Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хотод байрлах 45 үйлдвэр, орон нутагт байрлах хялгас ялгах таван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, судалгаа, мэдээлэл авч, үнэлэлт дүгнэлт өгч ажиллав.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэг нар тус тус ахалж, ажлын хэсэгт Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын ноос, ноолуурын холбоо, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Монгол Солонгосын политехникийн коллеж зэрэг байгууллагуудын төлөөлөл гурван багт хуваагдан үйлдвэрүүдэд ажиллалаа.
Ажлын хэсгийн судалгааны дүнгээр Улаанбаатар хотод байрлах нэр бүхий 45 хялгас ялгах үйлдвэрт 11,294 тонн, Говьсүмбэр, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Төв аймгуудад байрлах хялгас ялгах таван үйлдвэрт 670 тонн, нийтдээ 11,965 тонн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан 2022, 2023 онуудад нийт 15 үйлдвэрт 4,163 тонн хялгас ялгах хүчин чадал нэмж суурилагдсан байна. Үүнээс 2022 онд гурван үйлдвэрт 297 тонн, 2023 онд 12 үйлдвэрт 3,866 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагджээ.
УБ хотод байрлах 45, орон нутагт байрлах тав, нийт 50 хялгас ялгах үйлдвэрт 11,964 тн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдсанаас 8,530 тн самнасан ноолуурыг гаргах боломжит хүчин чадал байна. Боломжит хүчин чадлыг түүхий ноолуурт шилжүүлж тооцвол 17,060 тн түүхий ноолуурыг самнах боломжтой байна.
Иймд ноолуурын хялгас ялгах үйлдвэрүүдийн хүчин чадал хангалттай түвшинд хүрсэн учраас Засгийн газрын 2023 оны 380 дугаар тогтоолоор баталсан техникийн зохицуулалтыг заасан хугацаанд хэрэгжүүлэх нь боломжтойг ажлын хэсэг дүгнэсэн.
Тус ажлын хэсгийн судалгаа, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, ноолуурын салбарын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангаж, ноолуурын техникийн зохицуулалтыг заасан хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг дэмжлээ.
0 сэтгэгдэл