С.Баярцогт: Төсвийн алдагдлыг нөхөхтэй холбоотойгоор үнэт цаас гаргах асуудлыг УИХ-д оруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Төсвийн алдагдлыг нөхөхтэй холбоотойгоор үнэт цаас гаргах асуудлыг УИХ-д оруулна

Засгийн
газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсөвт
тодотгол хийх тухай асуудлыг авч хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд
С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Төсөвт
тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ гэсэн. Ямархуу зохицуулалт хийхээр
болсон бэ?

-Байгаль цаг уурын тааламжгүй
байдал, эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдалтай уялдаад Монгол
Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулсан зарцуулалт маш их
хэмжээгээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөд
зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн өнгөрсөн жилд багтаж, хүүхдийн
мөнгө, шинээр мэндэлсэн хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгийг авч
чадаагүй иргэдэд шаардагдах нөхөн олговрыг шийдвэрлэх шаардлагатай болж
байгаа. Эдгээр асуудлыг төсвийн тодотголд суулгана. УИХ-ын дарга Ерөнхий
сайдын нэр дээр төсөвтэй холбогдуулан  зохицуулалт хийх боломж бий
эсэхийг  таван зүйлээр судлахыг үүрэг болгосон. Төсвийн болон барилгын
хуулийг зөрчсөн,  өөрөөр хэлбэл зураг төсөлгүй хөрөнгө тавигдсан
обьектын асуудлыг цэгцэлж эргэж харахыг санал болгосон. Үүний зэрэгцээ
төсвийн ерөнхийлөн захирагч нарын хүрээнд зүй зохистойгоор хөрөнгө
хуваарилах, Хүний хөгжил сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг
судлахыг ч хүссэн. Засгийн газар УИХ-ын даргаас ирсэн санал, Үндэсний
аудитын  газрын зөвлөмжийг судлаад төсвийн тодотголыг хийхээр ярилцаж 
байна.

-Нэмэлтээр хэдий хэмжээний мөнгө
шаардлагатай байгаа вэ?

-Ойролцоогоор 130 орчим
тэрбум төгрөгийг нэмэлт  арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. 

-УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилсан 76 тэрбум
төгрөгийг ямар байдлаар зохицуулах вэ. Хуваарилсан мөнгөнөөс 2.8
тэрбумыг зарцуулсан  гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ

удаагийн хуралдаанд 76 тэрбумын асуудал хөндөгдөөгүй. УИХ-ын даргад
Үндсэн хуулийн цэцийн даргаас албан бичиг ирүүлсэн гэсэн. Тэгэхээр
эхлээд УИХ дээр асуудал шийдэгдэх байх.

-Гишүүдийн

нэрээр суулгасан 76 тэрбумд  зураг төсөлгүй барилга байгууламж хэчнээн
байсан бол?

-Сангийн яам үүнийг нягтлаагүй.
Үндэсний аудитын байгууллага нягталж үзсэн. Тэндээс тодорхой хариулт
гарах байх.

-Засгийн газрын хуралдаанд үнэт цаас
гаргах тухай асуудал оруулсан. Тодруулахгүй юу?

-Бондын хувьд 2010 оны төсөв дээр 70 тэрбумын бондыг
улирлын чанартай, урсгал төсвийн зохицуулалт хийх зорилгоор оны эхэнд
гаргадаг. Засгийн газрын төвшинд 70 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх
бий. Дээр нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж 100 орчим тэрбум
төгрөгийн урт хугацааны бонд гаргахаар төсөвт угаасаа суулгасан.
Хэдийгээр энэ асуудлыг төсөвт суулгасан ч гэлээ Засгийн газраар
хэлэлцээд, УИХ-аас зөвшөөрөл авч, дахиж хэлэлцүүлдэг. Тийм учраас
өнөөдөр хэлэлцээд УИХ-д өргөн баръя, гэдэг энэ шийдвэрийг л гаргалаа.
Энэ бол угаасаа төсвийн хуулийн дагуу хийгдэж байгаа, нийт 170 тэрбум
төгрөгийн бонд гаргах тухай асуудлыг УИХ-аас хүсч байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж