Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдсан “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг 21 аймаг, 141 сум, 138 хороо, 1131 аж ахуй нэгж, 1520 айл өрх, нийт 62486 иргэнтэй уулзаж, 58460 км замыг туулжээ.
Уг хэлэлцүүлгийг ирэх арванхоёрдугаар сард үргэлжлүүлэх юм байна. Ардчилсан намын даргаар Л.Гантөмөр сонгогдсоныхоо дараахан Хөвсгөл, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дундговь аймгуудад бүсийн чуулга уулзалтыг хийсэн бол хоёр дахь хэлэлцүүлгийг “Өрийн дарамтгүй Монгол” уриан дор зохион байгуулсан байдаг.
2016 оноос хойш Монгол Улсын өр 9 тэрбум 530 сая ам.доллар буюу 6 Чингис бондоор нэмэгдэж, 2012-2016 онуудад төсвийн нийт зарлага дунджаар 5 их наяд төгрөг байсан бол 2023 оны төсвийг 20.4 их наядаар батлан, тодотголоор 1.7 их наядыг нэмсэн. Ингэснээр улсын нэгдсэн төсөв 4 дахин данхайж, тэр хэрээр Засгийн газрын өр ч нэмэгдсэн. Тодруулбал, Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2023 оны зургадугаар сарын 30 –ны өдрийн байдлаар 31.1 их наяд төгрөгт хүрч 14.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Энэ нь Монгол хүн бүр өөрөө ч мэдэлгүй 31 сая төгрөгийн өртэй амьдрах болсон гэсэн үг. Тиймээс Ардчилсан нам “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсан аж.
Хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуулсан Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн баг бүрэлдэхүүн орон нутгуудад ажиллаж, Монгол Улсыг өрийн дарамтаас хэрхэн ангижруулах талаар намын бодлого, шийдлийг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид, төр хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, тулгамдаж буй асуудлуудад шийдэл эрэлхийлэн сонирхсон асуултуудад хариулт өгчээ. Мөн санал асуулга авч, шийдэл эрэлхийлэн 2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажилласан юм байна.
“Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр иргэд “Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас шуудай гурил 100 мянган төгрөгөөр авах боломжгүй болсон бол хонины гулууз 180.000-250.000 төгрөг болж, үнэ өссөн нь иргэдийн амьдралыг улам туйлдуулж байна” гэдгийг шүүмжилжээ. Мөн худалдаа эрхлэгчид “Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийн худалдан авалт муудаж байгааг учирлан, аймгийн төвийн захын дэлгүүрт нэг ширхэг талхыг хувааж зарж байна, ургамлын тосоо граммлаж зарсаар байна. Иргэд хүнсээ худалдан авах чадваргүй болсноос зээлээр авч, өрийн дэвтэрт өдөр, өдрөөр нь бичүүлж, цалингаа буухаар төлдөг” гэдгийг ярьжээ.
Иргэдэд үнийн өсөлт амьдралыг нь туйлдуулсан хамгийн том дарамт болж буй бол бизнес эрхлэгчдийн хувьд татвар, НДШ хамгийн том ачаа болж, хаалгаа барьж болзошгүй хүндхэн асуудалтай тулж буйг хэлж буй юм.
Энэ бүхний буруутныг иргэд, бизнес эрхлэгчид татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, үр ашиггүй зарцуулалт хийдэг, бизнес эрхлэгчид болоод иргэддээ хүрсэн эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй эрх баригчдын үйл ажиллагаатай холбон тайлбарлажээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ