Сурвалжлага: Унш, тогло, үлгэр сонс, бас тавтай нойрсоорой…

Сурвалжлага: Унш, тогло, үлгэр сонс, бас тавтай нойрсоорой…

Сурвалжлага: Унш, тогло, үлгэр сонс, бас тавтай нойрсоорой…

Хоржигнон урсах голын чимээ…Эргэн тойронд битүү ногоон ургамал. Тоть шувуудын жиргээн, усан дотроо үсчин хөвөх загас. Утаанд дарлуулсан дүн өвлийн цагаар Улаанбаатарт ийм газар байгаад зогсохгүй, тэр нь бүр номын сан байна гэвэл та итгэх үү? Энэ бол чимээ гаргах, тоглон хөгжилдөхөд нээлттэй “Чимээтэй номын сан” буюу Loud Library.

Чимээтэй номын сангийн хаалгаар дөнгөж ормогц үүдэндээ ном худалдаалах танхимтай ба танхим нь дугуй хэлбэртэй, шилэн таазтай. Таазныхаа оройд нарны аймгийн есөн гаригийг бүтээжээ. Ээжтэйгээ хамт шалан дээр суугаад ном унших охин, хүүгээ хүлээнгээ зөөлөн буйдан дээр хэвтэн ном шагайх нэгэн аав… Энд тэндгүй хөөрцөглөн гүйлдэх хүүхдүүд, чимээгүй өрөөнд ганцаараа төвлөрөн суух сурагч охин, бас хүүхдүүдийн бужигнаанаас огт төвөгшөөхгүй ажлаа хийх номын санчид. Энэ бол "Чимээтэй номын сан"-гийн амралтын өдрийн дүр зураг.

Номнуудыг ярайтал эгнүүлж өрөх бус нүүрийг нь ил гарган өржээ. Энэ нь хүүхдийн ном унших хүслийг өдөөж, сонирхлыг нь татдаг ажээ. Тавиурууд дээр хүүхдүүдийн унших дуртай “Нохой хүн” цувралаас эхлээд Ё.Отгонбаярын “Монголын гээгдсэн түүх” хүртэл агуулгын өргөн цар хүрээ бүхий 23 мянга гаруй биет номын дээж байв. Амралтын өдрөөр аавтайгаа хамт ирж ном уншиж буй бяцхан уншигч О.Төрбат “Олон шинэ зүйлийг сурч мэддэг учраас би ном унших дуртай. Миний уншсан хамгийн гоё ном бол “Нохой хүн” цуврал. Энэ номын санд анх удаагаа ирэхэд маш их таалагдаж байна. Цаашдаа олон удаа ирэхийг хүсч байна” хэмээн ярина. Хүүхдээ номын санд тоглуулангаа зөөврийн компьютерээ дэлгэн суух аав тухтай нь аргагүй ажилдаа төвлөрөн суух нь таатай байгаа бололтой.

Энд бүгдээрээ тойрч суугаад ном уншиж болохуйц саруул танхим, ганцаараа ажиллахад тохиромжтой компьютерүүд, чимээгүй өрөө, аав ээжүүдийн суух хэсэг төдийгүй хэвтээд ном унших бүхээг хүртэл бий.

Гэхдээ компьютерийн ширээн дээр сууж буй болон утсаар тоглож, бичлэг үзэж буй нэг ч хүүхэд олж харсангүй. Чимээтэй номын сангийн хүүхдүүд дэлгэцний хэтийдсэн хэрэглээгээ ном унших цагаар сольсон мэт.  Мэдээж энэ номын сангийн үйл ажиллагаа зөвхөн ном уншихаар зогсохгүй код бичих болон англи хэлний сургалтын хөтөлбөрүүдтэй ч хослуулж болно.

Мөн Оксфордын Их Сургуультай хамтран олон шинэ ном, хөтөлбөрийг үйл ажиллагаандаа тусгаж буйгаа онцлон ярьсан юм.  Номын сангийн гишүүнчлэлийн эрх сарын 170 мянга төгрөг бөгөөд бүтэн жилээр төлбөл 100 мянган төгрөг болж хямдрах ажээ.

"Чимээтэй номын сан"-гийн захирал Б.Цолмон ярихдаа “Манай байгууллага зөвхөн ном зараад зогсохгүй хүүхдүүдтэй тулж ажиллаж, ном уншиж өгөх газартай болох юм сан гэж мөрөөддөг байсныгаа төсөл болгож хэрэгжүүлсэн. Номын сан гэхээсээ илүү тоглоомын төв, гэр бүлээрээ цагийг өнгөрөөх газар болсон л доо. Өдөрт ойролцоогоор 80-120 хүн, хагас бүтэн сайнд арай олон хүн үйлчлүүлдэг. Сардаа хоёр мянган хүнийг гишүүнчлэлдээ багтаах боломжтой. Одоогоор сард 50 хүний гишүүнчлэлтэй явж байна. Ойрын хугацаанд сурагчдыг хонуулах үйлчилгээг эхлүүлэх зорилготой байгаа. Хүүхдүүдэд үлгэр уншиж өгөх, кино үзүүлэх гэх мэт хөтөлбөртэй байх бөгөөд өглөөд эндээсээ шууд хичээлдээ явах боломжтой байна гэсэн үг юм. Мөн гэр бүлээрээ хамт үйлчлүүлэх гэр бүлийн багц гэж байгаа. Амьд байгалийн дуу чимээ, агааржуулах систем, элс, амьтад бол хүүхдэд өгч чадах хамгийн ээлтэй орчин юм” хэмээсэн юм.

Нийслэл хотын 247 сурагч тутамд нийтийн номын сангийн ганцхан суудал оногдож байгаа энэ үед хүүхдүүдэд ном унших, дураараа тоглох боломжийг олгосон “Чимээтэй номын сан”-гийн үйл ажиллагаатай ийн танилцлаа. Хүрэлцээ багатай сургуулийн номын санд чимээ гаргах “эрхгүй” сууж ном унших бус, дураараа тоглож, хөгжилдөнгөө хөгждөг, урагшилдаг цоо шинэ ирээдүй айсуй. Шилэн хананы цаана цаст өвөл тачигнаж байвч Чимээтэй номын сан дотор “зун” болж байна.

Б.НАРАНГЭРЭЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-28 213.87.89.13

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-28 103.161.242.91

angry birdees Sanaa avsan haragdaj bna

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.181.23

Юун унших, тоглох ба үлгэр сонсох вэ? Монголчууд мэдээ орсон цагаасаа эхлэн чөлөөт цагаараа зөвхөн хүн судлал ба stalking хийдэг юм. Хэн хаана амьдарч ажиллаж байна, хэн ямар машин байна, хэн хаана сурсан, ямар хамаатнуудтай юм бэ, хэнтэй холбогдож байгаа, өдөр тутамдаа юу хийж байна гэх зэрэг бас ирээдүйн төлөвлөгөөнүүдийг нь судалдаг.

Avatar

Нэргүй 2023-11-28 66.181.161.49

Өөрчилж болно

Avatar

zochin 2023-11-28 202.21.115.122

хаана байдаг вэ? мөн гишүүнчлэл, үнэ тарифын талаар мэдээлэл өгчихөж байвал зүгээр байна. Дутуу рекламаар л мэдээ хийгээд байх юм

Avatar

Нэргүй 2023-11-28 202.55.188.39

Une 170-100k geed bichsen bn. Haygiig ni harin bicheegui bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж