Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Баталсан хэрнээ Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй буюу 850 журам байгаа нь тогтоогдлоо. Нийт 2500 журмаас тусдаа 800 журам байна гэсэн үг. Ерөнхий сайд сая улс төрийн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэлгүй 850 журмыг шууд хүчингүйд тооцно. Хоёрдугаарт захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан журмыг хоёр дахин багасгаж, 1200 гаруй журам хүчингүй болж байна.
Арван жилийн өмнө Монгол Улсад 400 хууль, 1000 журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Одоо 2000 журам бүртгэлтэй байна. Хувийн хэвшлийнхэн бизнес хийхэд чөдөр тушаа болж байгаа зүйл бол журмууд гэдгийг хөндөж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн яам тэдгээр журамд дүн шинжилгээ хийж үзсэн.
Монгол Улсад хэчнээн хууль үйлчилж байгаа вэ гэх асуултын хариултыг ч гаргалаа.
Бид 600 гаруй хуультай гэж бодож явсан. Legalinfo дээр байгаа хүчингүй болгосон, цуцалсан бүх хуулийг хасахад өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.
Эдгээр хуулийн 300-д нь журам батлах эрх олгосон заалт байна. Тодруулбал 300 гаруй хуульд 2500 нь журам батлахаар хуульчлагдсан байна.
Мөн өнөөдрийн байдлаар улсын нэгдсэн бүртгэлд 2395 журам бүртгэлтэй байна. 2018 онд манай улс 906 журамтай байсан бол сүүлийн хэдэн жилийн дотор 2500 болтлоо эрс нэмэгджээ.
Хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл нь Хог хаягдлын тухай хууль, Малын тоо толгой, албан татварын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудаар 800 гаруй журмыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал батлахаар хуульчилсантай холбоотой байна.
Эдгээр журмыг яам, агентлагаар нь авч үзэхэд 2,300 журмын 33 хувийг нь сайд нар баталсан байгаа. Тухайлбал, Засгийн газраас 600 гаруй журам баталсан. Хамгийн олон журам баталсан яамдуудыг нэрлэвэл Байгаль орчин аялал жуулчлалын яам 89, Барилга хот байгуулалтын яам 146, Сангийн яам 88, Хууль зүй дотоод хэргийн яам 91 журам балсан байна. Засгийн газрын агентлагууд нийт 173 журам баталсан. Гаалийн ерөнхий газар 35, Татварын ерөнхий газар 47, Мал эмнэлгийн ерөнхий газар 25 журам баталсан.
УИХ-ын харьяа байгууллагууд 143 журам баталсан байна. Эндээс хамгийн олныг нь дурдвал Санхүүгийн зохицуулах хороо 66, Монголбанк 36 журам баталсан байна.
Ерөнхий сайдын гаргасан улс төрийн шийдвэрийн хүрээнд Засгийн газар болон яамдуудаас батлах журмын хамгийн дэд хязгаарыг 500 байхаар батлах. Энэ асуудал хэд, хэдэн Үндсэн хуулийн асуудал үүсгэж байна гэж үзсэн. Нэгдүгээрт, хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлдэг. Хэрэг дээрээ гүйцэтгэх эрх мэдэл энэ олон журмуудаар дамжуулж хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэн авдаг байдал хавтгайрсан гэж үзсэн.
Гуравдугаарт, энэ журмуудаар дамжуулж, албан тушаалтан сайд дарга нар өөртөө эрх мэдэл хураах, авлигажих үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн.
Энэ журмуудаар дамжуулж иргэдэд хүнд суртал үүсгэж байна гэж үзсэн. Тийм учраас 2024 оны нэгдугээр улиралд багтааж сая хүчингүй болсон харилцааг хуульд тусгах шаардлагатай учраас ажлын хэсэг байгуулагдлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахлаад, Хууль зүй дотоод хэргийн сайд, дэд сайд нар ажиллана. Гол харилцаануудыг хуульд өөрт нь бичдэг дадал соёлыг бий болгоно гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ