АН: Иргэн нь баян улс болох хуулийн төсөл санаачилсан

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

АН: Иргэн нь баян улс болох хуулийн төсөл санаачилсан

АН: Иргэн нь баян улс болох хуулийн төсөл санаачилсан

УИХ дахь АН-ын бүлгээс Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд туссан учраас цаг хугацааны хувьд өргөн барих нэн шаардлагатай байгаа. Үндэсний баялгийн өөрөө Монгол Улсад уул уурхайн салбараас орж байгаа орлоготой шууд холбоотой. Уул уурхайн ашигт малтмалаас олж буй орлогыг зөв зүйтэй зарцуулахгүй бол ямар муу үр дүн авчирдаг гэдгийг өнөөдөр биеэрээ мэдэрч байна. Төр хурааж авдаг. Халамжаар тараадаг. Төрийн өмчийн нэрийн дор дарга нарын өмч болдог. Дарга нарын өмч болохоор хэрхэн авлигаждгийг харж байна. Нөгөө талдаа баялгийн менежментийг зөв хийхгүй бол улс өрийн дарамтад яаж өртөж байгаа асуудал хөндөгдөх болсон. Тиймээс бид гурван гол үзэл санаагаар Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг санаачиллаа. Нэгдүгээрт, баялаг өнөөгийн цагийн иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгөх юм. Үүнийг хувьцаа гаргаж, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах замаар иргэдээ өмчтэй болгох боломжтой. Төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар иргэдийг өмчтэй болгоё. Олсон мөнгөө халамжаар тараагаад, үлдсэн хэсгийг нь улстөрчид иддэг тогтолцоог халъя.  Хоёрдугаарт, ирээдүйдээ өр биш өв үлдээе. Ирээдүй цаг дээрх асуудлаа илүү тодорхой хуульчилж өгье. Гуравдугаарт, тогтворжуулалтын сан буюу ирээдүйн тогтвортой өсөлт рүү анхаарлаа хандуулъя. Энэ бүгдийг нэгтгээд үзвэл, иргэн нь баян Монголын төлөө төрийн бодлого болоод баялгаа чиглүүлье гэдэг үзэл санааг багтаасан. Өнөөдөр төрийг баян байлгах үзэл санаатай нам засгийн эрхийг барьж байгаа. Энэ үзэл санаа үргэлжилбэл, авлига буурах бус улам гаарна. Энэ бүхнээс ангижрахын тулд АН-ын гишүүд, УИХ дахь бүлгийн зүгээс  бодлогын шийдлээ танилцуулж байна. Иргэн нь баян байж тэр улс хөгждөг юм байна. Хүчтэй эдийн засагтай, хүчтэй улс бий болдог юм байна. Төр нь баян болохоор дарга анги баян болдог юм байна. Дарга нь баян улс авлигаждаг гэдгийг бид харж байна. Тэгэхээр энэ бодлогын шийдлийг танилцуулж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардаж ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж