АЛБАН БУС БАРИВЧИЛГАА, АВЛИГЫН ШҮҮХ, АРДААС НЬ АРДЫН ШҮҮХ ТӨРҮҮЛЭХ ҮҮ
Хууль зүйн сайд Б.Энхбаяр байсхийгээд л дөрөв дэх засаглал руу нулимдаг болов. Асуудалд субъектив байдлаар бус обьектив хандаж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нийтээр нь доромжилсон. Учир нь түүнтэй хэн ч сөргөлдөж болохгүй гэдэг байдлаар нэг иргэний эсрэг өдөөн турхиралт хийв.
Бас хууль зүйн салбараа харааж, бүх зүйлийн бурууг шүүх засаг руу чихдэг ах сайд нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн. Хууль тогтоох засаглалаар шүүх засаглалд халдуулах замаар гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэт дөвийлгөх кампанит ажлын гол гүйцэтгэгч гэдгээ мэдрүүлэх гэж оролдож байна.
Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хуулийн илд” гэдгээ батлах Б.Энхбаярын авлигын хэргээр дагнасан шүүх нэртэй операц гэдэг нь тодорхой.
Тэрбээр хулгайчид, авлигачид авлигын шүүхээс айж, хуулийн төслийг нь гутаалаа гэх утгатай мэдэгдлийг өндөр дуугаар хийхдээ, “Би хүний эрх ярьдаг хууль зүйн сайд байна” хэмээсэнтэйгээ тэрсэлдэж орхив. Тэр өөрөө өөрийгөө үгүйсгэв. Мөн дэлхийн хууль зүйн салбарт XVII зуунаас тогтсон ухагдахуун ололт амжилтын эсрэг зүйл ярьж эхлэв.
Цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хүнийг эцсийн мөч хүртэл гэм буруугүй гэдэг өнцгөөс шүүн тунгаах зарчим бий. Тэгж байж хүний эрхийн хангах наад захын тогтолцоо хангагдана. Тэр битгий хэл шүүхээр ял авсан хүнийг ч мөнхөд цагаадах боломжоор хангах ёс суртахуун нийгэмд, тэр дундаа хууль зүйн салбарт хэрэгжих учиртай.
Эс тэгвээс хүнийг өөрийнх мэдүүлгээр, хэн нэгний матаасаар ялладаг дарангуйллын нийгэм тогтоно. Хуулийн сургуулийн анхны шатны уг сургааль, энэ ухагдахууныг Хууль зүйн сайд Б.Энхбаяр зөрчвөл ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Тэгвэл нөгөө талд нь авлигын хэргийг шүүх шүүгчид авлигад өртөхгүй гэх баталгаа байхгүй гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар анхааруулсан. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин авлигын хэргийн шүүхийг шинэ супер хонгилын систем гэж товч томъёлсон.
АЛБАН БУС БАРИВЧИЛГААГ АВЛИГАД ӨРТСӨН АВЛИГЫН ХЭРГИЙН ШҮҮГЧ АЛБАЖУУЛБАЛ ЮУ БОЛОХ ВЭ!?
Гэтэл хүний эрхийн зөрчил өндөр сайдын өөрийнх нь толгойлж буй салбарт байгааг тэр харах хүсэлгүй байгаа нь илт. Ядаж л шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байгаа гэдэгт яаралтай анхаарал хандуулах шаардлагатай. Тэгвэл энэхүү албан бус баривчилгааг авлигад өртсөн авлигын хэргийн шүүгч албажуулбал юу болох вэ!? Дээр нь албан бусаар баривчилсан шөнөө зураг хөрөгтэй нь нийгэм сүлжээнд цацаж ардын шүүхээр оруулчихна.
Авлигын тухайд хулгай түүний сайдын алба хашиж буй Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчит компаниуд гэх мэт улсын аж ахуйн хэмжээнд гол цөм нь байгаа. Танхимд нь хамт сууж байгаа. Жишээ нь, Б.Энхбаяр Хууль зүйн сайд болсон даруйдаа “Ч.Хүрэлбаатар мэргэшсэн хулгайч” гэж хэвлэлээр цоллосон.
Хэдийгээр энэ нь сэтгүүлчид бидний хувьд дуулиант мэдээ боловч “Ч.Хүрэлбаатар мэргэшсэн хулгайч” гэдгийг өнөөдөр хэн ч тогтоож чадаагүй. Эсвэл Б.Энхбаяр нэг танхимд хамт сууж байгаа сайдынхаа хэргийг албан тушаалаа урвуулан ашиглаж, нуун дарагдуулж байна уу гэдэг логик гарч ирнэ.
Б.Энхбаярын энэ мэт үйлдэл Хууль зүйн салбарын экс сайд Х.Нямбаатарын алдааг хэдэнтэй давтах эрсдэлтэй. Бас Л.Оюун-Эрдэнийн танхимын авлигатай тэмцэх бус айлгах тактикийг хэрэгжүүлэгч хоёр дахь дүр гэдгээ батлах мэт. Хүн бүр түүний харизмыг Х.Нямбаатартай жишин хэмжээд байгаа болохоор тэр биз. Ерөнхийдөө Засгийн газар “хулгайтай тэмцэнэ” гэж зарлах бүрдээ хүний эрх зөрчиж ирсэн. Улмаар Засгийн газрын бүтцээс зарласан хулгайчдын нэрсийг жагсаалт бүхэлдээ бүтэлгүйтэж, эхнээсээ цагаадаж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс хүний эрхийн хамгийн зөрчил гэдгийг нүүрсний гэх хэрэг тодоос тод гэрчилсэн. Үр дүнд нь олон нийт бүтэн жил “хулгайчдын нэрсийн жагсаалт”-д багтсан ч шүүхээр гэм буруугаа тогтоолгож чадаагүй хүмүүсийг хулгайч хэмээн цоллож байгаа. Өөрийгөө хүний эрх ярьдаг сайд гэж цоллосон Хууль зүйн сайд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд хэрэв сайд хууль зөрчин хэн нэгнийг цоллосон тохиолдолд Цэцэд очин огцрох хуулийн үндэслэлтэй. Ерөнхий прокурорын хэмжээнд энэ асуудлаар Цэцэнд хандсан тохиолдолд улс төрийн замналаа төгсгөх хариуцлагатай алба хашиж байгаа. Анх “нүүрсний 17”-гийн нэрсийг зөвшөөрөлгүй зарласан АТГ хэдийнэ прокуророос банга хүртэсэн. АТГ яагаад прокуророос банга хүртсэн гэдгийг “нүүрсний 17”-гийн жишээн дээр товчхон тайлбарлъя.
ШҮҮХЭЭС “НҮҮРСНИЙ 17”-Г ГЭМ БУРУУГҮЙ ГЭЖ ТОГТООЛ ГАРГАСАН Ч НАСАН ТУРШИД ХАРААНА
АТГ-аас зарласан нүүрсний 17 нь шалгагдах явцдаа цагаадаж эхэлсэн. Прокурор хэргийг хянасан. Гэвч тэд эргэж буцалтгүйгээр нэр алдар, эрүүл мэнд, эд хөрөнгө, албан тушаалаараа хохирч, эрх нь зөрчигдсөн. Уг нь урьд урьдын Ерөнхий сайд нарыг бодоход хэмжээлшгүй эрх, ямба эдлэх болсон Л.Оюун-Эрдэнийн дэргэд АТГ байгаа. Тэгэхээр “нүүрсний 17”-гийн нэрсийг прокурорын зөвшөөрөлгүй зарласан асуудлыг Ерөнхий сайдын хэмжээнд тулж очно.
Эцэст нь Б.Ганхуяг тэргүүтэн л нүүрсчин болж хувирсан. Бүтэн жил орчим хоригдож, залхаан цээрлүүлэлтийн амьд хэлбэрийн гэрч болсон. Хамаатан саднаас нь эхлээд найз нөхдийг нь байцааж хэлмэгдүүлсэн. Нэр хүндийг нь хангалттай гутаан доромжилсон. Шүүхээс “Нүүрсний 17”-г гэм буруугүй гэж тогтоол гаргасан ч насан туршид хараана. Ардын шүүхийн үүрэг нь энэ. Харин шүүхийн өнөөгийн тогтолцоо түүнд бага ч болов ил тод нээлттэй шүүлгэх эрхийг нь олгож байгаа харагдсан. Хэрэв энэ үед МАН-ын дэргэд авлигын шүүх гэх албан бус ардын шүүхийн зарчимтай “махны машин” байсан бол Б.Ганхуягаар хэдийнэ туг тахиж орхисон байх магадлалтай. Ингэж гүйцэтгэгч гэгдэх хэдэн залуусыг шуурхай шоронд хийснээр бүр том хулгайчид нь нэр цэвэр сугарч үлдэх боломжтой.
Цаашлаад хүний эрхийг шүүхтэй нь дэвслэх энэ операц үргэлжлээд олон хүний толгойг авна. Хөгжлийн банкны хэрэгтэн гэх нэрсийг нь эхэлж зарлаад, удаан хугацаанд доромжлон нийгмийн хөрсийг бэлдсэний эцэст, дараа нь театрт шүүсний адилаар Соёлын төв өргөөнд “37 оны хэлмэгдүүлэлт”-ийг давтах нигууртай. Яг тэр үед авлигын шүүхээр хүч нэмэх “махны машин” үүргээ хангалттай гүйцэтгэнэ. Уг нь шүүх өөрөө хүний эрхийг хангаалах үүрэгтэй хамгийн том субъект шүү дээ.
Холбоотой мэдээ