УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явна. Тойргоос 78 гишүүн, намын нэрийн жагсаалтаар 48 гишүүн сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлт анх удаа хэрэгжинэ. Ингэхдээ тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглосон. Мөн муу нэртэй улстөрчид жагсаалтын ард нуугддаг байдлыг халахын тулд жагсаалтыг ил цагаан зарлаж өрсөлдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, намууд лидерүүдийн жагсаалтаа ил зарлаж өрсөлдөнө гэсэн үг. Энэ утгаараа сонгуулийн саналын хуудаст жагсаалтын дээгүүр бичигддэг улс төрийн намууд мөнгө, хөрөнгөтэй нэгний шүлсийг асгаруулж байгаа. Юуны өмнө жижиг намуудыг аваад үзье.
Намын жагсаалтын гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам (МОН)-ыг О.Бум-Ялагч эзэмшдэг. Байгаль орчин, ногоон хөгжил зэргээр дуу хоолойгоо хүргэхийг оролддог ч амжилттай биш. Тэгвэл жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэтэй Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын даргаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх асан Б.Батбаатар бүргүүлээд байгаа. О.Бум-Ялагч, Б.Батбаатар нарыг аль хэдийнэ намаа зарах тохироо хийчихсэн гэдэг мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга санхүүжилт хаясан гэх шуум явах болов. Х.Баттулгын албан ёсны гэргий Ц.Энхтуяа нь ИЗЗН-д өндөр оролцоотой явж ирсэн нэгэн юм.
Тэдний ардаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шууд мэдэлд очихоор хэд хэдэн намууд харагдаж байгаа. Анхнаасаа түүний халаасны нам гэгдэж байсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг Г.Уянга үүсгэн байгуулсан. Үүнээс гадна Монголын уламжлалын нэгдсэн нам, санхүүгийн хүндрэлд ороод буй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон нам, Ард түмний нам гэх мэт нэрс хөвөрнө.
Тэмцэгч хэмээх Б.Жагарын Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН), А.Отгонбаатарын Үнэн ба зөв нам, Аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН), Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН), Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН) ч хамаарна. Эдгээр намын удирдлагууд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход “Монгол Ялна” уриаг нь хашгиран дагалдаж явлаа.
Ерөнхийдөө Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам (БНН) тэргүүтэй хаашаа ч эргэх магадлалтай нэг удаагийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх улстөрчид олон бий. Тэдний хувьд УИХ-ын гишүүнээр нэг ч гэсэн удаа сонгогдож байвал хэнтэй нэгдэх нь сонин биш. Цаашлаад АН, МАН-ын завраар хамтарсан Засгийн газарт ороод суучих сонирхол бүр өндөр байгаа.
Одоогоор тэд ил цагаан эвслийн хөдөлгөөнд орж эхлээгүй байгаагийн цаад шалтгаан нь сонгуулийн 78 тойргийн хуваарилалт билээ. Эрх баригч МАН-ын олонхиос бүрдэж буй УИХ сонгуульд оролцох тоглоомын дүрмээ тодорхой болгосноор жижиг намуудын нэгдэл хөдөлгөөнд орж ирэх нь дамжиггүй. Гэхдээ МАН-ынхны зүгээс жижиг намуудаас бүрдсэн том нэгдэл үүсэхээс сэргийлсэн нам, эвслүүдийн сонгуульд оролцох босгыг өндөрсгөсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн босго хувь багасах тусам жижиг намуудын нэгдэл эрчимчих магадлалтай. Цаашлаад намын тамга атгасан нэртэй хэдхэн том намууд аль эсвэл олонд танигдсан хэн нэгний оймсонд хавчуулагдан их улс төрд хөл тавих сонирхол нэмэгдэнэ.
Мөн нам, эвслүүд Сонгуулийн хуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. УИХ-ын 78 тойргийн 39, түүнээс дээш тойрогт нэр дэвшигчтэй улс төрийн нам, сонгуулийн холимог тогтолцооны нөгөө жигүүр болох нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болно. Одоогоор хүний нөөцийн хувьд МАН болон АН-аас өөр ийм чадалтай улс төрийн хүчин байхгүй. Тиймээс Х.Баттулга хувьд ирэх сонгуульд АН-аас том жигүүр үүсгэхээс гадна жижиг намуудын нэгдэл гэх нууц хөзөртэй орох магадлал өндөр бий. Энэ нь өнөөгийн АН-ын удирдлагуудтай тохироо том түлхэц болж байгаа.
Сонгуулийн хуульд зааснаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх босго тогтоосон. Энэхүү босго хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар шатлан нэмэгдэнэ. Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх гэх мэт.
Холбоотой мэдээ