Авлигын тусгай шүүхтэй улс орнууд

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Авлигын тусгай шүүхтэй улс орнууд

Авлигын тусгай шүүхтэй улс орнууд

Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах эсэх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Одоогийн шүүхийн тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй гэж зарим гишүүн үзсэн бол зарим нь авлигын хэргийг шүүх шүүгчийг нь авлигадахгүй гэх баталгаа байна уу гэдэг асуудлыг дэвшүүлсэн юм.

Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго аж.

Харин гадаадын улс орнуудад тусгайлан авлигын хэргээр дагнасан шүүх байдаг эсэхийг Норвегийн Авлигатай тэмцэх “U4” төв нэгтгэжээ.

Тус төв нь аливаа улс орны хөгжилд авлига хэрхэн заналхийлдэгийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд судалсан байна. Мөн дэлхийн судалгааны байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран шинэ тутам гарч ирж буй сэдвүүдийг судалж, авлигын эсрэг ойлголтыг ахиулдаг.

“U4” төвөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд нэгтгэсэнээр 27 улсад авлигатай тэмцэх тусгай шүүх байна. Ийм тусгай шүүхийн байгууллагатай улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг мөн онцолжээ. 27 улсыг нэрлэвэл, Албани, Бангладеш, Ботсвани, Бурунди, Камерун, Хорват, Индонези, Кени, Мадагаскар, Малайз, Монтенегро, Хойд Македон, Балба, Пакистан, Палестин, Филиппин, Сенегал, Серби, Сьерра-Леоне, Словени, Шри Ланка, Танзани, Тайланд, Уганда, Украин, Зимбабве байна.

Он цагийн дарааллын хувьд Филиппин улс хамгийн эрт буюу 1979 онд авлигын шүүхтэй болжээ. 1973 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу тус улс авлигын шүүхээ байгуулсан. 1978 оны зургадугаар сарын 11-нд ерөнхийлөгч Фердинанд Маркосын 1486 тоот зарлигаар Сандиганбаяан гэх уг шүүхийг байгуулжээ. Улмаар ерөнхийлөгчийн 1606 тоот зарлигаар авлигын шүүхийг давж заалдах шатны шүүх болгосон байна.

Үүнээс даруй 20 жилийн дараа 1999 онд Пакистанд авлигын шүүхтэй болсон. Пакистаны авлигатай тэмцэх шүүхүүд нь Хариуцлагын шүүхийн хэд хэдэн хэлбэрээр оршин тогтдог.

Индонезийн Авлигын гэмт хэргийн тусгай шүүх Авлигыг устгах хорооны дэргэд 2002 онд байгуулагджээ. Яг одоогийн шүүх нь Авлигын гэмт хэргийн шүүхийн дэргэд 2009 онд байгуулагдсан байна.

Балбад мөн 2002 онд авлигын тусгай шүүх байгуулагдсан.

Кени улс 2003 онд Авлигатай тэмцэх, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоотой болжээ.

Бангладешийн Авлигатай тэмцэх хорооны тухай хуулиар 2004 онд Авлигатай тэмцэх хороо болон авлигатай тэмцэх шүүхийн тогтолцоог бий болгосон.

Бурунди улсад 2006 онд авлигын эсрэг шүүхийг байгуулав.

Монтенегрод 2015 оны гуравдугаар сард Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, терроризм, дайны гэмт хэргийг Дээд шүүхийн Тусгай хэлтэст хамааруулах болсон. Дээд шүүхийн Тусгай хэлтэс нь шинэчлэгдэхээс өмнө тус улсын зүүн хойд хэсгийн Бижело Полье хотын Дээд шүүхийн тусгай хэлтэстэй зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг байв. Хоёр хэлтэс 2008 онд байгуулагдсан. Улмаар Бижело Полже дахь тусгай хэлтэс 2015 онд татан буугдсан. Тэгэхээр анхны үүслийг нь 2008 он гэж үзэж байна.

Хойд Македонын хувьд Шүүхийн тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтийн 2 дугаар зүйлд үндэслэн авлигын тусгай шүүхийг байгуулжээ.

Хорватад авлигын эсрэг шүүхтэй болж байгаагаа 2008 онд анх зарласан ч Шүүхийн тухай хууль нь 2010 онд батлагдсан.

Угандагийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Дээд шүүхийн захиргааны нэг хэсэг болгон 2008 онд Авлигатай тэмцэх хэлтсийг үүсгэн байгуулсан. Тус улсын хуульд зааснаар ерөнхий шүүгч нь шүүхийг зөв, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах тушаал, зааврыг гаргаж болдог аж.

Цаашлаад Словенид 2009, Палестинд 2010 онд авлигын тусгай шүүх байгуулагдав.

Серби улсад Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын тухай хууль гэж байсан. Уг хуульд 2009 онд нэмэлт өөрчлөлт орсноор 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүд байгуулагджээ.

Камеруны Үндэсний ассамблей 2011 онд Эрүүгийн хэргийн тусгай шүүхийг байгуулсан.

Тэгвэл Малайз улсад 2011, Болгарт 2012,  Сенегалд 2012, Ботсванид 2013, Танзанид 2016 онд, Тайландад 2016, Мадагаскарт 2016, Шри Ланкад 2018, Украинд 2018, Албанид 2019, Сьерра-Леонед 2019 онд тус тус Авлигын тусгай шүүх байгуулагджээ.

Харин хамгийн сүүлийн байдлаар Зимбабвед 2020 онд Авлигын тусгай шүүх байгуулагдсан байна.

Эх сурвалж: The U4 Anti-Corruption Resource Centre

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж