунд гүн дурлаж, рэп хөгжим хийхийг хүсчээ.

Тэрбээр ахлах сургуульдаа өдөрт таван “beat” хийдэг байсан бөгөөд анхандаа өөрөө рэп хийх хүсэлтэй байсан ч хөгжим, ая хийх түүнд таалагдсан аж. Энэ талаараа тэрбээр ярихдаа “Эхэндээ энэ бүхэн бүхэлдээ надад шинэ зүйл байсан. Би ‘Google’-ээс хэрхэн басс дуугаралт гаргах вэ гэж хайдаг байлаа” гэжээ. Аккорд гэж юу байдгийг мэдэхгүй Леланд энэ бэрхшээлээ давахын тулд ахлах сургуулийнхаа төгөлдөр хуурын дугуйланд элссэн байна.

Сурагч хүүгийн авьяас, ур чадвар өдрөөс өдөрт сайжирч, “Twitter” тэргүүтэй олон нийтийн цахим сүлжээг ашиглан уран бүтээлээ сурталчилж, хүмүүсийн анхаарлыг татахыг хүсчээ. Энэ нь ч амжилтад хүрэв. Атланта хотоос “OJ da Juiceman”, “Gucci Mane” зэрэг уран рэпперүүд түүнтэй холбогдож, хамтарч ажиллах санал тавьжээ.

16 настай Леланд ээжийнхээ хамтаар найман цаг машинаар Атланта хотыг зорьж, интернетээр танилцсан хүмүүстэйгээ уулзжээ. Дууны инженер “Caveman” гэх хүн Леландын талаар сонсч, “OJ da Juiceman”-д хандан Сент Луист нэг авьяаслаг хүү байна гэдгийг дуулгасан түүхтэй.

Түүний ээж, аав хоёр гуравдугаар ангид байхад нь салж, Леланд ээжтэйгээ үлджээ.

САЙН УУ, АТЛАНТА?

Ахлах сургуулиа төгссөний дараа Леланд эргэлт буцалтгүй Атланта хот руу нүүхээр шийдэж, тус хотын Морхауз коллежийн бизнесийн менежментийн ангид элсэв. Түүний хувьд анх хийсэн хөгжим, аяаа 100-200 ам.доллараар зардаг байсан ч ихэнхи тохиолдолд үнэгүй өгчихдөг байжээ. Леланд “Би зүгээр л өөрийнхөө хийсэн рэпийг хүмүүст сонсгохыг хүссэн. Энэ л миний хүссэн зүйл” гэв. Одоо бол түүнтэй хамтрах доод ханш 75-150 мянган ам.доллараас эхэлж, нийт хөрөнгө нь найман сая ам.долларт хүрч байна.

Сонирхол, хүсэл нь нэгэнт тодорхой болсон түүний хувьд цаг заваа дэмий зүйлд гарздахыг хүссэнгүй, удалгүй коллежоо хаяж, хөгжим, ая хийхэд бүхий л анхаарлаа зориулах болжээ. Коллежийн эхний жилдээ Леланд “Future”, Лил Уэйн нартай хамтран “Karate Chop” гэх дуу гаргаж, энэ нь хит болсон гэнэ.

Леланд Тайлер Уэйн Атланта хотод л жинхэнэ “Metro Boomin” болж, салбартаа цахиур хагалсан гэдэг. Өнөө цагийн бүхий л алдартай рэпперүүд “Metro Boomin”-ийн ая, хөгжим дээр үгээ “зоож”, түүний найруулга, сэтгэмжээр бүтээлээ олон нийтэд түгээсэн гэхэд хилсдэхгүй. Ники Минажаас эхлээд “21 Savage”, “Wiz Khalifa”, “The Weeknd”, “Трэвис Скотт”, “ASAP Rocky”, “Drake”, “Migos”, “Lil Durk”, “Lil Uzi Vert”, “Post Malone”, “Лил Уэйн”, “Кенье Уэст”, “Gunna”, “Coldplay” нар түүнтэй хамтарчээ.

ХИТҮҮДИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ

2016 онд “Metro Boomin” жинхэнэ тэсрэлт хийж, түүний гараас гарсан дуу бүр хит болж байлаа. Эхлээд “Future”, “Drake” хоёртой хамтран “Jumpman”-ийг продюсерлож, дараа нь “Migos”-той “Bad and Boujee”, “Future”, “The Weeknd” хоёртой “Low Life”, “21 Savage”-тай “Х”, "Future"-ийн "Mask off", "Post Malone"-ийн "Congralutions" зэрэг дуунуудаар дэлхий нийтийн сонорыг мялаажээ.

“Jumpman” дууны эхлэлд “Future”-ийн мөрөнд “Хэрэв Метро чамд итгэхгүй бол би чамайг буудна” гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад л Метро үнэхээр оддын хайртай хөгжмийн продюсер.

2009 онд “Нью Йорк Таймс”-ын зүгээс Атланта хотыг орчин цагийн хип хоп хөгжмийн нийслэл хэмээн тодорхойлж, ирээдүйд жинхэнэ хип хоп хөгжмийн хитүүд тэндээс эгшиглэнэ гэж бичиж байв. Тэгвэл тус үйлст “Metro Boomin” голлон үүрэг гүйцэтгэж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл дуу, хөгжим хийхэд л бүхий л цагаа зарцуулж байна.

Түүний ээж 2022 онд хамтран амьдрагч залуугийнхаа гарт амиа алджээ.

ХҮН ААЛЗ БА МЕТРО

Бүтээсэн дуу бүр нь “Billboard”-ийн шилдэг зуугаас буухгүй болчихсон “Metro Boomin” хөшигний араас гарч, гол тайзан дээр өөрийн дүрээр гарч ирэхийг хүсэв. Түүний зүс царайг төдийлөн харж байгаагүй, хэн гэдгийг нь мэдэхгүй хүмүүс олон байсан ч бүтээсэн дууг нь сонссон хүмүүс сая саяараа байсан юм.

Улмаар “Хүн аалз” хүүхэлдэйн киноны зохиолчид болох Фил Лорд, Кристофер Миллер нар Метротой уулзаж, “Spider-Man: Across the Spider-Verse” киноны ая хөгжмийг даатгажээ. Метро ч “Swae Lee”, “Future”, “21 Savage”, “2 Chainz”, “Offset” тэргүүтэй уран бүтээлчидтэй хамтран гайхалтай дуунуудыг бүтээсэн. Орчин үеийн залуус түүнийг өмнөх хитүүдээр нь бус хүн аалзын хөгжимчин гэдгээр нь мэдэх болов.

Метрогийн сонсогчид түүнийг алдарт хөгжмийн зохиолчид болох Шопен, Моцарт, Бетховентэй зүйрлэж, "Бидний цаг үеийн Моцарт" гэдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-xylgjn+ kmrynx 2023-11-30 216.38.195.74

gyilagchnigaixyylal Prtbrt fS.+ xolbj

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж