"Украинд тулалдуулахаар Оросын Батлан хамгаалах яам болон Оросын Үндэсний гвардийн шинэ ангиудын бүрэлдэхүүнд багтааж 3000 чечень цэрэг илгээхэд бэлэн" гэдгээ Рамзан Кадыров Даваа гаригт мэдэгдлээ.
Рамзан Кадыров өөрийгөө Путины "хөлийн цэрэг" гэж хэд хэдэн удаа тодорхойлж байсан. Энэ нь чухал ажил үүрэг гүйцэтгэдэг ч тухайн байгууллага, салбартаа ямар ч эрх мэдэлгүй байхыг илэрхийлсэн үг юм. Түүнчлэн Украин дахь Оросын үйл ажиллагааг ч Кадыров нэг бус удаа шүүмжилсэн. Кадыровын хувьд Украины дайн бол барууны түрэмгийллийн эсрэг бэхлэлт юм.
"Чечень дайчид хамгийн сайн техник, орчин үеийн зэвсэгтэй. Үүнээс гадна маш их тэмцэгч зан чанартай. Үр дүнд хүрэхийн тулд урам зориг дүүрэн байдаг" гэж Кадыров хэлжээ.
ОХУ-ын Холбооны бүгд найрамдах Чечень улс дайн эхэлснээс хойш Украин руу 26 мянга гаруй цэрэг илгээсэн. Эндээс 12 мянга нь сайн дурынхан байжээ. Мөн 7000 нь яг идэвхтэйгээр тулаанд оржээ. Кадыровын мэдэгдэл бусад талын хийсэн тооцоололтой зөрдөг бөгөөд аль нь чухам үнэн гэдгийг батлах боломжгүй. Зөвхөн ОХУ гэлтгүй Украины талд ч бас Чеченийн хэд хэдэн зэвсэгт бүлэглэл тулалджээ.
Дашрамд дурдахад, "Вагнер"-ын хөлсний цэргүүд Чеченийн тусгай хүчнийхэнтэй хамтарсан сургуулилалт хийж эхэлснийг Кадыров энэ сарын эхээр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ