Уг нь АН өдийд Ардын намын авлига, хулгай, луйврыг илчилж, “арьсыг нь хуулж” байхгүй юу. Төмөр замын авлига, төрийн сангуудын дээрэм, нүүрсний хулгай, нийтийн тээврийн луйвар гээд АН-д акц хийх бэлээхэн сэдэв бас баримт нь байсаар байтал юугаа ч хүлээсэн юм, хэнээс ч айсан юм. Улс төрийн хувьд унтаадуу, МАН-ын уураа гаргадаг мешок нь хэвээр. Эрх баригчид хүссэн цагтаа сөрөг хүчнийхээ хүссэн хүнийг барьж аваачаад баривчилж байна. “Ахаа намайг бодоорой” гэсэн Ардчилсан намын гишүүд Ардын намын дарга нарын үүдийг сахиад сууж байна. Ардын нам нь БЭТ-өө Ардчилсан намын генсек болгочихож байна.
Атал АН-ынхан нь манай генсек МАН-тай хэл амаа сайн ололцоно гээд магтан матаад сууж байдаг. Зүй нь АН-д МАН-тай хэл ам ойлголцдог хүн биш үнэт зүйл, үзэл баримтлалтай өөрийн толгойтой генсек хэрэгтэй байв. Тэр тусмаа сэм үгсэж, нам хуйвалдах гээгүй юм бол АН-д МАН-тай, МАН-д АН-тай хэл ам ойлголцох хэрэг юу. "Хэлмэрч” бүр ч хэрэггүй.
АРДЧИЛСАН НАМ МАН-ЫН ХӨТӨЛГӨӨ МОРЬ БОЛОХ УУ!
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёрдугаар хүн. Хэдийгээр Э.Одбаярыг түр үүрэг гүйцэтгэгчээр тавьсан гэж байгаа нь тэрбээр АН-ыг сонгуульд удирдан орох нь тодорхой болов. Мэдээж, хэнийгээ дарга, хэнийгээ цэрэг болгох нь АН-ын дотоод асуудал. Л.Гантөмөрийн эрх мэдлийн хүрээнд хэнийгээ "гал тогооны" хүн болгох нь түүний шийдэх хэрэг. Гэхдээ АН-ын хувь заяаг хэн атгаж, хааш нь чиглүүлэхээс Монголын ардчилал хамаарна. Энэ утгаараа Э.Одбаяр ардчиллын манаач, аль эсвэл Ардын намын хүүхэлдэй төдий байх эсэх нь үнэт зүйлээс нь хамаарна. Одоогоор Э.Одбаяр олон нийтэд хувь хүн талаасаа танигдаагүй, улстөрч талаасаа бүр “битүү морь”. Улс төрийн хүрээндээ ч Ардчилсан намдаа ч бүрэн танигдаагүй хүнээр сонгууль удирдуулахаар болсон нь АН-ын хувьд бооцоот тоглоомд азаа үзэж байгаатай адилхан гэсэн үг.
Үүний өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-нд нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын сунгаа болж, нэгэн үеийн гурван залуу өрсөлдсөнөөс Т.Батцогт олонхын дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан. Гэхдээ түүнийг АН дахь Женко фракцийн хүн болохыг АН-ынхан өөрсдөө ч шүүмжилж байна, хүлээн зөвшөөрч байна. "Тэр Женкогийн мөнгөөр ялалт байгуулчихлаа…" гээд.
Өнгөрсөн хавар Л.Гантөмөр албан ёсоор нэрийг нь УДШ бүртгэн авч, Х.Баттулгын талаас тамгаа, С.Эрдэнээс гэрчилгээгээ авснаас хойш намаа бүтэн болгоход анхаарч ирсэн. Олон толгойтой болсон, олон фракциудынхаа арга эвийг олж, АН-ыг ахиад хуваачихгүйхэн шиг ажиллаж байгаа. Гэхдээ МАН-ынхан Женко.Баттулгыг улс төрөөс явуулсан ч АН-ынхан түүнээс алхам холдсонгүй. Иймээс л АН-ын нэг, хоёр, гуравдугаар хүний томилгоог Женко.Баттулга хийлээ гэсэн яриа АН-аас сонсогдож байна. Хэрэвзээ, энэ үнэн бол АН ирэх сонгуульд ахиад гудамжиндаа үлдэнэ гэсэн үг. Төмөр зам, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд нийгэм донсолгосон хулгай луйврын эзэн гэж МАН-ынхан дандаа Х.Баттулгыг зааж байгаа. Энэнээс илүү муу мэдээ нь тэр хэрэвзээ Москвагийн төсөл мөн бол Монголын ардчилалд аюул авчирна. Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Х.Баттулга Монголын Шанхайн ломбардад тавьж, цаазын ялыг сэргээхийг хүсч байсан хүн шүү дээ.
Гэвч Женко.Баттулга Монголын улс төрөөс, АН-аас тийм ч амархан зайлаад өгөхгүй нь тодорхой. АН бол түүний хувьд албан тушаалд очих гишгүүр нь. Иймээс АН-ын томилгоо болгоныг Х.Баттулга мөнгөөр зодож авч байна. Найман жил гудамжинд явсан АН-ыг нүүрсний болон төмөр замын хулгайн мөнгөөрөө худалдан авч байгаа гэдэг үнэн ч байж мэднэ. АН-д Х.Баттулгаас өөр баавартай бас мөнгөтэй хүн хэн, хаана байна.
ХҮН-ий ХҮСЭЛ
МАН-ын засагласан найман жил Монголд хүчтэй сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй байгааг хэн хүнгүй ярьж байна. Хүчтэй сөрөг хүчин гэж эрх баригчидтай гар барихаас илүү тэдэнд хяналт тавьж чадах хүчтэй улс төрийн намыг хэлнэ. Харамсалтай нь, АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх нь бүү хэл тэднийг эрх баригчид үнэндээ "гөлөөг" ч гэж тоож байгаагүй. Тиймээс МАН-ын үеийн хулгай, луйврын хэмжээний дүн 40 их наядаар тоологдох болсон юм.
Үндсэндээ улаан, хөх, ягаан өнгөнөөс өөр үнэт зүйлийн, үзэл баримтлалын ялгарал Монголын улс төрийн намуудад байхгүй болоод удаж байна. Иймээс олон нийт ирэх сонгуулиар хүчтэй сөрөг хүчнийг хүсэмжлэх болсон юм.
Өнгөрсөн хаврын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог 126 болгож, үүний 48-ыг нь жагсаалтаар, 78-ыг нь тойргоос сонгохоор хуульчилсан. Үр дүнд нь хамтарсан засаг байгуулна гэсэн таамаглал, хүлээлт улс төрийн намуудад бий болсон.
Тэгвэл зүүн төвийн үзэл баримтлалаа баруунаар сольж, Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ ХҮН болгон өөрчилсөн Т.Доржхандын нам өнөөдрийн парламентад ганцхан суудалтай. Үүнийгээ нэмэгдүүлж, наанадаж бүлэг байгуулах хэмжээний, цаанадаж засагт хамтрах суудал авах сонирхол ХҮН-д бий. Үүний төлөө л өнгөрсөн найман жил МАН-ын захиалсан болгоныг гүйцэлдүүлж ирсэн биз.
Тиймээс ирэх сонгуулийн дүнгээр хамтарсан засаг байгуулах асуудал яригдах дээрээ тулбал МАН-тай хамгийн их ойлголцох нь Э.Одбаяраас илүү Т.Доржханд байх болов уу. ХҮН намыг МАН-ын охин “компани”, Т.Доржхандыг Д.Амарбаясгалангийн ХҮН гэлцдэг нь ховын үг биш байх.
Үндсэндээ, ирэх 2024 оны сонгуульд АН ялсан ч, МАН ялсан ч аль, алиных нь хамтарсан засагтаа урих нам нь ХҮН байх магадлал илүү өндөр. 2012 оны сонгуульд АН ялалт байгуулахдаа Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан засаг байгуулсан. Мэдээж, гурван намын хамтарсан засаг байгуулахгүй нь ойлгомжтой.
Тиймээс эрх баригч МАН байсхийгээд л АН-ыг барьж авч зодох бүрт ард нь ХҮН алгаа ташаад сууж байна. Үнэнийг хэлэхэд АН муу, МАН муухай байх нь ХҮН рейтингт хэрэгтэй. ХҮН намын хувьд АН-аас илүү санал авахгүй гэх газаргүй. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх нэгд, ХҮН намын нэр дэвшигч Д.Энхбат хоёрт, АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ арай гэж цагаан хуудасны өмнө орсон гэвэл ХҮН-д АН-аас илүү шаанс бий. Гагцхүү хэр мэдрэмжтэй тоглох, хэнийг нэр дэвшүүлэхээс хамаарах байх. Ядаж байхад сүүлийн үеийн томоохон хулгай, луйврууд бүгд АН, МАН-ынханд очиж наалдах болсон. Нүүрсний хулгайн гол сэжигтнүүд гэхэд АН, МАН-ынхан. Тиймээс иргэд нэр цэвэр улс төрийн хүчин сонгоно гэвэл ХҮН-ийг дугуйлж магадгүй юм. Гэхдээ цаанаа бол ХҮН чинь МАН-ын ХҮН шүү дээ.
Холбоотой мэдээ