УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон тул орны хүнийг томилох шаардлагатай болсон юм. Энэ хүрээнд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Энхбатыг тус албан тушаалд санал болгосон байна.
Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил УИХ-ын Тамгын газарт ажиллаж буй юм байна.
Байнгын хорооны гишүүдийн олонхи нь саналыг дэмжсэн тул эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ