Д.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

LiveД.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

Д.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

 

15 : 40
2023-11-28

Д.Цогтбаатар: Авлигын хэргийг шүүх хэдхэн шүүгчийг авлигадахгүй гэх баталгаа байна уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ЦОГТБААТАР:

-Дагалдаж орж ирсэн хуулийн төсөлд авлигын хэргийг шүүх байгуулах асуудлыг судалъя гэж орж ирж байна. Авлигын шүүх авлигажихгүй гэх баталгаа хаана байна. Авлигын асуудал хэлэлцээд шүүх авлигажиж байгаа бол тэр нэрийг нэмээд эрсдэл нь алга болохгүй. Харин энэ төрлийн гэмт хэргийг шийддэг хүмүүсийг хязгаарлаад өгөхөөр авлигачид хэнтэй ажиллах вэ гэдгийг нь бүр нарийвчлаад заагаад өгчих юм биш биз. Шүүх бүрэлдэхүүнийг бүгдийг худалдаж авна гэдэг бол хэцүү. Ийм шүүх байгуулаад өгчихөөр цөөн тооны хүмүүсийг эртнээс танилцаад онилоод тийшээ ажиллаач ээ гэдэг чиглэл өгчихгүй юу.

Авлигын хэрэг дээр давах шатны шүүхээс Хүний эрхийн үндэсний комиссоос санал авсан уу. Хүний эрхийн зөрчил гарах эрсдэл байгаа юм биш биз.

Шүүгчид хоцрогдчихоод байгаа учраас авлигын хэргийг шүүх шүүгчээрээ боловсронгуй мундаг шүүгч тавих нь. Гэхдээ иргэдийн хэргийг дутуу мэдлэгтэй шүүгчээр шүүлгэх гэж байгаа юм уу гэдэг асуудал гарч ирээд байна. Тодруулж хэлбэл, иргэн дээр хоцрогдсон шүүгчээ тавиад, эрх мэдэлтэн дээр арай сайныгаа тавих гэж байгаа бол ялгаварлан гадуурхсан логик үүснэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед илэрч шалгаж байгаа томоохон хэргүүд энгийн ухамсраар ойлгоход түвэгтэй, санхүүгийн механизац хийж байгаа. Арваад жилийн өмнө Үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг Анхан шатны шүүх мөнгө угаах гэмт хэргээр ялласныг Давж заалдах шатны шүүхээр “мөнгө угаах гэмт хэрэг биш байна” гээд цагаатгаж байсан. Энэний шалтгааныг судлахаар Анхан шатны шүүгч нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг, мэдээлэл байхгүй байсан. Үнэт цаасаа зарж, худалдаж авч байгаа үйлдлийг нь мөнгө угаах гэмт хэргээр зүйчлээд, прокурор нь яллах дүгнэлтээ үйлдээд шүүх нь ялласан байсан. Давж заалдах шатны шүүхээр энэ гэмт хэрэг биш гэж үзсэн. Сүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт зохион байгуулсан. Үнэт цаас гэж юу юм, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэж юу гэсэн үг юм, зарах гэж юу гэсэн үг юм гээд сургалт хийсэн.  

Одоо “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой бүлэг зохион байгуулалттай хэрэг анхан шатны шүүх дээр оччихоод байж байгаа. Гурван тэрбум ам.доллар буюу 10 их наядын үнийн дүн бүхий улсын өмчийг Ерөнхий сайдтайгаа, хэдэн сайд нь, банк санхүү нь оролцоод  механизаци хийгээд, авчихсан. Үндэстэн дамнасан, хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк, Цэцийн гишүүд нь татан оролцчихсон. Ердийн биш хэргүүд байгаа байхгүй юу. Ийм үйлдлийг би өөрөө дэд сайд байхдаа ажлын хэсэгт багтаж, шалгаж байсан.  Маш их “ухаантай”, харахлаар хуулийн дагуу. Нүүрсний хэрэг дээр ч яг ийм механизаци танилцуулагдах гэж байгаа.

Яг энэ хуулийн заалтыг зөрчсөн үү гэхээр зөрчөөгүй, гэхдээ яг тухайн компанид зориулаад механазици хийчихсэн, тэрнийх нь цаана хэдэн тэрбум доллар хусчихсан. Ердийн хэргүүд биш. Тийм учраас нарийн мэргэшсэн, илүү мэргэшсэн шүүгч авлига, албан тушаалын хэргийг шүүх шаардлагатай.  Гэр бүл хүүхдийн асуудал шийддэг шүүгчээр энэ төрлийн гэмт хэргийг шүүлгүүлээд авлигын хэргийг ялах боломжгүй.

 

 

14 : 44
2023-11-28

Б.Энхбаяр: Одоогийн шүүхийн тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Авлигын дагнасан шүүх байгуулах заалт хуулийн төсөлд орж ирээгүй юм байна. Авлигын хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхгүй болж байгаа юм байна. Анхан шатыг байхгүй болгож, Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх нь шүүхийн тогтолцоонд болж байгаа юм уу. Шүүхийн практикт байдаг зүйлүү, сөрөг нөлөө үзүүлэхгүй юу?.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед авлига албан тушаалын гэмт хэргийн гаралт нэмэгдсэн, хохирол хэдэн их наядаар хэмжигдэх болсон. Сүүлийн үед гарч байгаа хэргүүд нь улс дамнасан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаад улс оронд данс нээсэн, хөрөнгө авсан, байршуулсан ердийн гэмт хэрэг илрүүлдэгтэй адил илрүүлэх боломжгүй байгаа.

Энэ төрлийн хэргийг илрүүлж байгаа мөрдөгч, хянаж байгаа прокурор, шийдвэрлэж байгаа шүүгч нарын ур чадвар цагаан захтныхаас хэдэн арван жилээр хоцорсон. Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, нотлоход ур чадвар дутаж байгаа. Гэмт хэрэгтнүүд ухаантай, эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй.  Хэргийг нь шүүх гэж байгаа анхан шатны шүүгч нь танхай л шийддэг байгаа. Ийм тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй юм байна гэж Засгийн газар үзсэн. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд авлигын гэмт хэргийг шүүх дагнасан шүүх байгуулах асуудлаар тодорхой саналаа УИХ-д өргөн барих эрхийг УИХ-аас авах гэж байгаа. Та бүхэн дэмжиж өгвөл Засгийн газар яаралтай Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтарч хуулийн төсөл дээр ажиллана. Шүүхийн тухай хуулд зааснаар Засгийн газар дангаараа санаачлага гарган, хуулийн төслийг өргөн барих бололцоогүй. Зөвшилцсөн саналыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, УИХ-д өргөн барих ёстой. 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.БАТЦЭРЭН:

Монгол Улсын Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуульд шүүхийн үндсэн тогтолцоог анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх гэж хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын дээд шүүх давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзнэ. Мөн Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 7.1-д хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 7.2-т Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг Давж заалдах журмаар хянан хэлэлцэх бүрэн эрхийг тус тус хуульчилсан. Тэгэхлээр хууль тогтоогч Давж заалдах шатны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх, Хяналтын шатны шүүхийг давж заалдах журмаар шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоосон нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй.

Монгол Улсад өмнө нь ийм уламжлал бий юу гэвэл 1994 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд онц хүнд ангиллын гэмт хэргийг Давж заалах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэж байсан. Их үнийн дүнтэй буюу 10 сая төгрөгөөр дээш үнийн дүнтэй нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж байсан уламжлал бий. Одоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт зарим төрлийн маргааныг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг хуульчилсан. Энд хэд, хэдэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэмжээний акттай холбоотой маргаан, аймаг, нийслэлийн хоорондын маргаан, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан зэрэг Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан зэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх тусгай журам хуульчлагдсан нь хэрэгжиж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан булгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцөн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуультай холбооойгоор хоёр удаа Улсын дээд шүүхэд санал ирүүлсэн. Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж саналаа өгсөн. Энэ төслийн хувилбарыг яг энэ байдлаар Улсын дээд шүүх хэлэлцээгүй. Мөн УИХ-д өргөн барьсан Шүүх байгуулах тухай хууль, түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд авлига албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тухай заалт байгаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд авлига албан тушаалын хэргийг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх, Хяналтын шатны шүүх авлига албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх гэсэн заалтад санал авахаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн. Улсын дээд шүүх эл саналыг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй.

Ачааллын тухайд, авлига албан тушаалын хэрэг сүүлийн гурван жилд өсөлттэй байна. 2022 онд улсын хэмжээнд анхан шатны шүүх 417 хүнд холбогдох 182 авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 2022 онд 269 хүнд холбогдох 100 хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оныхоос 3.5 дахин өссөн. Хэрэв авлига, албан тушаалын хэргийг Давж заалдах шатны журмаар шийдвэрлэх шүүхийн харялаллыг хяналтын шатны шүүхэд шилжүүлэх тохиолдолд шүүгчийн ажлын ачаалалд нөлөөлнө. Эрүүгийн хэргийн танхимын шүүн таслах ажлын ачаалал 50 хувиар өсөх дүнтэй байгаа.

Асуулт хариулт үргэлжилж байна. 

13 : 40
2023-11-28

Авлигын дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго юм байна.

Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг хэвээр хадгалах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан одоогийн 21 аймгийн давж заалдах шатны шүүхүүдээс Орхон, Дархан-Уул аймгуудын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тусдаа байгуулагдсан байгааг бусад 19 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй адил зарчмаар тус хоёр аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэгтгэж, нийт 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар тусгасан байна.Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ.

Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээнэ. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 1, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 1 байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүх, тэдгээрийн байршлыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосны дагуу хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.

Одоо байгаа 21 аймаг дахь сум дундын анхан шатны иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхүүдийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгав. Ингэснээр 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй болох аж. Харин одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Ингэснээр анхан шатны 90 шүүх 61 болох аж. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан болон давж заалдах шатны нийт 116 шүүх 86 болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж