Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилсон өчигдөр томилсон. Л.Гантөмөр Ардчилсан намын албан ёсны тамга, тэмдэг бүхий даргаар сонгогдож, хадаг дээр тавьсан мөнгөн аягтай сүү гардсан тэр өдрөөс хойш АН-ын гал тогтоог хэн базах вэ гэдэг нь тус нам дахь талцал, таамгийн сэдэв болж байлаа. МАН-ын цагаан байраар гүйдэлтэй, Женкогийн утсан хүүхэлдэй гэгдэх, улс төрд туулсан зам бага, намтар түүх нимгэн залууг сонгосон нь гишүүд дэмжигчдийнх нь хувьд гэнэтийн бөгөөд таагүй мэдээлэл байв.
С.ЭРДЭНЭЭС Х.БАТТУЛГА РУУ УРВАСАН НЬ
Э.Одбаярыг Зон олны намын дарга С.Эрдэнийн хүү Одбаяртай андуурах нь бий. Андуурахаас ч бас аргагүй. Учир нь, АН-д анх түүнийг хөтлөн оруулж, аавынхаа дэргэд шадарлуулсан хүн бол С.Эрдэнийн хүү Одбаяр юм. Түүний тухай мэдээлэл авмаар гэвэл цахим орчинд хайлт хийх төдийд "С.Эрдэнэ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүү Одбаярын дотны найз гэх Эрдэнэбилэгийн Одбаярт “итгэж” Хүүхдийн төлөө газрын даргаар томилж байсан бөгөөд 2017 онд намынхаа удирдлагын багт оруулж, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгосон гэх шар бор мэдээлэл гарч ирнэ.
С.Эрдэнийг ялагдсаны дараа 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Х.Баттулга нарт урвасан гэдэг. Тодруулбал, Ардчилсан нам хоёр, гурван ч тал болж зодолдож байхад тэр Х.Баттулгын талд байсан гэсэн. Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа Э.Одбаярыг хувийнхаа зөвлөх, ажлын албаны даргаар томилж байсан аж. Тиймээс ч энэ удаагийн томилгооны ард Х.Баттулга байгаа гэдэг нь оргүй хоосон үг лав биш биз.
Э.ОДБАЯР ЗАЛИЛАН ХИЙСЭН ГЭВ ҮҮ?
Эр хүний замын хүзүү урт гэдэг. Тэр дундаа улс төрийн халуун гал тогоонд эрх ашиг нийлвэл энэ яваа насандаа эвлэрэхгүй, эргэхгүй, үзэхгүй, нөхөрлөхгүй хэмээн “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байсан хүмүүс “Алга урвуулахын төдий” анд нөхөр бололцон түүх олон. Тэгвэл Э.Одбаярын хувьд С.Эрдэнэ даргаасаа, түүний хүү дотны найз байсан Э.Одбаяраасаа нүүр буруулж, зам салсан. Салах салахдаа С.Эрдэнийн нэрийг барьж “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөгийн хэрэгт нэр холбогдож байв. С.Эрдэнийн хүү Одбаяр түүний итгэж байсан найз нь өөрийнх нь болон аавынх нь нэрийг барьж залилан хийдэг байсныг саяхан мэдсэн бөгөөд бухимдаж байгаагаа гэдгээ твиттер хуудснаа бичсэн нь түүх болон үлдсэн байна. Тухайлбал, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр “АН-ын залилан Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амиа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” болохыг зарласан байдаг.
ДЭД ДАРГААС ГЕНСЕК
Ардчилсан намын хувьд даргаа сонгосноос хойш анх удаагаа Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр хийсэн билээ. Эл хуралдаан ч олны анхаарлын төвд байв. Тус хурлын хурлаар Ардчилсан намын дэд дарга нарыг сонгохоос гадна генсекийг тодруулах хүлээлт байсан. Хэдий тийм боловч эхний ээлжинд 15 дэд дарга сонгогдсоны нэг нь Э.Одбаяр байсан юм. Түүнийг С.Эрдэнээр дамжиж Ерөнхийлөгч асан Х.Баттулгад шадарласан учраас ямартай ч “Женко” талаас очсон дэд дарга нарын нэг цаашлаад МАН-аас удирдлагатай томилгоо ч гэж харах хүмүүс байсан. Наймдугаар сарын дэд дарга нарын томилгооноос хойш шинэ генсекийн талаарх таавар тасраагүй. Өнгөн дээрээ нэгдсэн гэсэн ч өрцөн дотроо өрсөлдөөнтэй гэдэг нь нэгэнт тодорхой харагддаг тус намын генсекээр ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа,С.Эрдэнэболд гэх мэт олон хүний нэр дуулдаж байсан ч тааврын хариу өчигдөр нэгэнт тодорхой боллоо. Э.Одбаяр дэд даргаас генсекийн суудалд суух нь. Ямартай ч төгссөн сургууль, ажилласан туршлага нь тодорхойгүй ч зүтгэл байгаад сэтгэл байвал сөрөг хүчний генсекийн суудалд сайн муугаараа дуудуулаад ч сууж болдог гэдгийг тэр харууллаа.
Л.ГАНТӨМӨР Э.ОДБАЯР НАРЫГ ХЭРХЭН ГОЦЛОЛ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ БОЛ..
Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт өнгөрсөн хугацаанд генсекээ томилж чадахгүй байсан нь фракц хоорондын зөрчилтэй нь холбоотой. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа 15 дэд даргатай болсон өчигдөрхөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч тодруулчихсан тэрбээр лав урьд шөнө бүтэн нойртой хоносон байх. Л.Гантөмөртэй хамт галыг нь маналцаж, ял, гавьяа хоёрыг нь зэрэг үүрэлцэх хүмүүс ямартай ч тодорлоо. Харин цаашид Л.Гантөмөр, Э.Одбаяр нар хэрхэн яаж гоцлох, тэр цаг хугацаа нь богинохон байх уу гэдгийг харах л үлдлээ. Гэхдээ улс төрийн хүрээний "тамхины цэг"-ийн мэдээллээр ямар нэг асуудлаар нь Л.Гантөмөрийг Х.Баттулга барьцаалсан байх гэсэн таамаг ч хөвөрч байна. Ийнхүү С.Эрдэнээс Л.Гантөмөрт шилжсэн АН-ын эрх мэдэл эргээд Х.Баттулга дээр ирж байна уу гэх хардлага гишүүд дэмжигчдийнх нь дунд байна. Учир нь, нийслэлийн АН-ын даргаар Х.Баттулгын баруун гар болох Т.Батцогт очсон. Тэгвэл Э.Одбаяр ч мөн экс Ерөнхийлөгчийн хүн билээ.
Холбоотой мэдээ