ОХУ-ын арми Авдийвка орчимд бага зэрэг ахиц гаргасан тухай Их Британийн Батлан хамгаалах яамны арваннэгдүгээр сарын 28-ны тайланд дурджээ. Аравдугаар сарын эхэн үетэй харьцуулахад Оросын арми фронтын шугамд хоёр км урагшилсан байна. Хэдий бага мэт боловч энэ нь өнгөрсөн хавраас хойших Оросын армийн хамгийн том амжилт гэж үзэв.
Фронтын шугамд ахиц гаргаснаар Авдийвкагийн кокс, химийн үйлдвэрт аажмаар дөхөж байгаа аж. Украины хүчний хамгаалалтын гол байрлал тус үйлдвэрийн орчимд төвлөрч байна. Украин ойролцоогоор долоон км өргөн нутаг дэвсгэрийг хяналтдаа байлгаж буй.
Гэвч энэ амжилтыг гаргахын тулд олон мянган орос цэрэг амь эрсэдсэн гэж Их Британийн Тагнуулын алба мэдээллээ. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Валерий Залужныйн мэдэгдсэнээр Авдийвка руу хийсэн идэвхтэй дайралтын хугацаанд Орос 10 мянга орчим цэргээ алдсан аж. Мөн техник хэрэгслийнхээ 80 хувийг Авдийвкагийн тулаанд алдсан байна.
Асар том коксжих үйлдвэрийн төлөөх олон сар үргэлжилсэн тулалдааны дараа ганц ч барилга байгууламж бүрэн бүтэн үлдсэнгүй гэж албаныхан мэдээлжээ.
Дашрамд дурдахад, дайны өмнө Авдийвкад 32 мянган оршин суугч байсан бол өдгөө 1500 хүрэхгүй хүн үлдээд байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ