МАН Засгийн эрх барьсан 2016 оноос хойш бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн ч ихэнх нь ашиглалтад орж амжаагүй байна. Эрх баригчид эдгээр ажилдаа хяналт сайн тавихгүй бол татвар төлөгчдийн мөнгө үнэгүйдэх эрсдэл байгаа юм. Учир нь, МАН-ынхны чих халууцуулсан, шүүмжлэл дагуулсан бүтээн байгуулалт олон бий. Тоймлож зарим мэдээллийг хүргэе.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2027 ОНООС БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАНА
Газрын тосны үйлдвэр. Энэ нь асар өндөр өртөгтэй. Төсөв нь 3.1 их наяд төгрөг. Үйлдвэрийн хүчин чадлын ТЭЗҮ-д өөрчлөлт ороогүй. Харин үйлдвэрийг барих ТЭЗҮ-д өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. БНЭУ-ын 1,236.0 сая ам.долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр болон дагалдах байгууламжийг шинээр байгуулах юм.
Үйлдвэр энэ онд ашиглалтад орно гэж албаныхан мэдээлж байв. Жилд 1.5 сая тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай. Анх 2024 онд ашиглалтад орно гэж тооцоолж байсан ч хойшилсон. Тус үйлдвэрийн захирал Б.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр" өрөнд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн талаар ч мэдээлж байлаа.
Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилтыг Энэтхэгийн талаас зээлэхээр болсон агаад хэмжээ нь нэг тэрбум ам.доллараар яригдаж байлаа. Улмаар 2019 онд УИХ-аас 1.3 тэрбум ам.доллараар баталсан. Харамсалтай нь, зээл батлагдсан ч цар тахлын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан. Улмаар 1.3 тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг л манай тал авч ашигласан аж.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Гэтэл энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн юм. Тодруулбал, нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөрийн асуудал гэрээний дагуу үүсэж эхэлсэн хэрэг. Улмаар зээлээ төлөөгүй тул дараа дараагийн санхүүжилт байхгүй болсон. Дөрвөн хэсэг бүтээн байгуулалтаас эхний бүтээн байгуулалт нь санхүүжилтийн улмаас гацаанд орсон юм. Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамдууд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажилласан. Манай яамны хувьд гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн" гэдгийг хэлж байв.
Хэлэлцээрийн үр дүнд 236 сая ам.долларын зээл авахаар болсон. Ирэх 2026 он гэхэд эхний байгууламж ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргана гэж эрх баригчид төлөвлөж байна.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ 2024 ОНЫ ЗУН ЭХЭЛНЭ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд БНХАУ-ын 288.5 сая ам.долларын зээлээр 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил 2022 онд л эхлэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээлж байсан билээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм
Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудал яригдаж буй. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой аж.
Усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, тусгайлсан гэрээ байгуулсан байдаг. Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, Байгаль орчин нийгмийн үнэлгээний тайланг боловсруулаад буй.
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХ УУ?
Шинэ төв цэвэрлэх байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд барьж эхэлсэн. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятадын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах заалттай.
Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах аж.
Хэрэв шинэ цэвэрлэх байгууламжийн ашиглалтад орох хугацаа хойшилбол лагийн үнэр 2-3 дахин нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь нийслэлийн хүн ам, орон сууцны барилга жил ирэх тутам өсч байгаа.
Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгааг албаныхан хэлсэн. Харин монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа аж. Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд 50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь Хятадаас татна. Хүний нөөц, тоног төхөөрөмжөөс илүүтэй хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж төв цэвэрлэхээ түргэн ашиглалтад оруулах нь чухал. Барилгын ажил 42 хувьтай явж байгаа. Албаныхан уг бүтээн байгуулалтыг 2023 онд ашиглалтад оруулж, 2024 он хүртэл туршилт хийнэ. Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдана гэдгийг онцолж байв.
ДАРХАНЫ ЗАМ 5 САЙДЫН НҮҮР ҮЗЭВ
Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барихдаа олон аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан. Харин МАН эрх барих хугацаандаа Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг барихад долоон жил зарцуулж, таван сайдын томилгоо хийсэн. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилтын ажлыг 2023 оны аравдугаар сард дуусгасан ч ашиглалтад бүрэн орж чадаагүй байна.
Анх Дархан-Уул-Улаанбаатар хотыг холбосон 240 гаруй км авто зам барих ажлыг 2017 онд эхлүүлэхээр болж, шав тавьсан байдаг. Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдын шав тавих үеэрээ нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилтаар хийсэн олон улсын стандартад нийцсэн чанартай зам барин, 2018 онд хүлээлгэн өгөхөө зарласан. Гэвч хөрөнгө нь шийдэгдэхгүй явсаар 2018 онтой залгаж, Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дээрх замыг барихаар болж, шийдвэрлэсэн. Нийт 83.8 тэрбум ам.долларын зээл авсан юм.
Зам барих ажил 2018 онд эхэлсэн ч тендерт шалгарсан Хятадын компани нь цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй, цар тахал дэгдсэн зэрэг шалтгааны улмаас ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2023 онтой золгосон. Зам тээврийн дэд сайд Л.Халтар "Дарханы замаар улс төр хийгээд хэрэггүй. Ажил явдгаараа явж байгаа. Хүмүүсээс нэг л зүйлийг хүсмээр байна. Энэ бол хурдны зам биш учир хурдаа тохируулж явахыг хүсье. 2023 оны арваннэгдүгээр сард дөрвөн эгнээний хөдөлгөөнийг нээнэ. Дараагаар хөвөө, цагаан зураас, туузан хашлага, төмөр бетонон хашлагууд хийнэ. Замын ажил бүрэн дуусаагүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайд Тээврийн цагдаагийн албанаас тогтмол хяналт тавьж байгаа. Замын ажлуудын хувьд Зам тээврийн яамнаас шаардлагуудаа тавиад явж байгаа. Тэмдэг, тэмдэглэгээ дутуу хэсэгт арваннэгдүгээр сарын 5-н гэхэд бүрэн суурилуулна" гэж амлаж байсан иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандсан хэвээрээ.
ТҮЛШНИЙ БҮРЭН АВТОМАТ ҮЙЛДВЭР ХҮЛЭЭН АВЧ ЧАДААГҮЙ
Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшний үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байгуулсан юм. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байрладгаас ойр орчмынх нь оршин суугчид нүүрсний тортог дунд амьдрах болсон нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих болсон.
XXI зуун гарчихаад байхад технологийн хувьд хоцрогдсон үйлдвэр байгуулсан нь эрх баригчдын алдаа гэдэг шүүмжлэл ч тасрахгүй байгаа.
Засгийн газар сайжруулсан түлшний үйлдвэрийг Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд байгуулахад нийт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Уг хөрөнгийг улсын төсвөөс гаргасан. Хэдий хөрөнгө мөнгө гаргаж үйлдвэр байгуулсан ч нийслэлийн агаарын бохирдол зорьсон хэмжээнд буураагүй байгаа юм.
"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн "Техник эдийн засгийн үндэслэлээрээ баруун, зүүн үйлдвэр тус бүр 600 мянга, ТЭЦ-2 станцын хашаанд байгаа төв үйлдвэр 200 мянган тонн түлшний хүчин чадалтай. Бодит амьдрал дээрээ тийм биш. Гурван үйлдвэр нийлээд 560 мянган тонн түлшийг үйлдвэрлэж байна. Хүчин чадлаараа 1.4 сая тонн нүүрс үйлдвэрлэвэл ойрын хот аймгуудыг түлшээр бүрэн хангах боломжтой. Гэхдээ тухайн үедээ цар тахал, эдийн засаг хүндэрч ийм орчин нөхцөл, бүрэн автомат үйлдвэр хүлээн авч чадаагүй. Зүүн бүсийн үйлдвэр бүрэн автомат үйлдвэр болно гэж яриад бүтээгүй. Баруун бүсийн үйлдвэр орчны бохирдол ихтэй, ажлын нөхцөл маш хүнд тоосжилттой, ихэнх ажиллагаа нь гар ажиллагаатай байна. Тэр утгаараа мэргэжлийн хяналт, УИХ-ын гишүүд танилцаад, энэ үйлдвэрээ нүүлгэ гэдэг шаардлага тавьж ирсэн. Тэгэхээр зүүн бүсийн үйлдвэр нь хэрэгцээг хангаж чадах хэмжээнд байгаагүй учраас баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй байна.
Энэ өвөл баруун бүсийн үйлдвэрт суурилуулсан 10 шугамын тавыг нь ажиллуулж, тавыг нь ажиллуулна. Он гараад баруун үйлдвэрийг бүрэн зогсоож, зүүн, төвийн үйлдвэр дээрээ түлшээ үйлдвэрлэнэ.
Зүүн бүсийн үйлдвэр яагаад 600 мянган тоннын хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна вэ гэхээ анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй. БНСУ-д уурын хатаалгатай системийг захиалж, усыг уур болгож, халуунаар түлшээ хатаадаг. Гэтэл манайд уур нь чийг болоод өвлийн хүйтэнд -30 хэмд түлшээ хөлдөөж, чийгний хэмжээ өндөр гарч байна. Бид хатаах системээ шат дараатай сольж байна" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ