Уламжлалт анагаах ухааны их эмч, хоол засалч, анагаах ухааны магистр Ц.Ариунболдтой ярилцлаа.
-Шинэ жилийн баяр ойртохын хэрээр охид бүсгүйчүүд таалагдсан даашинзандаа багтахын тулд богино хугацаанд их жин хаяхыг хүсдэг. Харамсалтай нь, энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг болохыг эмч нар зөвлөдөг. Богино хугацаанд их жин хаях нь эрүүл мэндэд яаж нөлөөлдөг болохыг та тайлбарлаж өгөөч?
-Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор охид, бүсгүйчүүд богино хугацаанд их жин хаях сонирхолтой байдаг. Жишээлбэл, тав хоногт долоон килограмм жин хаялаа, сарын дотор 10 кг хаялаа гэж бичих нь харагддаг. Ингэхийн тулд батлагдаагүй янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглэж, хоолны дэглэм барьдаг. Энэ маш буруу. Эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.
Эмч нар богино хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл мэндэд сайн биш гэдгийг маш их зөвлөж, хэлж байгаа. Гэхдээ ийм хүсэл, сонирхолтой хүмүүс байсаар байна.
Нөгөө талдаа хувь хүний сэтгэл зүйтэй холбоотой. Шинэ жил гэдэг тухайн жилээ дүгнэж байгаа баяр. Тухайн жилийн 11 сар нь буруу хооллож, хөдөлгөөн хийхгүй байж байгаад сүүлчийн нэг сард богино хугацаанд турж, туранхай зургаа олон нийтийн сүлжээнд тавих хүсэлтэй байдаг. Тэр жилдээ туранхай гоолиг бие галбиртай байсан юм шиг өөрийгөө болон бусдыг хуурах оролдлогыг хийдэг. Энэ сэтгэл зүйгээ өөрчлөх хэрэгтэй.
-Янз бүрийн тураах эм, бэлдмэл, хоолны дэглэм барих нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Анагаах ухаанд нэг сард 3-4 кг хасч байвал эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, жин хасалт гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд богино хугацаанд их жин хасахаар цус, тамирын хомсдол үүсдэг. Цус, тамир нь хүний дархлааны гол суурь. Ингэснээр хүний үс, хумс их хэврэг болно. Арьс суларч унжина.
Тархинд тэжээлийн дутагдал үүсч, дархлаа суларна. Харахад нэг их сайхан туранхай эмэгтэй.
Тэрнээс болж халдварт өвчинд өртөмхий болдог. Үүнээс шалтгаалан энд тэнд чих, хамар, аманд үрэвсэл гарна. Эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэхгүй удна. Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж, хэмжээ нь багасч, өвдөлттэй ирнэ. Ажлын бүтээмж муутай болж, нойргүйдэлд хүргэнэ. Бүр цаашилбал, сэтгэл санаа тогтворгүй болж, сэтгэл түгших, айх зэрэг сэтгэцийн өөрчлөлтүүд гарах гэх мэт сөрөг нөлөөтэй.
-Улаанбаатар хамгийн хүйтэн хот. Гэхдээ Улаанбаатарын залуус бусдад гоё, ганган харагдахын тулд толгой нүцгэн явах, нимгэн хувцаслах нь хэвийн зүйл болсон. Энэ нь эргээд эрүүл мэндэд нь ямар сөрөг үр дагавар авчрах бол?
-Уламжлалт анагаах ухааны эмч нар зүү тавьж, эмчилгээ хийдэг. Толгой өвдөхөд хөлөн дээр, ханиад хүрэхэд гаран дээр нь зүү тавьдаг. Учир нь хүний таван цул, зургаан сав эрхтний хий цус буюу энергийн урсгал бүх биеэр урсч байдаг. Ялангуяа нойр булчирхай, элэг, бөөр, давсаг гэсэн эрхтнүүдийн энергийн урсгал хөлөөр дамжин урсч байдаг. Хүйтний улиралд нимгэн хувцаслаж, даарвал энергийн урсгал гадны хүйтний нөлөөгөөр хөрчихдөг.
Хөрсөн энергийн урсгал нь дээшээ бие рүүгээ урсаад эрхтнүүдэд очно. Ялангуяа бөөр, давсгийг хөргөж, өвчлөл үүсдэг.
Мөн залуучууд хүйтэнд толгой нүцгэн их явдаг. Толгойноосоо даарахаар дээр эргэлдэж байгаа хий цусны эргэлт царцаж, удааширдаг. Тэрнээс болоод дулаацсан ч гэсэн зарим нэг хэсэг нь тогтож үлддэг. Толгой хүчтэй хатгаж бас таллаж өвдөнө. Хүний толгой биеийн хамгийн халуун хэсэг. Тэр хэсгээрээ даараад байвал биеийн дулаанаа их алддаг. Бие нь бээрч, захын хялгасан судас агшиж, зүрх рүү их цус шахагдаж, зүрх дэлсэж эхэлнэ. Зүрхний хэм алдалт, сэтгэл зүй тогтворгүй болох эрсдэлтэй.
Толгой нүцгэн, доогуураа нимгэн явж байгаа хүн “Би өөртөө гоё харагдаж байвал миний эрүүл мэнд хамаагүй" гэж боддог. Ямар хүн эрүүл мэндээ золиосолж, сайхан харагдахыг илүүд үздэг вэ гэхээр өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаггүй, өөртөө итгэлгүй хүмүүс ийм сонголт хийх хандлагатай. Энэ бол өөрийгөө хайрлах дургүй байгаагийн илрэл.
-Өвлийг өнтэй давах ходоод "дүүрэн" байх ёстой гэж эмч нар хэлдэг. Өвлийн улирал хэрхэн зөв хооллох ёстой вэ?
-Хүний бие махбод улиралтайгаа зохицож өөрчлөгдөж байдаг. Гадаа хүйтрэхээр хүний бие дулаанаа хадгалахын тулд шар үсний сүвээ хаадаг. Ингэхээр ходоодны хүчил нэмэгддэг. Энэ үед ходоодыг хоосон байлгаж болохгүй. Тэгвэл ходоодны их хүчил хамгаалалтын бүрхүүлээ түлж, үрэвсүүлдэг.
Өвөлд бага хооллоод байвал хүч тамир багасч, ядарч эхэлдэг.
Тэгэхээр өвлийн улиралд ходоодны хүчил ихэссэн үед хүний биед илч дулаан хэрэгтэй. Тийм учраас өвөл хоол хүнсийг ахиу хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа махан хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай.
-Тэгвэл өвлийн улиралд хоолны дэглэм барих нь зохимжгүй гэсэн үг үү?
-Хүйтний улирлыг даван туулахын тулд хүний биед тамир, илч дулаан заавал шаардлагатай. Энийг даван туулахын тулд хоол хүнс тэр дундаа мах байдаг. Хоол хүнсээ сайтар идэж байх ёстой. Энэ үед хоолны дэглэм барьж, мацаг барьвал биеийн илч дулаан, тамир муудна. Ингэснээр тухайн хүний толгой эргэх, бие хөнгөрч, нойргүйднэ, дархлаа суларна. Өвчлөмтгий болно.
Дэлхий нийтэд эмэгтэй хүн барби шиг галбиртай байх ёстой гэж үздэг болсон. Хүний бие махбодь харилцан адилгүй.
Зарим хүн төрөлхийн мярайлаг байдаг бол зарим нь туранхай байх жишээтэй. Барби шиг болохын тулд уралдаж, төгс галбиртай болохоор тэмүүлдэг. Ихэнх жин бууруулах аргуудын 99 хувь нь бүтэлгүйтдэг. Тураах дэглэм барьж дууссаны дараа буцаад улам таргалсан тохиолдол ч цөөнгүй.
-Жингээ огцом хаясан хүмүүс эргээд огцом нэмдэг. Шалтгаан нь юу вэ?
-Ер нь баяр ёслолын үеэр огцом их жин хаях нь буруу. Та өөрийгөө харгисаар зовоож, турж байна гэсэн үг. Жингээ хэвийн байлгахын тулд стрессээ зөв зохицуулах хэрэгтэй. Зарим хүмүүс ажлаасаа шалтгаалан их стресстдэг. Таалагдахгүй ажил, гэр бүлийн асуудал нэмэгдэхийн хэрээр бууруулах аргыг хайж эхэлдэг.
Үүнээс болж хорт зуршилтай болох, амттан идэх, хоолны буруу хэрэглээ нэмэгддэг.
Стрессийн гаралтай их идэлт, бодисын солилцоо удааширч, таргалалт үүснэ. Богино хугацаанд биш жилийн эхнээсээ биеийн жингээ бууруулах зөв аргыг хэрэглэх ёстой. Өөртөө тохирсон зорилгыг тавьж, бага багаар дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь зүйтэй. Стрессийг бууруулах бясалгал хийвэл бүр сайн. Стресс буурахаар өөрөө аяндаа зөв хооллож эхэлдэг.
-Орчин үед маш их тураах зөвлөгөө, эрүүл хооллолтын дэглэмүүд цахим орчинд чөлөөтэй нийтлэгдэж байна. Эдгээрийг хүмүүс хүссэнээрээ бас мөрдөж байгаа?
-Ялангуяа Америк, барууны орнуудаас эрүүл, зөв хооллох зөвлөгөөг маш их дагаж, оролдож байна. Гэхдээ амьдрал дээр харахаар нэг хэсэг лемонтой ус ууж, нарийн ногоо, чиа үр, хонины махнаас татгалзаж, тахианы цээж мах идээд л…Эрүүл хоол гээд идэж байгаа ч нэг сар идээд л эцсийн мөчид монгол хүн гурилтай шөл, бууз, хуушуур, цуйвангаа иддэг. Тэгэхээр манай орны цаг уураас өөр орны эрүүл хооллох дэглэм нь монгол оронд тохирохгүй байгааг харуулж байгаа юм.
Манай орны цаг уурт тохирсон эрүүл хоол нь монгол хоол юм гэдэг нь батлагдаад байна гэсэн үг.
Уламжлалт анагаах ухаанд байгаль цаг ууртаа тохируулж, ерөнхий байдлаар өөрчилж явах нь эрүүл хооллолтын дэглэм. Манай өвөг дээдэс тэр дэглэмийг барьж ирсэн. Монголчууд өвөлд махан хоолоо түлхүү хэрэглэдэг. Өвлийн улиралд хонины мах хэрэглэх нь тохиромжтой. Мах нь бүлээн чанартай учраас биеийг дотроос нь бүлээцүүлж өгдөг. Үхрийн мах тэгш, бага зэргийн сэрүүн чанартай. Тиймээс өвөлд хонь үхрийн мах хослуулж хэрэглэх нь зүйтэй. Хаврын улирлын салхитай цаг уурыг даван туулахын тулд шар өнгийн малын гаралтай цагаан идээг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл, шар тостой цай, өрөм, цөцгийн тос, хийцтэй цай, шар будаатай хоол, бүх төрлийн цагаан тоснууд орно.
Зунд махан хоолоо багасгаж, борц, цагаан идээ түлхүү иддэг. Намар махаа харьцангуй бага хэрэглэж, витамин эрдсээ нөхөж хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх ёстой. Монголын ард түмэн өөрсдөдөө тохирох эрүүл зөв хооллолтоо олж, дагаж ирсэн. Орчин цагт хүний эрүүл мэндээр бизнес хийж, реклам сурталчилгаанд их автаж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Холбоотой мэдээ