Хүүхэд хөгжлийн ялгаатай байж болох ч боловсролоос гадуур үлдэх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

Хүүхэд хөгжлийн ялгаатай байж болох ч боловсролоос гадуур үлдэх ёсгүй

Хүүхэд хөгжлийн ялгаатай байж болох ч боловсролоос гадуур үлдэх ёсгүй

2020 оны байдлаар АНУ-ын сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 95 хувь нь улсын ердийн сургуульд хамрагдаж байсан бол гурван хувь нь улсын болон хувийн тусгай сургуульд, хоёр орчим хувь нь төрөөс санхүүжүүлдэг тусгай боловсролын үйлчилгээ бүхий хувийн сургуульд, нэг хүрэхгүй хувь нь эмнэлэг, гэр бүлийн асаргаанд, эсвэл асрамжийн газрын үйлчилгээнд хамрагддаг талаар “Тэгш хамран сургах боловсролд хамтдаа” гарын авлагад дурджээ. Өөрөөр хэлбэл, АНУ-д хөгжлийн ялгаатай хүүхдүүд боловсролд тэгш хамрагддаг байна.

Аливаа ялгаатай байдлаас үл хамааран бүх хүн хамтдаа суралцах явдлыг тэгш хамран сургах боловсрол гэж энгийнээр ойлгож болно.

Монгол Улс ч мөн бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулахаар зорьж, сүүлийн жилүүдэд боловсролын салбарын эрхзүйн актуудад тодорхой заалтуудыг тусгасан билээ. Жишээ нь, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 6.1-д “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ” гэж заажээ. Мөн суралцагчийн ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бүрдүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг эцэг, эх, асран хамгаалагчийн санал зөвшөөрлийг үндэслэн боловсруулах зэрэг заалтууд шинээр тусгасан байна. Энэ нь хөгжлийн ялгаатай хүүхдүүд ердийн сургуульд суралцахад хууль, эрх зүйн орчин өмнөхөөсөө илүү сайжирсан гэсэн үг. Гэвч хэрхэн хэрэгжүүлэх нь чухал юм. 

Цаасан дээрх үг, өгүүлбэрийг хөрсөнд буулгахад бодитой хувь нэмэр оруулсан нэгэн төслийг онцлох нь зүйтэй. Энэ нь Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Монгол дахь Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-1, 2” төсөл юм. Төслийг хэрэгжүүлснээр тэгш хамруулан сургах боловсролын талаар багш, эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйгээр хангаж, ялгаатай хэрэгцээтэй сурагчдын сурах үйл явцад ахиц, дэвшил гаргажээ. Энэ талаар саяхан 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд болсон  “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн үр дүн, туршлага хуваалцах уулзалтын үеэр ч хөндсөн юм.

Тэгш хамруулах боловсролын бодлого, үйл ажиллагааны талаар БЕГ-ын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Тэгш хамруулан сургах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь ганц хүний хариуцах ажил биш бөгөөд тухайн суралцагчийн эцэг, эхийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн юм. Цэцэрлэг, сургууль бүрт дэмжлэгийн баг гэж бий. Тэд тухайн хүүхдэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж, багшийг арга зүйгээр дэмжиж, сурагчийг сурах боломж нөхцөлөөр хангахад тусалдаг. 2022 оны арваннэгдүгээр сар болон 2023 оны зургадугаар сард авсан судалгааг харьцуулсан үр дүнгээс харахад оролцогчдын хандлага эергээр өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд биш, тэгш хамруулан сургах боломжтой гэсэн эерэг үр дүн гарсан” гэв.

Үүний дараа Төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир төслийн үр, дүн, туршлагынхаа талаар танилцуулсан бөгөөд түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь- 2” төслийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлсэн гэв үү? 

-Тийм ээ. 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын гурван дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургууль, Ховд, Өвөрхангай аймгийн дөрөв гээд нийт 16 ЕБ-ын сургуульд эл төслийг хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь тусгай хэрэгцээтэй сурагчдын ердийн сургуулийн орчинд суралцах боломжийг хангаж тэгш хамруулан сургах арга зүй, туршлагыг бий болгосон юм. 2018-2021 онд  энэ төслийг бага боловсролын түвшинд хэрэгжүүллээ. Харин энэ удаа дунд ангийн түвшинд буюу 6-9 дүгээр ангийн сурагчдыг анги дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Бага ангиас дунд ангид дэвшин суралцахад хичээлийн тоо нэмэгдэхээс эхлээд олон багштай харилцах гээд дасан зохицох, сургууль багшийн зүгээс хүүхдэд дэмжлэг үзүүлэх шаардлага их гардаг.

Энэ тохиолдолд ямар арга зүйгээр ажиллах талаар сургуулийн багш нарт зориулсан сургалтуудыг зохион байгуулсан. Мөн дунд ангийн багш нарыг тэгш хамруулан сургах боловсролын талаар онол, арга зүйн мэдлэгтэй болгосноор багш нар ангийнхаа тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн төслийн хүрээнд дээрх 16 сургуулийг  Хүүхэд хөгжлийн танхимтай болгож, сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангаснаар тусгай хэрэгцээт сурагчид төлөвлөсөн хуваарийн дагуу хичээлээс гадуурх цагт энэ төв дээрээ  суралцаж байгаа. Үүнд эцэг, эхийн туслалцаа дэмжлэг маш чухал. 

-Төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүнгийн талаар хуваалцахгүй юу?

-Зорилтот ерөнхий боловсролын сургуулиуд 6-9 дүгээр ангийн тусгай хэрэгцээтэй сурагчдыг хүлээж авах, суралцах орчиндоо дасан зохицох, сурах үйл явцыг нь дэмжих материаллаг болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэх нь бидний нэг зорилго. Одоо манай зорилтот сургуулиудад дунд ангийн 148 тусгай хэрэгцээтэй хүүхдүүд суралцаж, хөгжлийн дэмжлэг авч байна. Төсөл хэрэгжүүлснээр зорилтот сургуулиудад хамрагдаж буй тусгай хэрэгцээтэй хүүхдийн тоо 1.5 дахин өссөн байна.

Мөн  хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдийг боловсролын үйлчилгээнд шинээр хамруулсан. Тэдгээр хүүхдийн 10 нь ердийн сургуульд суралцаж байгаа. 

-Бага ангиас дунд анги руу шилжин суралцахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо цөөрдөг. Энэ төслийг хэрэгжүүлснээр ямар ахиц гарсан бэ? 

-Төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд анги дэвшин суралцахад бодитой дэмжлэг болсон. Сургуулийн дэмжлэгийн баг бага ангиас дунд ангид дэвшин суралцах тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан шилжилтийн хөтөлбөр боловсруулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх цогц үйл ажиллагааг сургуулиас хэрэгжүүлсэн. Ялангуяа багш нар ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга туршлагатай боллоо. Түүнчлэн зургадугаар ангид орсон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 85 хувь нь дунд ангидаа амжилттай суралцаж байна.

ХОВДОД ТУСГАЙ  ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДИЙН 79.6 ХУВЬ НЬ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДДАГ

Ховд аймгийн ерөнхий боловсролын зарим сургууль дээрх төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Энэ талаар тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

-Төсөл хэрэгжүүлсэн сургуулиудад гарсан үр дүнгийн талаар сонирхуулахгүй юу?

-Манай аймагт ерөнхий боловсролын 24 сургууль бий. Тэдгээрээс 3, 7 дугаар сургууль, Буянт сумын сургууль, Насан туршийн боловсролын төв гэсэн дөрвөн газарт “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг анх 2018 оноос хэрэгжүүлсэн. Үүний дараа бага ангиас дунд руу дэвшин суралцах хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах төслийг 3 болон 7 дугаар сургуульд хэрэгжүүлж, төслийн багаас өнөөдрийг хүртэл арга зүйгээр ханган ажиллаж байгаа. 

-Танай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүүхэд байдаг вэ. Хэд нь боловсролын үйлчилгээ авч чадаж байна вэ?

-Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 315 хүүхэд бий. Үүнээс 172 нь ерөнхий боловсролын сургуульд, 18 нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 65  нь насан туршийн боловсролын төвд суралцдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн 79.6 хувь нь боловсролын үйлчилгээ авч байна. 

-Хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг энгийн сургуульд сургасны давуу тал юу вэ? 

-Аймгийн ХБХ-ийн салбар комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь оношлогдсон хүүхдүүдийг боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн хурлаар оруулан, эцэг, эх, асран хамгаалагчидтай нь зөвлөлдсөний дүнд ямар сургууль, цэцэрлэгт хамруулахыг шийддэг. Эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгт хамруулснаар дэмжлэгийн баг хүлээн авч, хуваарилдаг.

Эхэндээ бидэнд ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах арга зүй маш дутмаг байсан. Японы Хүүхдийг ивээх сангийн төслийн хүрээнд хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах арга зүйд манай багш нар үе шаттай суралцлаа.

Ингэснээр хэл, яриа, сонсгол, харааны бэрхшээлтэй, даун, аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйд багш нар маань суралцаж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад анхаарч ажиллах болсон. Энэ төсөл нь багш нарт арга зүй эзэмшүүлэхээс гадна, эцэг, эх, олон нийтийн хандлагыг өөрчлөх, багаас дунд анги руу хэрхэн шилжих вэ гэсэн гурван модулийн хүрээнд сургалт явуулсан юм.

Төслийн багийнхан сургуулиудад хөгжлийн төв байгуулж өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дохионы хэл, брайль үсгээ сурах, хөдөлгөөн засалд хамрагдах боломжтой болсон. Сумын сургуулиудад хөгжлийн төвийг үе шатттайгаар байгуулж өгөөсэй гэж хүсэж байна. Японы Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгээр манай аймгийн сургуулийг сонгож, хөгжлийн ялгаатай хүүхдэд зориулсан орчин бүрдүүлж, ариун цэврийн өрөөг тохижуулан, багш, мэргэжилтнүүдэд маань сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан төслийн багийнхандаа талархал илэрхийлье. 

Тэгш хамруулан сургах боловсрол нь хүүхэд төвтэй байх зарчмыг эш үндэс болгож хүүхдийг боловсролын тогтолцоонд тохируулах бус, харин боловсролын тогтолцоо хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байх учиртайг Хүүхдийн ивээх сангийн судалгааны  тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд нас, хүйс, хэл, чадвар, шашин шүтлэг, яс үндэс болон ялгаатай байдлаасаа  үл шалтгаалан бүх хүүхэд боловсрол эзэмших эрхтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж