Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.
Хөгжлийн банкийг хохироосон гэх хэрэгт нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд буруутгагдан, гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан ажлын 57 хоног үргэлжилснээр өнгөрсөн долдугаар сард 48 хүнийг гэм буруугүй, харин 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн юм.
Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргав. Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноож байгаа аж. Ингэхдээ 5 жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож буй юм байна.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг 3 сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээрс хасч, 3 жилийн хорих ял оноосон бол Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасч, 1 жилээр хорих, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 30 сая төгрөгөөр торгох зэрэг ялыг оногдуулсан.
Холбоотой мэдээ