Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ жилийг тун өнгөтэй, амжилт дүүрэн үдэж байна. Өдгөө 27 настай тэрбээр энэ жилийн эхний Хацү башёд үзүүрлэж, 11 даваа авсан бол Харү башёд түрүүлснээр озэки цолонд ойртсон. Улмаар тавдугаар сарын Нацү башёд 11 даваа авснаар озэки цолны болзлоо хангаж, багшийнхаа амжилтыг давтан том амжилтад хүрсэн. Тэгвэл энэ оны сүүлийн Кюүшү башёд түрүүлснээр замналынхаа хоёр дахь түрүүгээ хүртэж, дараагий ёкозүна гэх яриа гарчээ.
Б.Лхагвасүрэн Кирибаяама гэх нэрээ сольж, дэвжээний багшийнхаа Киришима гэх нэрийг авсан билээ.
Дэвжээний багшийнхаа нэрийг өвлөн авч, озэки цолтой анхны түрүүгээ хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр/2023.11.27/ хэвлэлийн бага хуралд оролцжээ. Түүний хувьд багшийнхаа нэрээр түрүүлсэндээ туйлын баяртай байгаа аж. Озэки Киришима ярихдаа "Мичинокү оякатагийн хайрласан нэрээр башёд түрүүлнэ гэдэг энэ түрүүг улам онцгой болгож байна" гэжээ.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ оны сүүлийн башёг 13-2 гэсэн харьцаатай өндөрлүүлсэн. Ингэснээр тэрбээр энэ жил нийт 62 даваа авч, дээд зиндааны бүх бөхчүүдийг даваагаараа тэргүүлжээ. 186 см өндөр, 145 кг жинтэй түүний хувьд Кюүшү башёгийн эхний найман өдөр нэг ч унаагүй гэх амжилттай.
Японы сүмо бөхийн холбооноос өнгөрсөн Ням гаригт Киришимаг дараагийн ёкозүна болоход тун ойртсоныг мэдэгдсэн. Гагцхүү ирэх нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлэх эсвэл түрүүлэх хэмжээний амжилт үзүүлэхэд ёстой гэнэ. Одоогоор ёкозүна цолтой ганц бөх байгаа нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Харамсалтай нь түүний хувьд бэртлийн улмаас энэ жил ганцхан башёд л бүтэн барилджээ.
Сүмо бөхийн холбооны зүгээс ирэх оны дөрөвдүгээр сард Мичинокү оякатаг зодог тайлна гэж мэдэгдсэн. Тэгвэл Киришима багшийгаа зодог тайлахаас өмнө ёкозүна цол хүртэхийг хүсч байна. Энэ талаар тэрбээр "Түүнийг явахаас өмнө, би амьдралынхаа цор ганц мөрөөдлийг биелүүлмээр байна" гэсэн аж.
Холбоотой мэдээ