Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа нар өнөөдөр /2023.11.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд 0-15 насныхны дунд энэ төрлийн өвчлөл эрс нэмэгджээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. 102 нь томуу, томуу төст өвчин болох хатгааны улмаас хэвтсэн бол бол 19 нь Covid-19-ын шалтгаантай, мөн 72 тохиолдол нь салхин цэцэг өвчний халдвар авч, эмчлүүлж буй аж.
Хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчилүүлж буй юм байна. Үүнээс 20-26 нь томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг байна.
Томуугийн халдвараар халдварласан бол өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, амьсгаадах, бачуурах, хордлогын шинж тэмдэг илэрнэ. Энэ нь бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгээр илрэх юм байна.
Томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор 300 мянган тун вакциныг эрсдэлт бүлгийнхэнд хийсэн бөгөөд аймгийн хэмжээнд дархлаажуулалт 90 гаруй хувьтай бол нийслэлд 80 гаруй хувьтай хийгджээ.
Иргэдийн хувьд энэ төрлийн өвчнөөс сэргийлэх гол арга зам нь хоолойгоо давс ба содын уусмалаар зайлж, эмнэлэг, сургуулийн орчинд тогтмол амны хаалт зүүхийг зөвлөлөө.
БНХАУ-д сүүлийн үед уушигны хатгалгаа нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Анх арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд бүсэд уушигны хатгалгаа нэмэгдэж байна гэдэг мэдээллийг БНХАУ-ын талаас хийсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэмэлт тодруулга мөн хүссэн. БНХАУ-д улирлын чанартайгаар хүүхдүүдийн дунд хатгаа нэмэгддэг. Гэхдээ энэ удаад Covid-19 –ын хориг цуцлагдсантай холбоотойгоор бага насныхны дунд амьсгалын замын халдварыг нэмэгдүүлсэн гэж үзэж буй юм байна.
Мөн микоблазмын шалтгаантай хатгаа нэмэгдсэн. Гэхдээ энэ нь шинэ халдвар биш. Нийт хүн ам дунд бүртгэгдэж байдаг халдвар.
Шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч бага насныхан халдвар авсан тохиолдолд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Тэр дундаа тав хүртэлх настай хүүхэд энэ вирусээр өвчилбөл хүндрэх эсрэдлтэй, томчууд хөнгөн тусдаг. Зарим улс оронд нутагшсан байдаг байна.
Монгол Улсад энэхүү микоблазм тархах эрсдэл хэр өндөр байна вэ гэдэг дээр ХӨСҮТ, Гааль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг хамтран эрсдлийн үнэлгээ хийсэн байна.
Эрсдлийн үнэлгээгээр дунд гэж гарсан. Энэхүү эрсдлийн үнэлгээг цаашид ч үргэлжлүүлэн хийнэ. оношилгооны хувьд, PCR шинжилгээгээр оношилдог. Цар тахлын үед оношилгоо сайжирсан тул түүнийг илрүүлэх чадавхитай гэж үзжээ. Амьсгалын замын уушигны хатгааны үед илэрдэг, халуурдаг, чихний үрэсвэл болдог тул эмнэлгийн байгууллагад хандаж, оношилгоо хийлгэх шаардлагатай.
БНХАУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын иргэд хилээр зорчиход нээлттэй, хязгаарлалтыг санал болгохгүй. Хэрвээ БНХАУ болон бусад улсад зорчи болоход уушигны хатгаатай бол зорчихоо хойшлуулах. Хэрэв гадаад улс орноос зорчиж ирсэн бол 7-28 хоногийн хугацаанд амьсгалын зам, уушигны хатгааны шинж тэмдэг илрэв үү гэдэгт хяналт тавих. Илэрсэн нөхцөлд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ