УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр /2023.11.29/ болж, Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Ж.Хунанг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Тэрбээр 2022 оны зургадугаар сарын 17-нд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд гишүүд нь “Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших ёстой” гэж үзээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа хэлсэн. ХЭҮК бол хүний бүхий л эрхийг төрөөс, эрх мэдэлтнүүдээс хамгаалах үүрэгтэй. Энэ утгаараа комиссын даргыг сэлгэн ажиллуулах нь зөв. Гэхдээ сүүлийн үед хугацаат цэргийн алба хаагчдын дунд хүний эрхийн зөрчил гарч, эрүүл мэнд, амь насаараа хохирох болсон. Энэ асуудалд Хүний эрхийн үндэсний комисс анхаарал тавьж олигтой ажиллаагүй гэж УИХ-ын даргаас зэмлэл хүртсэн. Энэ ч түүнийг "өргөдлөө өгөх"-өд хүргэсэн байж болзошгүй. Нөгөө талаар түүнийг өнгөрсөн нэг жил хамгийн сул ажилласан гэж дүгнэх хүмүүс ч байна.
ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулав
ХЭҮК нь 2020 он хүртэл гурван гишүүнтэйгээр (дотроо Тамгын газартай) ажиллаж ирсэн. Тус гурван гишүүний албан тушаалд 2001, 2007, 2012 онд томилгоо хийхдээ тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүхээс тус бүр нэг хүнийг санал болгож, УИХ баталдаг байсан аж. Ингэхдээ орон тооны талаар нээлттэй зар түгээхгүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр буюу дээрх эрх бүхий гурван субъект гэнэт нэг нэг хүнийг нэр дэвшүүлэх саналаа УИХ-д хүргүүлж, хэдхэн хоногт багтаан томилчихдог байсныг судлаачид онцолдог. Хүний эрхийн үндэсний байгууллагын олон улсын хороо, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ХЭҮК-ын гишүүдийг томилохдоо нээлттэй, ил тод байдлыг хангах, улс төрийн зүй бус нөлөөнөөс ангид байлгах, иргэний нийгмийн оролцоог сайтар хангах зөвлөмжийг манай улсад удаа дараа өгсөн байдаг. Түүнчлэн Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протоколд манай улс нэгдэн орж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн тул энэ чиглэлийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг ХЭҮК-ын дэргэд хараат бусаар ажиллуулахаар шинэчилсэн хуульд заасан. Дээрх зөвлөмж болон олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлж, шинэчилсэн хуулийн дагуу ХЭҮК-ын тав болон комиссын дэргэдэх, эрүүдэн шүүлтийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж, томилсон. УИХ-ын чуулганы 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигч Д.Сүнжидийг 65 хувийн саналаар, Х.Мөнхзулыг 60 хувийн саналаар, Б.Энхболдыг 67.5 хувийн саналаар, Г.Нарантуяаг 65 хувийн саналаар, Ж.Хунанг 57.5 хувийн саналаар тус тус дэмжсэн байдаг.
ХЭҮК-ын даргын сэлгээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Ж.Хунанг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн. Тэрбээр 2022 оны зургадугаар сарын 17-нд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд гишүүд нь “Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших ёстой” гэж үзсэн байна. Тиймээс чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түүний хүсэлтийг хүлээн авч дэмжсэнээр уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр болов.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь долоон гишүүнтэй. Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн зургаан жилийн хугацаатайгаар томилогддог бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно. Комиссын даргын түр эзгүйд Комиссын бүрэлдэхүүнд хамгийн удаан жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн зэрэг хангаж байгаа бол тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг.
Тиймээс ХЭҮК-ын дараагийн даргыг гишүүдийн дотроос УИХ-ын дарга санал болгосноор УИХ-ын нэгдсэн чуулганаар томилох юм. ХЭҮК-ын даргын халаа сэлгээний асуудал олон олон төрийн байгууллагад жишиг болгохуйц сайн жишээ юм. Даргын суудалд тухалсан л бол тэндээсээ ховхорч салдаггүй насаараа сандайлах хүсэлтэй дарга нарын мөрөөдөл энэ жишгээр устах юм. Заларсан болоод завилсан бурхад шиг байдаг дарга нар дотроосоо солигдож шинэчлэгдэж байх нь тухайн байгууллага дотор хяналт, засаглал, менежмент сайжирахын том дохио болох юм.
Нэргүй 2023-11-30 66.181.184.25
ХЭҮК гэж шоронгийн хоригдлын эрхээс өөр юм ярьдаггүй, мэддэггүй байгууллага. Хайрцагнаасаа давж, контороосоо гарч ажилламаар байна. Эхний ээлжинд нээлттэй утас бий болгож түүгээрээ ирсэн бүх төрлийн хүний эрх зөрчигдсөн асуудал дээр ажиллахаас л эхлэнэ дээ.
Нэргүй 2023-11-30 213.87.90.78
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-30 66.181.160.3
Дарга л яриастай , дарга даа мантай – сэлтэй байж ….
zochin 2023-11-30 202.126.90.97
Uutan nydet manjuudiin yr udam aa gej