Бүх ертөнцийг багтаагч “XXL” цүнхний эрин үе

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

FASHION

Бүх ертөнцийг багтаагч “XXL” цүнхний эрин үе

Бүх ертөнцийг багтаагч “XXL” цүнхний эрин үе

Зарим эмэгтэйн цүнхнээс будаг шунх, дэвтэр ном, тэр бүү хэл төмс, лууван хүртэл гарч ирэх нь холгүй байдаг. Тэгвэл бүх ертөнцийг багтаадаг хэт том хэмжээтэй цүнх эргээд трэнд болжээ.

“Miu Miu” брэндийн 2024 оны хаврын коллекцоос онцлох зүйл нь том цүнх байв. Загвар өмсөгчдийн барьсан онгорхой цүнхнээс өсгийтэй гутал цухуйсан нь анхаарал татсан шийдэл байв. Энэ бол амьдралын аз жаргалыг өвөрмөц байдалтай хослуулсан илэрхийлэл гэж брэндийн зүгээс тайлбарлалаа. “Bottega Veneta”, “Balenciaga” брэнд ч том цүнхнээс юм юм цухуйсан, асгарсан байдлаар загварын шоугаа хийсэн.

Жүжигчин дуучин Жэйн Биркин нь хэт том цүнхний давалгааг анх гаргаж байв. Хожим нь алдарт “Hermès Birkin” цүнхийг түүнээс санаа аван бүтээжээ. Жэйн Биркин үргэлж цүнх дүүрэн эд зүйлстэй явдаг байсан тул сүүлдээ цүнхний бариул нь ашиглах аргагүй болсон. Тиймээс регбигийн бөмбөг шиг цүнхээ тэврээд явдаг байжээ. Бас цүнхнийхээ бариулаас янз бүрийн жижиг сажиг зүйл зүүх нь түүний хэв маяг байв. Өдгөө ТикТок платформд цүнхээ яаж Биркин загварынх болгох вэ гэсэн заавар бичлэгүүд ч байдаг. Загвар өмсөгч Ирина Шэйк энэ чиг хандлагыг түүчээлж, цүнхнийхээ оосроос нохойгоо хөтөлсөн удаатай.

Ганц гар утас, банкны карт л багтахуйц жижиг цүнх нэг хэсэг трэнд болсон. Микроскоп гар цүнх нэртэй 0.7 мм хэмжээтэй цүнх хүртэл гарсан билээ. Жижиг цүнхийг дагаад хүний бие сэтгэл хүртэл хөнгөрдөг гэх нь ч бий.

Гэхдээ ийм мини цүнх бодит амьдралд хэр нийцтэй бол? Та бид загварын тайзнаа алхаагүй учраас өдөр тутамд багтаамж сайтай том цүнх яахын аргагүй хэрэг болдог. Хүмүүс хэчнээн минимал амьдардаг байсан ч өдөр тутмын хэрэгцээ нь максимал байдаг аж. “Загварын чиг хандлага одоо л бодит байдлыг хүлээн зөвшөөрч байна” гэж загвар зохион бүтээгч Лиана Сатенштейн энэ талаар онцлов.

Эмэгтэйчүүдийн цүнхийг феминист чиг хандлагатай холбон үзэгсэд ч бий.

Энэ талаар чамгүй олон нийтлэл бичсэн Лорен Фридман хэлэхдээ “Хэт том цүнхийг анх хараад л өө, одоо бүр хамаг ачаа тээшээ үүрээд явах нь ээ гэж бодсон. Жижиг цүнх нь эмэгтэй хүний анатомийн онцлогтой илүү сайн тохирдог. Эмэгтэйчүүд төрөл бүрийн арга замаар маш их ачааг нуруундаа үүрч явна. Аливаа объектыг хэрхэн авч яваа нь нийгэм таныг яаж хардагтай салшгүй холбоо хамааралтай. Хэрвээ та юу ч барьж яваагүй бол бусад хүмүүс таны эд зүйлсийг авч явах хэмжээний баян гэсэн үг гэж Ромын үед үздэг байжээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж