Нэр бүхий иргэд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тухай тогтоол, Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, даваа /2023.11.27/ гаригт Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тодруулбал, 2020 оны сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хоёулаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болголгүй УИХ-ын гишүүнээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-аас тогтоол гаргасан. Тэгвэл энэ тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзсэн байна.
Сануулахад, Д.Сумъяабазарын хувьд 2020 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдож тангаргаа өргөсөн ч 2023 оны аравдугаар сард Нийслэлийн МАН-ын даргын хувьд, улс төрийн намын удирдлагын тохиролцооны дагуу Хотын даргаар томилогдохоор гишүүнээсээ чөлөөлөгдсөн байдаг. Мөн Х.Нямбаатарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон ч 2023 оны аравдугаар сард мөн л намын удирдлага, улс төрийн тохиролцооны дагуу Хотын даргаар томилогдсон юм.
Иргэдийн мэдээлэлд, 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 30 дугаар тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 80 дугаар тогтоол тус бүр нь ард түмний төлөөлөгчдийн байгууллага болох парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хууль бусаар халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчлөө. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн бол ард түмнээс мандат авч сонгогдсон, ард түмний төлөөлөгчдийн байгууллагын гишүүн агаад түүнийг Улсын Их Хурлаас дур мэдэн, Үндсэн хуульд үндэслээгүй тогтоол гаргаж, бүрэн эрхийн хугацаанд нь (4 жил) хууль бусаар халдаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Тэрчлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосон Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 1 дахь “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэх заалтыг ноцтой зөрчиж, ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн, Монгол Улсын үндсэн хуульт ёс, парламентат ёсны түүхэнд хараар бичигдэх харамсалтай үйл явдал болсон хэмээн үзэж байна.
Мөн нэр бүхий иргэд Цэцэд гомдол гаргахдаа Хотын дарга асан Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар нарыг Хотын даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн давхар мэдээллийг гаргажээ.
Иргэний гаргасан мэдээлэлд, Засаг даргыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь Үндсэн хуулийн бус аргаар дуусгавар болгосон Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, томилсон Ерөнхий сайдын 66, 167 дугаар захирамжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 буюу “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зйүлийн 1 дахь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жардугаар зүйлийн 2 дахь “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэх заалт, түүнчлэн Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэх заалтыг ноцтой зөрчсөн явдал болжээ. Иймээс ард түмний засаглах эрхийг хангах гол үндэс болсон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халдсан Ерөнхий сайдын 66, 167 дугаар захирамжуудыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаарх асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.
Хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэц гомдол гаргасан иргэнд 14 хоногийн дотор хариу өгөх зохицуулалттай. Энэ хугацаанд иргэнээс ирсэн гомдлыг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх шаардлагатай эсэх, хэрэв хэлэлцэх бол Цэцийн нэг гишүүнд хувиарлах зохицуулалттай бөгөөд тухайн Цэцийн гишүүн судалж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ