Шүүхээс Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг прокурорын байгууллагад буцаажээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Бауыржан, О.Нурлан, К.Хуаныш, А.Серикболат, А.Камелият, К.Бекжан, Т.Аршагүл, Ө.Хуралай, А.Гылымхан, К.Болат, С.Арман, Д.Есболат, Д.Ербол, С.Хонаев нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр товлосон.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх…” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон байдаг. Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу яллагдагчаар татаж байв.
Холбоотой мэдээ