ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо

LiveХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо

ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо
17 : 01
2023-11-30

ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргаар тус комиссын гишүүн Д.Сүнжидийг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Улмаар УИХ тогтоол баталснаар Хүний эрхийн үндэсний комиссыг Д.Сүнжид удирдах боллоо.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр танилцуулга сонсч байна. 

16 : 33
2023-11-30

ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Д.Сүнжидийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тус комиссын даргаар ажиллаж байсан Ж.Хунаныг чөлөөлсөн. Тэр даруйд УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр ажиллаж байгаа Д.Сүнжидийг тус комиссын даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжсэнийг ийнхүү чуулганаар хэлэлцэж байна. 

Д.Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.

2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлагатай аж. 

 

 

13 : 06
2023-11-30

"Шүүх байгууллагыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь нүүрсчид"

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

Авилгатай нам харгалзахгүй тэмцэх ёстой. Ийм учир Ерөнхий сайдын тэмцэл дээр нэг байгаа. Санаачлагатай байгаа, сайшаалтай байгаа. ХҮН нам идэвхитэй байгаа. Хөгжлийн банкны сонсгол хийхийг Д.Ганбат гишүүн бид хэд санаачилж байсан юм. Амжилттай болсон. Гэтэл үр дүн хаана байна вэ? Дунд шатны цөөхөн хэдэн албан тушаалтнууд ял авсан. Эрх мэдэлтнүүд ял аваагүй. Бодитой л байя.

Хоёрдугаарт, нүүрсний хэрэг. 40 их наядын хулгай байна гэж тооцоолсон. Энэ асуудлын 18-20 их наяд нь оффтэйк гэрээ гэсэн. Шаардсан. Гэтэл бүтэн жилийн хугацаанд шийдвэрлэсэн зүйл алга. Түүнээс илүү долоон жил болж байгаа асуудал бол "Эрдэнэт"-ийн 49 хувийн хулгай. Долоон жил анхан шатны шүүхээс буцаад сая дахиад шүүх хурал нь хойшилжээ. Худалдаа хөгжлийн банкны сахал хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн тухайн үед Монголбанк, Сангийн яамыг кассын машин шиг ажлуулсан шүү. Зөвхөн гэрээнээсээ нэг их наядын хулгай хийсэн байдаг шүү. Гэрээг нь хоёр жил хөөцөлдөж саяхан нууцаас гаргуулсан. Жирийн иргэн мөнгө зээлэх болохоор баталгаа байхгүй гээд байдаг. Гэтэл тухайн хүн Засгийн газрын нууц хуралдаанд оруулаад баталгаа гаргуулдаг. Гурван жилийн хугацаанд ханшийнхаа эрсдэлийг Монголбанканд үүрүүлсэн. Өөрөө нэг ч төгрөгний ханш үүрдэггүй. Үр дүнд нь Монголбанк нэг их наядын ханшийн эрсдэл үүрсэн байдаг шүү. Үр дүнд нь Монгол Улс ханшаа хоёр дахин алдсан. Бизнесүүддээ ачааг нь үүрүүлсэн. Энэ бол том хулгай. Үр дүнд нь "Эрдэнэт"-ийн 49 хувийн хулгай бий болсон. Эх үүсвэр нь хулгайн мөнгө. Нүүрсний сонсголын дараа хэргүүд шийдэгдэхгүй юм биш үү? Анхан шатан дээрээ буцаагдаад байдаг учир хоёр шаттай болъё гэсэн санал орж ирж байна. Энэ тохиолдолд олон  улсад гурван шат байна. Энэ дотор хэрэг гээгдэхгүй байх, хэлмэгдүүлэхгүй байх тогтолцоо бий. Гэтэл манай дээр анхан шатан дээрээ буцаагаад хоёрхон шаттай байна гэж оруулж ирж байх шиг байна. Та бүхэн ямар үндэслэлээр хоёр шаттай байна гэж байгаа юм бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

Өнгөрсөн хугацаанд илэрсэн том авилгачид анхан шатны шүүх дээр долоон жил хождог, цаг хугацаа хождог, хөөн хэлэлцэх хугацаа дуусгадаг, хэргээ буцаалгадаг, ял завшдаг схем рүү орсон. Өөрсдөө гурван шатны шүүхээр хэргээ шийдүүлэх эрхтэй гэж ярьдаг. Анхан шатны шүүх дээр сүүлийн үед ял, шийтгэл хэрхэн оноож байгааг харж байгаа байх. Тэрбум, их наядын хулгайчид хэдхэн сая төгрөгөөр торгуулж байна. Үүнийг л зогсооё. Монгол Улсын Дээд шүүх Монгол Улсын шударга ёсны эцсийн цэг мөн юм бол авилгачдад энэ нүүр царайгаа ил тод харуул. Анхан шатны 1-2 шүүгч рүү заачхаад “Ингэсэн, тэгсэн” гээд суугаад байж болохгүй. Парламент, Засгийн газраасаа эхлээд хяналтын сонсгол хийгээд л байдаг. Тэгээд шүүх дээр очоод байхгүй. Иргэд асуугаад л байдаг. Парламент бол шүүх байгууллага биш. Ял оноодог газар биш. Хэрэв тэгэх юм бол болохгүй. Намын шүүх боллоо гэж шүүмжилнэ. Т.Доржханд, Б.Энхбаярын шүүх боллоо гэж шүүмжилнэ. Бид нарын гол үүрэг бол энэ идсэн уусныг нь илчлэх. Энэ сонсголуудаар илчлээд байна. Энэ шүүх байгууллагыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь “нүүрсчид” байна лээ. Хэрэг нь оччихсон 49-ийнхөн байна лээ. Мөнгө нь хахаж цацсан. Нэг нүүрсний тээврийн машин бүр хуучин нь 200 гаруй сая, дундаж нь 350 сая, шинэ нь 420 сая юм байна лээ. 20 тэрбумын машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон байна лээ шүү.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Би баталгаа асуугаад байна Б.Энхбаяр сайд аа. Таны оруулж ирсэн хуулийн төслийг дэмжвэл том хэргүүд шийдэгдэх үү? Салхитын мөнгөний орд дээр гарсан хулгай дээр Мөнхбаяр гэдэг хүн 1.2 тэрбум төгрөгийн авилга авчхаад 27 саяар торгуулжээ. Тиймээс энэ хэргүүд шийдэгдэж чадах уу? Нүүрстэй холбоотой том албан тушаалтнуудын асуудал гарч ирнэ. Үүнийг шийдэж чадах уу? Баталгаа гаргаж өгөөч.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Парламент бол худлаа ярьдаг газар биш. Энд ярьсан зүйлээ хуулийн өмнө, шүүхийн өмнө баталж ярьдаг байх хэрэгтэй. Энд амандаа орсон тоогоо ярьдаг газар биш. Нүүрсний сонсгол Т.Доржханд гишүүн өөрөө гэрчээр оролцох ёстой. Хоёр дахь удаагийн сонсгол дээр. Би түр хорооны даргын хувьд Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудна гэсэн бодолтой байгаа. Холбогдох шинжээчийн дүгнэлт гарч таарна. Энэ 40 их наяд гэдгээ яаж тооцсоноо ярих ёстой. Энд нэг юм ярьчхаад өөрөөс нь асуухаар “Ерөнхийд нь бодчихсон юм” гэж ярьж болохгүй. Хүмүүсийн зориуд нь турхирах гэсэн юм уу? Хуульч нь хуульч шиг, эдийн засагч нь эдийн засагч шиг байх хэрэгтэй.

Эцэст нь энэхүү төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

12 : 15
2023-11-30

"Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдан мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа.
21 аймгаар ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, улс орны 30 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар илэн далангүй ярилцлаа.  
Үг хэлсэн хүмүүсийн дундаж нас 60 байлаа. Нэг үгээр хэлбэл, 30 жилийн өмнө тэд 30 гаруй насны залуучууд байжээ.
30 жилийн тэртээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр улс төрчид, тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж, эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна.
Усны эх булингартай бол адаг булингартай гэдэг. Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг тэд илэрхийлж байна.
Дунджаар 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан нь нийгмийн тэгш бус байдлын суурь болж, өнөөдрийн бухимдал, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болсон гэж дүгнэж байна.
Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авлигачдын өв гэдгийг ч ард иргэд гүнзгий ойлгосон байна.
Авлигажсан тогтолцоо тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлсныг хэлж байна. Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
Гэвч иргэд өөрсдөдөө гэхээсээ үр хүүхдийнхээ амьдрах шинэ 30 жилд илүү санаа зовж байна.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байна.
Нэг үгээр хэлбэл, аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна.
30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.
Өнгөрсөн хугацаанд авлигын олон асуудлыг Засгийн газар үе шаттай гаргаж тавьсан. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна хэмээн надад шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан.
Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ.
Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. 
Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.
 Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн ордон дотор биш, олон нийт ч гярхай олж харсан байна.
Малчны хотонд гаанс нэрэн шинжих нүүдэлчин хөх өвгөдийн гярхай нүд, чонон мэдрэмж, хэрсүү зангаас Та бүхэн удаан бултаж чадахгүй гэдгийг хэлье.
Тэр мэдрэмжүүдийн нийлбэр нийгмийн нэхэл хатуу дүгнэлт болон төлөвшдөг юм шүү.
Энэ л мэдрэмжийг Санжаасүрэнгийн Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж илэрхийлсэн биз ээ.
Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна.
“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд бид ярьдаг. Эдийн засгийн эхний үр дүнг Засгийн газар удаан хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулсан.
Өнгөрсөн хугацаанд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төллөө.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан.
Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.
Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хэвээр байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох шаардлагагүй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байх болно.
Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.
Ерөнхий сайд Пунцагийн Жасрай гуай нэгэн цагт “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлсэн шиг Монгол Улсын эдийн засагт 2012 оны үед байсан эдийн засгийн огцом өсөлт эргэн ирж байгааг олон судлаач хэлж байна. 
Жил гаруйхны өмнө бид хил нээх тухай, улс дампуурахгүй байх тухай ярьдаг байсан бол өнөөдөр бид эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн хүртээмжтэй байх тухай мэтгэлцдэг болжээ.  
Мэдээж эмнэлэгт удаан хэвтсэн хүнийг шууд босгож, хүнд туухайтай дасгал хийлгэж болохгүй шиг эдийн засгийн өсөлт өрхийн түвшинд бүрэн мэдрэгдэхэд тодорхой хугацаа орно.
Өр тавьж улсаа дампууруулаад өнөөдөр өргүй Монгол гэж хэлбэрдэх, шударга ёс ярьчихаад авлигын бүлэглэлийн хоргодох байр болж, тэднээс санхүүжиж байгааг одоо ард иргэд ялгаж салгаж чадна.
Эдийн засгийн макро тэнцвэр бүс нутагт үнэлэгдэж, олон улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дахин эергээр харж эхэлж байна.
Харин бид 2012 оны боломжийг алдсандаа нийгмээрээ дүгнэлт хийх учиртай.
Энэ л агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог сонгон авсан нь худал амлалт, хэт популизмаас Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийг хамгаалахыг хүссэн үйлдэл байсан гэдгийг дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй.

 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна.   
Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.
Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?
Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?
Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?
Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Энэ мэт олон асуудалд ард түмэн эргэлзэж шударга ёсыг шаардаж байна. Ард түмнээс сонгогдож байгуулагдсан төлөөллийн төв байгууллага Парламент энэ асуудлыг ярихгүй бол өөр хаана ярих билээ.
Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй,  шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.
Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд Улсын Их Хурлын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье!
Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

 
Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон эрхэм гишүүд ээ,
 
Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах Засгийн газрын эрхзүйн цогц реформыг дэмжсээр ирсэнд талархаж байна.
Өнгөрсөн хугацаанд:  
·      Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
·      Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох,
·      Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталжээ.
Хаврын чуулганыг “Авлигын эсрэг” хэмээн тодотгож, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танд болон Улсын Их Хурлын гишүүд, парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Энэхүү эрхзүйн цогц шинэчлэл цоо шинэ улс төрийн соёлыг төлөвшүүлэх эхлэл цэг болж чадна гэдэгт итгэл төгс байна.  
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна.
Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна.
Энэ мэтгэлцээн гэм бурууг шүүх биш, харин шүүх байгууллагыг институтийн хувьд төгөлдөржүүлэн бэхжүүлэхэд чиглэгдвэл хүний эрх, авлигын тэмцэл зэрэг олон асуудалд чухал билээ.
2021 оны зургадугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар Авлигын эсрэг тунхаглал гаргасан байдаг.
Тус тунхаглалаар мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.
Мөн системийн авлига, хил дамнасан мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт олон улсын байгууллагууд цогц байдлаар хамтран ажиллах, мөрдөн шалгах, хууль сахиулах, шүүн таслах бүх түвшний байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байдаг.
Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц, түүнээс улбаалсан авлигын асуудал өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэшсэн бүтэц, чадварлаг хүний нөөцийг шаарддаг.
Хар тамхи дагасан авлигын сүлжээ зарим газар эрхзүйт төрөөсөө хүчтэй болж, дотооддоо хэрэг шийдвэрлэх боломжгүй болж, олон улсын эрхзүйн түвшинд өөр улсад хэрэгтэн шилжүүлсэн тохиолдлууд ч олон бий.
Зэвсэглэл тойрсон лобби бүлгүүд, үндэстэн дамнасан улс төрчдийн бүлэглэлүүдийн өмнө олон улсын байгууллагууд тэр чигтээ хүч дутаж байсан ч түүх бий.
Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал.
Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Энэ нь манай авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн гэсэн үг.
Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ.
Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай.  
Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна.
Зөвхөн шүүх засаглал ч биш, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байна.
Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна.
Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай.
Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч  буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.
Мөн Шүүх засаглалын цалин хангамжийн асуудлыг Улсын Их Хурлын аль нэг Байнгын Хороо шийддэг байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин итгэлцүүрийн дагуу засаглалууд өөрсдөө шийдвэрлэдэг байх нь олон улсын жишиг юм.
Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна.
Шүүх, Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ.
Ерөнхий сайдын хувьд шударга ёсны зарчмын байр суурийг илэрхийлж байгаа болохоос аль ч шатны, ямар ч шүүгчтэй тухайлсан асуудлын талаар ярилцаж байгаагүй, цаашид ч тийм үйлдэл гаргахгүй гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлье!
Энэ хуулийг хэлэлцэх явцад шүүн таслах үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаа, цахимжилт, сургалт судалгаа, хүний нөөцийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх зэрэг цогц асуудлыг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эрчимжнэ.  “Шударга ёсны хуулийн илд байна” хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр Таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна.
Танд болон түр хорооны гишүүдэд амжилт хүсье. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашид алдаа гаргахгүйн тулд эрхзүйн, тогтолцооны шийдэл гаргах нь туйлын чухал юм.
Олон жил дуншин гацсан дуулиант хэргүүд ийнхүү шүүхийн шатанд шилжлээ. Өнөөдөр өргөн барьж буй энэхүү хуулийн өөрчлөлт улс төрд томоохон донсолгоо үүсгэж, олон талын шүүмжлэлтэй тулахыг үгүйсгэхгүй ээ.
Системийн авлигын эсрэг тэмцэл аль ч улсад улс төрчдийн чин эрмэлзэл, эр зориг, иргэдийн дэмжлэг, хууль сахиулах болон шүүх засаглалын чадвараас ихээхэн хамаардаг.
Монголд шударга ёсны тэмцэл машинаар бол хүнд араандаа залгаж, усаа халаан уухилсаар уулын оройд нэлээд ойртлоо. Оргил өөд дөхөх тусам замын бартаа нэмэгдэж, хад чулуу ихсэх нь ойлгомжтой. Давж ард нь гарах уу эсвэл уулын бэлд хүч алдан унах уу гэдэг сонголтын өмнө бид удахгүй тулж ирнэ.
Хэрэв “машин” буцаж онхолдвол авлигын эсрэг тэмцэл энэ түвшинд эргэж иртэл нэлээдгүй урт хугацааг туулах байх, магадгүй хэзээ ч эргэж ирэхгүй ч байж мэднэ.
Авлигын гинжээ тасалж чадалгүй, популизмдаа идэгдэж, гадаад өрийн гинжин хэлхээний чөтгөрийн тойрогт 50, 100, 150 жил болсон, одоо ч байгаа дэлхийн олон улсын жишээг бид мэднэ.  
Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь гагцхүү авлигыг ялж, жам ёсны эрүүл эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээс л хамаардаг.
Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Тиймээс бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй.
Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөө хайр юм.


 
Энэ цаг үеийн эрхэм түшээд ээ,
 
Шинэ үеийн удирдагч нартаа хөгжлийн төлөө ажиллах илүү боломжийг үлдээхийн төлөө өнөөдөр эс үйлдэл хийхгүй байхыг уриалж байна.
Тэтгэвэрт гараад ард түмнийхээ дунд инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө өнөөдөр Та бид хамтдаа авлигыг ялах ёстой.
Улс төрчид та бүхнийг үнэн байхыг би уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр, хөшигний ард бас өөр биш. Дотоод итгэл үнэмшилдээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдээсэй гэж хүсэж байна. Энэ цаг үеийн бидний эрхэм үүрэг энэ билээ.

12 : 06
2023-11-30

Ж.Хунаныг ХЭҮК-ын даргаас чөлөөлөв

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ

-УИХ-ын тамгын даргын асуудлыг цөөнхийн гишүүд яс махнаасаа мэдэрсэн. Нэг асуудлыг нь дурдахад, цар тахлын нээлттэй сонсголыг зохион байгуулах гээд УИХ-ын тамгын газрын үйл ажиллагаанаас болоод хийж чадаагүй. Тухайн үед УИХ-ын тамгын газрын хуулийн хэлтэс, байнгын хороо өөр байр суурьтай байгаад цар тахлын үеийн худалдан авалтын нээлттэй сонсголыг хийж чадаагүй. Энэ бол зүгээр нэг шалтгаан. Цаашид хуулийн зохицуулалтуудыг тодорхой болгож, гаргасан санал санаачилгыг хуулийн дагуу явуулж өгөөсэй гэж шинээр томилогдох даргаас хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

Энэ гишүүд бүх Монгол Улсаа төлөөлөөд энэ суудаг. Та ард түмнийхээ амьдралыг хэр мэдэж байна вэ? Намтарыг нь харахад Улаанбаатарын хүүхэд шиг л байна. Хятадад докторын зэргээ хамгаалсан гэнэ. Юугаар хамгаалсан юм бэ?  

Улмаар Хүний эрхийн үндэсний комиссын даргаас Ж.Хунаныг чөлөөлөхийг дэмжиж, баталлаа. 

11 : 39
2023-11-30

"Засгийнхаа олон алдаатай асуудал дээр ХЭҮК дуугараагүй"

Барилга хот, байгуулалтын сайд Ц.ДАВААСҮРЭН

Энэ бол зөв алхам гэж бодож байна. Хэдхэн хоногийн өмнө ХЭҮК-тэй холбоотой УИХ-ын дарга тодорхой сануулга өгөөд хариуцлага тооцож байгаа нь сайн. Гэхдээ нэг зүйл сануулъя. Эдгээр хүмүүсийг томилоход УИХ-ын гишүүд юу гэж байлаа. Хамгийн нээлттэй, шударга замаар томилж байна гэсэн. Гялалзуулна л гэж бодсон. Гэтэл үр дагавар нь байдгаараа бүр дор. Хүн барьж хориод байгаа асуудлаар хянаж, шалгаач гэж хүсэлт тавьсан. Гэтэл 2-3 сарын дараа хэлж байгаа юм. Би тэр хүнийг хэлмэгдүүлж байгаа бол шийдээд өгөөч гэж байхад хэдэн сарын дараа хариу өгч байна. Хүний эрхийн асуудал Монголд туйлын дор болчихсон. ХЭҮК бол нэр төдий. Тиймээс дараагийн дарга, бүрэлдэхүүнийг нь сонгохдоо гоё ганган арга хэрэглэх юм уу? Ямар ч байсан аятайхан хүн оруулж ирээрэй. Хүний эрхийн төлөө зогсдог, хатуу хүн орж ирээсэй. Автобусны хэргээр УИХ-ын гишүүн байсан н.Батбаяр гэдэг хүнийг хорилоо. Тэр хүн 2008 оноос өмнө л тэр ажлыг хийсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэвэл хүн амины хэрэг юм болов уу? 16 жилийн дараа барьж байна. Хуулийн байгууллагууд үзэмжээрээ хуулийн тайлбарлаж, хандаж байна. Зүгээр л жишээ авч байна. Хуулийн хяналтын байгууллага, хүний эрх дээр УИХ анхаарах хэрэгтэй. Тиймээс ХЭҮК бол УИХ-ын харьяа. Үндэслэлгүй барьж хорьдог асуудлыг шийдэх хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг зүйл байхгүй болчихлоо. ХЭҮК тэдний төлөө явахгүй байна.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ

-Өнөөдөр чухал асуудал хэлэлцэж байна. Өргөдлөө өгсөн хүн өөрөө алга. Яагаад өргөдлөө өгсөн бэ гэдэг нь чухал. ХЭҮК-ын гишүүдийг УИХ томилоод Засгийн газар хяналт тавих ёстой. Харамсалтай нь Засгийн газрын захиалгатай хүмүүсийг УИХ томилдог учир хүний эрхийг хамгаалах ажил явахгүй байгаа юм. Олон улсын жишигт цөөнх хүний эрхийн комиссаруудыг санал болгодог, томилдог, эрх баригчид хяналтаа тавьдаг. Гэтэл зарчим нь алдагдчихсан. Тиймээс намын даргын даалгаврыг л биелүүлэх байх. Тиймээс л тэр хүн ажлаа өгч байгаа байх. Улс төрийн дарамт, шахалтыг дийлэхгүй ажлаа өгч байгаа байх. Засгийнхаа олон алдаатай асуудал дээр ХЭҮК дуугараагүй. Магадгүй энэ даргыг чимээгүй болгосон байх. Засгийн газар нь хүний эрхийн комиссын гаргасан илтгэлийг биелүүлдэг бус дарга нараар нь өөрсдийгөө өмгөөлүүлдэг учир энэ хүн ажлаа өгч байгаа гэж бодож байна. Энэ хүн комиссын гишүүнээр үлдэх байх. Засгийн газрынхаа үгийг өмгөөлөөд суух байх. Өнөөдөр ирсэн бол яагаад гэх асуултын хариултыг авах байлаа. Харамсалтай нь ирсэнгүй.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Ажлаа өгч байгаад нь харамсалтай байна. Ажлаа хийх ёстой газар нь ажлаа хийхгүй болохоор ХЭҮК ажлаа хийхгүй байгаа мэт харагдаж байна. Гэтэл ХЭҮК-ын үндсэн чиг үүрэг нь хаана хүний эрх зөрчигдөж байна тийшээ хүний эрх зөрчигдөж байна гэж санал, зөвлөмжийг хүргүүлэх. УИХ-д ХЭҮК-оос өөрсдийнхөө илтгэлийг хангалттай, зөв, бодитой өгсөн. Үүнийг манай гишүүд уншаагүй байх. Шаардлагатай хуулиудаа баталж чадсан. Гэтэл хүний эрхийн зөрчилтэй байгаа байгууллагууд хариуцлага тооцохгүй байна. Хүүхэд, цэрэгтэй холбоотой зөндөө зөрчил гарлаа. Хэнд хариуцлага тооцсон юм бэ? Зөвлөмжийг дагаж биелүүлдэггүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна. Бүх салбарт хүний эрх зөрчигдөж байна. ХЭҮК-ын зүгээс шүүхийн шийдвэргүй баривчилж байна гэдгийг нарийн судалгаагаар гаргаад өгчихсөн. Энэ байгууллага зөвлөмж гаргах л чиг үүрэгтэй. Түүнээс бус хариуцлага тооцох функц байхгүй. Нэг алдаа байгаа нь нийгэм рүү гараад Засгийн газар, хүний эрх зөрчсөн байгууллагыг зоригтой шүүмжилж чадахгүй байгаа  учраас хүмүүст ажлаа хийхгүй байгаа мэт харагдаж байгаа. Зоригтой дуугараад, зоригтой бай гэж би хэлсэн. Энэ тал дээрээ дутуу ажиллаж байна. Тал талын дарамт байдаг л байх.

11 : 06
2023-11-30

Ж.Хунаныг ХЭҮК-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунаныг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ж.Хунан нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн юм байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хүсэлтийг хэлэлцээд дэмжжээ. 

 

10 : 39
2023-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Эрүүл мэндийн датгалын шимтгэлийг иргэн аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжих чийрэгжих зорилгоор төлдөг.  Энэ ч агуулгаар фитнесс, иогоор хичээллэх юм бол ЭМД-ын шимтгэлээс нь багахан хувийг төлдөг байх зохицуулалт оруулж өгсөн ч ковидыг дагаж орж ирсэн хуулиар хаасан. Энийг өөрчлөх талд байнгын хороо анхаарах шаардлага байна. Дэлхийн бусад улс орнууд иргэдээ өдөрт 10 мянга алхалт хийх юм бол бонус олгодог болж. Гэтэл бид ухраад байх юм.

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд таны яриад байгаа заалт байсан. Гурван жилийн өмнө хассан юм билээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд таны саналыг тусгахыг хичээж байна.

Дэлхийн улс орнууд нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээндээ санхүүжилтийнхээ 50-иас дээш хувийг өгдөг. Манайх 19 хувийг өгдөг. Үүнд анхаарал хандуулах ёстой. Нйигмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдвал эрүүл амьдралын хэв маяг байх юм. Нийтийн бие тамирын асуудал, идэвхтэй амдралыг дэмжих асуудал энэ бүгдийг тусгаж өгнө.

Бид Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар авах төлөвлөгөө батална.  Ирэх оны төсөвт 5 тэрбум төгрөг тусгасан. Иргэдийг зөв амьдралын хэв маягт хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнд хэвшүүлэх зэрэг чиглэлийн ажил хийнэ.

Барилга хот, байгуулалтын сайд Ц.ДАВААСҮРЭН:

-Монголд эмчлэх боломжгүй өвчнийг асар өндөр өртөгтэй, орлого багатай иргэдэд маш хүнд байдаг. Зардлын тодорхой хувийг төрөөс гаргаад өгөхөөр хүний алтан амийг аварна. Том хүн 20 хувь гэж байгааг 30 хувь болговол яасан юм бэ.

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Дотоодод оношилж эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Гадаадад явж эмчлүүлэхэд төлбөр зардлынх нь 5 хан хувийг өгдөг.  Тийм учраас зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн тохиолдолд хүүхдэд эмчилгээний төлбөрийнх нь 50 хувийг, насанд хүрэгчдэд 20 хувийг нь олгохоор энэхүү хуулиар зохицуулж байгаа.

Төсвийг нь жилд 500 саяар баталж ирсэн. Ирэх жилийнхийг нэг тэрбум болгосон. Мөн бусад санхүүжилтийг нэмэгдүүлээд нийт 11 тэрбумын хүрээнд гадаадад эмчилгээнд явах хүмүүст зарцуулна. Журмыг Засгийн газар батална. Насанд хүрэгчдэд 20 хувь байх уу, 30 хувь байх уу гэдгийг Засгийн газрын хуралдаанаар тооцоо хийж байгаад шийдэж болно.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргаас Ж.Хунаныг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

08 : 04
2023-11-30

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон тул орны хүнийг томилох шаардлага үүссэн. Энэ хүрээнд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Энхбатыг тус албан тушаалд санал болгоод буй.

Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил УИХ-ын Тамгын  газарт ажиллаж буй.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах жагсаалтаас харна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.184.25

ХЭҮК гэж шоронгийн хоригдлын эрхээс өөр юм ярьдаггүй, мэддэггүй байгууллага. Хайрцагнаасаа давж, контороосоо гарч ажилламаар байна. Эхний ээлжинд нээлттэй утас бий болгож түүгээрээ ирсэн бүх төрлийн хүний эрх зөрчигдсөн асуудал дээр ажиллахаас л эхлэнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.115.240

Сүнжид чадахгүй ээ гэдгийг баталгаатай хэлье дээ. Наадах чинь судлаач л болохоос удирдагч юм уу бодлого боловсруулагч биш юм л даа. Улсад маань хүний нөөц алга болж дээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

Харуулах боломжгүй.

Avatar

Урам хугарсан 2023-11-30 192.82.92.204

Данх дүүрэн авилгач агуулж байж өөрөө дэлбэрэх бийдээ??? Самарсайхан, Амарбаясгалан, Хүрэлбаатар, Жавхлан, Болорчулуун, Даваасүрэн гээд данханд багтсан хулгарууд байнш дээ яг дэргэд чин, даанч Элбэгээ шиг худлаа ааж хэлэхээс цаашгүй юмдаа, урам хугарсан.

Avatar

Урам хугарсан 2023-11-30 192.82.92.204

Данх дүүрэн авилгач агуулж байж өөрөө дэлбэрэх бийдээ??? Самарсайхан, Амарбаясгалан, Хүрэлбаатар, Жавхлан, Болорчулуун, Даваасүрэн гээд данханд багтсан хулгарууд байнш дээ яг дэргэд чин, даанч Элбэгээ шиг хэлэхээс цаашгүй юмдаа, урам хугарсан.

Avatar

Баяраа 2023-11-30 59.153.115.12

Тагнуул АТГ, Цагдаагийн дарга нар өөрсдөө авилгалчид ш дээ

Avatar

Иргэн 2023-11-30 66.181.179.186

Ерөнхий сайд Оюунэрдэнийн хэлсэн үг сэтгэлд тун нийцэв.

Avatar

зочин 2023-11-30 66.181.178.47

ХЭҮК-ын даргаар томилох гээд байгаа эмэгтэй бараг тэтгэвэрт гарах дөхсөн эмэгтэй бна дөө.
Болно доо иймэрхүү настай эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гарахаас нь өмнө дарга болгочих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.9.90.100

яаж ийм аймшигтайгаар хүнийг хэлж чаддаг байна. Энэ хүний чигчийд нь хүрэх болов уу гэж бодож үзээсэй

Avatar

Нэргүй 2023-11-30 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-30 192.82.66.101

alert('Hello news');

Avatar

Нэргүй 2023-11-30 192.82.66.101

alert('Hello news')

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.115.240

Хүний эрхийг комисс гэгчийг барууны шахалтаар байгуулсан байх. Татан буулгах хэрэгтэй. Өөр хэлбэрийн байгууллагаа өөрсдөө байгуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-30 43.228.129.131

Энэ хуулийг эсэргүүцэх асар их мөнгөтэй, ашиг сонирхол нь хөндөгдөх нийгмийн бүлэг давхарга аль хэдийн бий болсон байгаа, тэд бараг дийлдэхгүй дээ, одоо байгаа шүүхийн тогтолцоогоор хэрэгээ янзлуулах арвин их туршлагатай, танил талтай, карманы хүнтэй, холбоо сүлбээтэй болсон байдаг юм, тийм сайхан юмнаасаа зүгээр дуугүй салчихгүй л дээ.

Avatar

Эмээ 2023-11-30 202.21.107.7

Оюун эрдэнэ хүү ажил үйлс нь бүтэж эрүүл энх байхыг тэнгэр бурхнаас мөргөж гуйя. Би зүс үзээгүй ч гэсэн хмйө өуй үйл хэргийнх нь зөвд итгэж явдаг хөгшин

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SHAALGI ERD80955877SEKSR

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.132

Авилгалын эсрэг нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа бүгдээрээ дэмжиж хийж байгаа бас төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд нь ядаж сэтгэлийн дэм өгч байя. Ул сорон минь тэр олон зээлийг төлж өргүй болж байгаа нь яамай даа.хэрүүл тэмцэлгүй, ард иргэд нь боломжийн сайхан амьдралтай хөгжин цэцэглэж байгаа Монгол улсын төлөө бүгдээрээ нам харгалзахгүйгээр нэгдэх цаг нь болжээ. нам болж талцан хоорондоо хэрэлдэхээ больцгооё

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYRAA XNGNA ZYGAATSI 80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

44DESH DYR ODOOGCH XUNTEI80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

XALYYXN MASSAJLI SEXSYG80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 203.98.76.4

100 ӨНГӨРЛӨӨ МОНГОЛ ЯГ ӨНӨӨӨДРИЙХ ШИГЭЭ ЗУТРААД БАЙЖ БНА

Avatar

Нэргүй 2023-11-30 103.145.234.100

Хэн нэгнийг, өнгөрсөнийг буруутгахаас өөр энэ хүн юу хийж байна вэ? 2050 гэж баахан мөрөөдлийн жагсаалт гаргалаа гээд юу сайжрах вэ? Энэ ядарсан улсыг, ард түмнийг өөд татах ямар нийгмийн реформ, шинэчилэл хийсэн бэ?

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYYDLGN SEKSY XALYYTSX SERELTEI ERD80955877ERTE

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SEKSEER TAICHI80955877

Avatar

Зочин 2023-11-30 124.158.68.67

Баярлалаа🌹 Том амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж