“Би хүүгээ эрүүл саруул сайхан эр хүн болоосой гэж цэрэгт явуулснаас эрэмдэг зэрэмдэг хүн болгохыг хүсээгүй” хэмээн ярих эмэгтэйг Д.Эрдэнээ гэдэг. Тэрбээр цэргийн албанд татагдсан хүүгийнхээ тангаргийн баярыг үзэхээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас 1000 км замыг туулан хотод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ирэхэд хүү нь байсангүй. Учрыг нь лавлахад цэргийн ангийн дарга, цэрэг нь “Эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар Цэргийн төв эмнэлэг рүү явсан” гэдэг хариулт өгчээ. Тэр дагуу Цэргийн төв эмнэлэг рүү холбогдоход “Манай эмнэлэгт 120 дугаар ангийн цэргүүд үзлэгт ороогүй” гэх хариулт сонссоноор асуудал үүсч, хүүгээ зодуулж, бас сонсголгүй болсныг нь мэдсэн байна. Инээгээд цэрэгт мордсон хүүгээ насан туршдаа сонсголгүй болох вий гэхээс сэтгэл эмзэглэж байгаагаа тэрбээр ярьсан. Ингээд түүний яриаг хүргэе.
-Таны хүүг зодож, чихнийх нь хэнгэрэгийг хагалчихаад ар гэрт нь огт мэдэгдээгүй гэсэн. Та холбогдох дарга нараас нь асууж үзсэн үү. Энгийн хувцас өмсгөөд эмнэлэгт үзүүлсэн гэдэг өөрөө нуун дарагдуулсан гэж үг биз дээ?
-Тэгсэн. Миний хүүг шууд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж, хэвтүүлэлгүй, хувийн эмнэлгээр үзүүлээд явж байгаагаа биднээс нуусан. Тэгэхдээ энгийн хувцас өмсгөж, “Дүүгээ үзүүлэх гэсэн юм” гэж дагуулж явсан байна лээ. Ар гэрийнхэн нь гомдол гаргаснаар цэргийн ангийн ахлагч, эмчтэй нь Цэргийн төв эмнэлэгт ирж хэвтүүлсэн.
Дараа дараагийн асуудлыг надтай ярих байлгүй дээ гэж горьдож сууна. Тэгсэн эмнэлэгт хүргэж өгсөн ахлагчийн утас нь одоо холбогдохоо байсан.
Сүүүлд хоёр, гурав залгаад утсаа аваагүй. Харин штабын даргатай нь холбогдоход “Хэрэг хийсэн эзэнтэй нь ярь” гээд огт авч хэлэлцэхгүй байсан.
-Хүүг нь ямар шалтгаанаар, хэн зодсон юм бэ?
-Би хүүгээ эрүүл саруул эр цэрэг болоосой гэж цэрэгт явуулсан болохоос эрэмдэг зэрэмдэг хүн болоорой гэж цэрэгт явуулаагүй. Миний хүүг цэргийн ангийн ахлагч нь бие засах газар удсан гэдэг шалтгаанаар зодсон гэсэн. Хүү минь эсэргүүцэж, зодоон цохион хийгээгүй гэсэн.
Хүний чихний хэнгэрэг хагалчихаад "Хоёрхон алгадсан" гэдэг тайлбарыг хэлж байна лээ.
Хэрвээ тангаргийн баяр нь болоогүй байсан бол хүү минь эрүүл мэндээрээ дахин яаж хохирохыг хэлж мэдэхгүй байна.
-Та хүүгээ ийм болсныг тангаргийн баярыг нь үзэхээр ирэхдээ л мэдсэн үү?
-Миний хүү Баянхонгор аймгаас хотод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаахаар татагдан ирсэн. Хүү минь цэргийн алба хаахаар баяртайгаар явсан. Тэгээд тангаргийн баяраар нь хүүтэйгээ уулзахаар цэргийн анги дээр очиход хүү маань байгаагүй. Би нутгийнхаа улсуудтай 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд хотод ирсэн. Надтай хамт ирсэн хүмүүс хүүтэйгээ уулзаж байхад миний хүү анги дээрээ байгаагүй. Цэргийн ангийн дарга нараас нь асуухад "Найман цэрэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар Цэргийн төв эмнэлэг явсан" гэдэг хариултыг өгсөн.
Эх хүний зөн совингоор энэ талаар хүмүүсээс асууж лавлатал хүү маань Цэргийн төв эмнэлэгт үзүүлээгүй байсныг олж мэдсэн.
Учрыг нь хөөцөлдөн байж мэдтэл хүүг минь зодож, чихнийх нь хэнгэргийг цоолсон байсан. Би хөдөөнөөс ирсэн хүн учраас хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Би одоо бүтэн нойртой хонож чадахгүй, сэтгэл санаа ч тогтворгүй байна. Би эх орноо хамгаалах сайхан эр цэрэг болгоосой гэж хүссэн болохоос эрүүл мэндээрээ хохироосой гэж явуулаагүй. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн эмчид үзүүлж байгаад хувийн эмнэлгээр миний хүүг ар гэрт нь мэдэгдэхгүйгээр авч явсан байсан.
-Цэргийн ангийн удирдлагууд нь тантай уулзсан уу. Ар гэрт нь мэдэгдээгүй шалтгаанаа юу гэж тайлбарласан бол?
-Бидэнд яагаад мэдэгдээгүй юм бэ гэхэд "Таны хүү ээж минь санаа зовно. Битгий хэлээрэй гэсэн" гэж хүүгийн нэр барьсан тайлбар хэлсэн. Би маш их гомдолтой байна. Бид Батлан хамгаалах яаманд энэ талаар өргөдөл гомдлоо өгсөн. Хариу өгөх эсэх нь эргэлзээтэй байна.
Цэргийн анги дээр нь очихоор цэргийн ар гэрийн амьдрал, эрүүл мэндийг бодож байгаа юм алга.
Нэг хувийн эмнэлэгт үзүүлсэн чихний сонсгол нь 40 хувиар буурсан яаралтай хагалгаанд ороорой гэсэн. Хүүгээ харахаар л сэтгэл их эмзэглэж байна. Яах гэж цэргийн албанд явуулав даа гэж харамсч сууна.
-Хүү нь одоо хэдэн настай вэ. Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт бүрэн тэнцсэн үү?
-Миний хүү Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж байсан. Цар тахал гээд их сургуулиа төгсч чадаагүй. Их сургуульд өмнө нь суралцаж байсан учраас насандаа цэрэгт татагдаж чадаагүй. Одоо 22 настай. Биеийн тамираар хичээллэдэг, эрүүл саруул хүү байсан. Цэрэг татлагын эмчийн үзлэгт бүрэн тэнцээд явсан.
Дээрээ нэг ах, эгчтэй. Хар багаасаа ааваасаа өнчирсөн, ээждээ хань түшиг нь болдог айлын бага хүү маань юм.
-Хүүгээ цэргийн албаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн үү?
-Миний хүүгийн тангаргийн баяр нь болох гэж байхад эмнэлэгт хэвтэх үү, тангаргийн баяртаа оролцох уу гэж асуусан. Тэгээд Цэргийн төв эмнэлэгт хэвтэхээр болсон чинь хэнгэрэг нөхөх хагалгаа хийхэд 5-6 сарын дараа хийх хэрэгтэй гэдэг юм ярьсан. Цэргийн албаас чөлөөлөх асуудлыг огт яриагүй. Эхлээд хүүгээ эрүүл саруул болгомоор байна. Надтай энэ талаар ярилцсан дарга цэрэг ч алга. Цэргийн албанд яваад чихний хэнгэрэг хагарч л байдаг шүү дээ гэсэн үл тоомсорлосон хандлага гаргаж байна.
Би үнэхээр их гомдолтой байна. Миний хүү цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт бүрэн тэнцэж, явсан.
Одоо би хүүгээ эрүүл саруул болгомоор байна. Би гурав дахь эмнэлэгт нь үзэж харуулмаар байна. Одоо чих нь шуугиад, ярьж чадахгүй хэцүү байгаа. Чих рүү цохиулсан гэдгээс өөр ямар гэмтэл бэртэлтэй байхыг хэлж мэдэхгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР
Холбоотой мэдээ