Үйлдвэрийн дадлагажуулагч буюу ажлын байран дээрх сургагч нь шинэ ажилтан, дадлага хийхээр ирж буй оюутан, суралцагч нарыг чиглүүлэн сургах, уг сургалтыг төлөвлөх бас хянах үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллагын мэргэшсэн заах арга зүйтэй инженер, техникийн ажилтан юм. Учир нь, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр төгсөж ирсэн залуусыг өөрсдийн үйлдвэрлэлийн орчиндоо бэлтгэх, ур чадварын зөрүүг арилгах зэрэг дахин сургаж авахад их хугацаа ордог гэж үздэг. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд үйлдвэрлэлийн дадлагажуулагчийг бэлтгэж, ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулах явдал сүүлийн жилүүдэд идэвхжсэн. Үйлдвэрийн дадлагажуулагч бэлтгэх 56-80 цагийн хөтөлбөр байдаг. Уг сургалтыг анх 2015 онд Монгол улсад ХБНГУ, Швейцар, Австрали улсын Засгийн газрын санхүүжилттэй, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн. Үүнээс хойш, 2022 оныг хүртэлх байдлаар нийт 444 үйлдвэрийн дадлагажуулагч бэлтгэгдэн гарчээ. Тэдний төлөөлөл болсон үйлдвэрлэлийн дадлагажуулагч М.Чулуунбаатар инженертэй ярилцлаа.
-Юуны өмнө ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд талархъя. Өөрийгөө уншигчдадаа танилцуулангаа хоёулаа яриагаа эхлүүлье.
Би цахилгааны реле-хамгаалалт, автоматик чиглэлээр эрчим хүчний байгууллагад 25 жил ажилласан цахилгааны инженер мэргэжилтэй хүн байна аа.
-Та яагаад үйлдвэрийн дадлагажуулагч болов? Аль мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай хамтран ажиллаж байна?
Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежтой 2014 оноос хойш үйлдвэрлэлийн дадлага сургалтаар хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү коллеж нь манай мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг учир бид нарийн мэргэжлийн ур чадварыг сурч байгаа хүүхэд, залууст мэдлэг, ур чадварыг олгох юмсан гэж боддог. Иймд залуучуудад өөрийн мэдсэн сурсныг заах, үзүүлэх, үйлдвэрийн орчинд сүүлийн үеийн тоноглолд ажиллах, дадлагажуулах ажлыг хийж байна.
-Үйлдвэрийн дадлагажуулагч болохын тулд хэр удаан хугацаанд бэлтгэгдсэн бэ?
Мэргэжлээрээ ялангуяа нарийн мэргэжлээр 15 жил ажилласан. Ажлын туршлагатай ч хүнд сургах, заах арга зүйг мэдлэгийг нэмж сурах шаардлагатай болсон. Ингээд үйлдвэрлэлийн дадлагажуулагчийн сургалтын 14 хоногийн хөтөлбөрт хамрагдан, мөн давтан сургалтад хамрагдан бэлтгэгдсэн.
-Үйлдвэрийн дадлагажуулагч бэлтгэх сургалтад цахимаар оролцох боломжтой юу?
Үйлдвэрлэлийн дадлагажуулагчийг бэлтгэх цахим болон танхимаар хосолмол сургалтын хөтөлбөр бий болгоход би оролцож байсан. Цаашид хосолсон сургалт явуулах бүрэн боломжтой болсон. Энэ нь олон аж ахуйн нэгж байгууллага ажлын байран дээрээ сургалт, дадлага явуулах хүний нөөцтэй болж, ажлын байран дээрх сургалт явуулах өргөн бололцоог бий олгоно.
-Хүн бүр энэ сургалтад хамрагдаж болох уу?
Мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг энэхүү сургалтаар бэлтгэвэл зүгээр санагддаг. Политехникийн коллежуудын суралцагчид үйлдвэрлэл дээрх дадлагыг хийдэг. Энэхүү үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх хүнийг үйлдвэрлэлийн дадлагажуулагч гээд байгаа юм. Ер нь аж ахуйн нэгж байгууллагуудад сургагч инженер гээд албан тушаал байдаг. Тиймээс эдгээр ажлын байран дээр сургагчийг зайлшгүй тусгай хөтөлбөрөөр сургах шаардлагатай байдаг.
-Аж ахуйн нэгж байгууллага, компаниуд үйлдвэрийн дадлагажуулагчтай байхын давуу тал, ач холбогдол нь юу вэ?
Аж ахуй нэгж байгууллага өөрийн хэрэгцээнд нийцсэн, дутагдалтай байгаа мэргэжилтнийг бэлтгэн хүний нөөцийн дутагдлаа хангах боломжтой. Мөн үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага дээр байгаа техник технологи, шинэчлэлийн үйл явцыг их, дээд сургуулийн оюутан болон Политехник коллежийн суралцагчдад шууд хүргэх, үүн дээр ур чадвар олгох зэрэг олон давуу талууд бий.
– Аж ахуйн нэгж байгууллага дээрх дадлагажуулагч, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар хамтран ажиллаж, сургалтаа уялдуулдаг болсон байна. Яг үүн шиг цаашид сургалтын болон аж ахуйн нэгж байгууллага ямар зүйл дээр төвлөрч ажиллавал үр дүнтэй байх вэ? Тийм хэрэгцээ шаардлага тулгарч байна уу?
Цаашид сургалтын байгууллага нь онол, мэргэжлийн анхан шатны дадлага сургалтыг олгох, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага нь ур чадварыг нарийн мэргэшил олгоход хамтран ажиллах шаардлагатай байна. Дадлагажуулагч, суралцагч хоёрын хослол буюу багш шавийн барилдлагаар сайн сургаж чадваас үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад шаардлагатай мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх давуу талтай болно. Цаашлаад аж ахуйн нэгж байгууллагын хувьд оюутан, сурагчдын ур чадварыг бүрэн хүлээн зөвшөөрөх, ажлын байранд шууд ажиллуулах нөхцөл бүрдэнэ.
Ярилцсан танд баярлалаа.
Холбоотой мэдээ