"Сэрсэн тал"-ыг сэвэлзүүлсэн ЭРХЭМ

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

"Сэрсэн тал"-ыг сэвэлзүүлсэн ЭРХЭМ

"Сэрсэн тал"-ыг сэвэлзүүлсэн ЭРХЭМ
Улсын гэх тодотголтой цөөн мэргэжлийн урлагийн байгууллагад ур чадвар, туршлагаараа үнэлэгдсэн хуруу дарам удирдаач бий. Тэдний нэг бол Үндэсний их урлагийн театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар. Түүний хувьд Үндэсний урлагийн их театраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэрсэн тал" хүндэтгэлийн тоглолтын удирдаач бас хөтлөгч нь.
Удирдахаас гадна тоглолтоо хөтөлж, үзэгчидтэйгээ яриа өрнүүлж бас хошигноно. Тэрбээр алтан пянзны дуудлага худалдаа явуулж, үзэгчдийг нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн ертөнцөөр аялуулсан нь цугласан олны хайр хүндэтгэлийг хүлээв.
Арга ч үгүй биз. Тэрбээр Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын уран бүтээлийг удирдан эгшиглүүлж, ард түмнийхээ сонорт хүргэдэг эрхэм уран бүтээлч. Түүн шиг мэргэжлийн хөгжмийг үүх түүхтэй нь ярьж, тайлбарлах хөтлөгч ч тун ховор биз. Зарим үзэгчид "Удирдаач хүн хөгжмөө удирдаад, барагтай дуугардаггүй. Харин удирдаач нь тоглолтоо хөтөлж байгааг огт харж байгаагүй юм байна. Их сонирхолтой юм" хэмээн хоорондоо ярилцах аж.
Соёлын төв өргөөний тайзны хөшиг нээгдмэгц нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал" бүтээл эгшиглэв. Дараагаар нь олон ч дуу, романс, хөгжим эгшиглүүлж, үзэгчдийн алга ташилтыг ар араасаа нижигнүүлсэн юм. Харин “Монгол орон бадартугай” удиртгалаар нь тоглолтоо өндөрлүүлсэн хэдий ч үзэгчдийн халуун алга ташилт тасарсангүй. Өөрсдийн авьяас билэг, ур чадвараараа үзэгчдийг гайхан бишрүүлсэн уран бүтээлчдэд талархсан үзэгчид хүндэтгэл үзүүлж, удтал алга ташив.
Тоглолтод хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат "Илүү сартай зун” киноны хөгжим "Манан” аязыг 39 жилийн дараа анх удаа Монголын үндэсний их найралтай хамтран шинэчилсэн найруулгаар тоглосон бол ятгын хатан хаан гэгддэг Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ "Нарны бүжиг" хэмээх бяцхан аязыг тоглож, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх шиг болов.
Энэ жил "Чингис хаан" дуурийн Хадааны ариг анх удаа ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга дуулахаас гадна Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, О.Хүрэлбаатар, Б.Энхнаран, Э.Отгонбат, Орхон аймгийн Соёл Урлагийн Цогцолборын дуучин Н.Нямсүрэн, Д.Дагвадорж, Үндэсний Урлагийн Их Театрын Найрал хөгжимчид, дуучин Б.Чинбаатар, гоцлол хөгжимчин Ц.Батжаргал, Т.Өлзийжаргал, Э.Цэндсүрэн нар нэрт хөгжмийн зохиолчдын дуу, романсаас эгшиглүүлсэн нь эх орон, элгэн саднаа гэх баяр бахдалыг төрүүлж байлаа.
Төрийн шагналт Ж.Чулууны удирдлагаар 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжмөөр 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд анх эгшиглэсэн “Сэрсэн тал” мэндлэхдээ нэр ч үгүй байжээ. Ардын жүжигчин Н.Жанцанноровын захиалгаар БНМАУ улс тунхагласны 60 жилийн ойн тоглолтод анх эгшиглэсэн уг бүтээлийг тийм ч олон жил эгшиглэнэ гэж төсөөлөөгүй гэдэг. “Бичих гээд нэг их зовоод сүйд болж байснаа санадаггүй” хэмээсэн хөгжмийн зохиолч 1983 онд ОХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургууль төгсч ирээд нэгхэн жил болж байхдаа 32 насандаа “Сэрсэн тал” бүтээлийг зохиосон түүхтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж