Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчийг зодож, сонсголгүй болгосноо нуун дарагдуулсан талаар ар гэрийнхнээс нь тодрууллаа.
Цэргийн алба хаагчийн ээж Д.Эрдэнээ "Миний хүү Баянхонгор аймгаас хотод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаахаар татагдан ирсэн. Хүү минь цэргийн алба хаахаар баяртайгаар явсан. Тэгээд тангарагийн баяраар нь хүүтэйгээ уулзахаар цэргийн анги дээр очиход хүү маань байгаагүй. Би нутгийнхаа улсуудтай 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд хотод ирсэн. Надтай хамт ирсэн хүмүүс хүүтэйгээ уулзаж байхад миний хүү анги дээрээ байгаагүй. Цэргийн ангийн дарга нараас нь асуухад "Найман цэрэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар Цэргийн төв эмнэлэг явсан" гэдэг хариултыг өгсөн.
Эх хүний зөн совингоор энэ талаар хүмүүсээс асууж лавлатал хүү маань Цэргийн төв эмнэлэгт үзүүлээгүй байсныг олж мэдсэн. Учрыг нь хөөцөлдөн байж мэдтэл хүүг минь зодож, чихнийх нь хэнгэрэгийг цоолсон байсан.
Би хөдөөнөөс ирсэн хүн учраас хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Би одоо бүтэн нойртой хонож чадахгүй байна. Сэтгэл санаа ч тогтворгүй байна. Би эх орноо хамгаалах сайхан эр цэрэг болгоосой гэж хүссэн болохоос эрүүл мэндээрээ хохироосой гэж явуулаагүй. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн эмчид үзүүлж байгаад хувийн эмнэлгээр миний хүүг ар гэрт нь мэдэгдэхгүйгээр авч явсан байсан.
Бидэнд яагаад мэдэгдээгүй юм бэ гэхэд "Таны хүү ээж минь санаа зовно. Битгий хэлээрэй гэсэн" гэж хүүгийн нэр барьсан тайлбар хэлсэн. Би маш гомдолтой байна.
Би эрүүл саруул эр цэрэг болоосой гэснээс эрэмдэг зэрэмдэг хүн болгоорой гэж цэрэг явуулаагүй. Миний хүүг цэргийн ангийн ахлагч нь бие засах газар удсан гэдэг шалтгаанаар зодсон гэсэн. Хүү минь эсэргүүцэж, зодоон цохион хийгээгүй гэсэн. Хүний чихний хэнгэрэг хагалчихаад "Хоёрхон алгадсан" гэдэг тайлбарыг хэлж байна лээ. Хэрвээ тангарагийн баяр нь болоогүй байсан бол яаж хохирохыг хэлж мэдэхгүй байна. Бид Батлан хамгаалах яаманд энэ талаар өргөдөл гомдлоо өгсөн. Хариу өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Миний хүү Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж байсан. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн эрүүл саруул хүү байсан. Ээждээ хань түшиг нь болдог айлын бага хүү маань юм" хэмээн ярьсан юм.
Холбоотой мэдээ