УИХ-аас дахин 3 гишүүнийг сугална!

Хуучирсан мэдээ: 2023.11.28-нд нийтлэгдсэн

УИХ-аас дахин 3 гишүүнийг сугална!

УИХ-аас дахин 3 гишүүнийг сугална!

Гадаах хүйтний хэм чангарахтай зэрэгцээд Төрийн ордны улс төр халуурдаг нь бараг уламжлалт үзэгдэл шахуу болж байна. Урьд нь жагсаалын синдром хавраар хөдөлдөг асан бол өдгөө дүн өвлөөр, эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсдаг, нүцгэлдэг болсон. Өнгөрсөн өвлийн нүүрсний хулгайн эсрэг жагсаалын хоёрдугаар ангийн үргэлжлэл энэ өвлийн гол сенсааци болох агаад үйл явдлын мөрөөр МАН-д болоод Монголын улс төрд сонгууль угтсан субботник явагдах нь хэн хүнд ч нэн ойлгомжтой байна.

Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, хоёр үе шаттайгаар нүүрсний сонсгол зохион байгуулахаар болсноо зарласан. Эхний сонсгол нь арванхоёрдугаар сарын 4-8-нд, хоёр дахь сонсгол нь арванхоёрдугаар сарын 18-22-нд болно.  Бүтэн жилийн турш олон нийтийн анхаарлыг татсан, урьд өмнө байгаагүй том мөнгөн дүнтэй /40 их наяд/ хулгайн сонсголыг дагаад улс төр  улам ширүүсэх нь гарцаагүй.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гол сэжигтнүүд МАН-ын цагаан байр болон Төрийн саарал ордон дотор хуулийн хамгаалалтын ард нуугдаж суугаа нь худлаа юм биш.  Нэмээд ногоон автобусны луйвар, төмөр замын авлигын хэрэгт холбогдсон олон хүн гишүүний халдашгүй эрхийн дор Төрийн ордонд, хуулийн хамгаалалттай сууж байна.  Хулгай, луйврын асуудалд нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос удахгүй оруулж ирнэ гэсэн албан бус мэдээлэл дүн өвлийн улс төрийн "хачир" болж байна.  Төрийн ордноос төрхөмдөө "хөөгдөж" болзошгүй байгаа тэдгээр улстөрчид бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Ж.Сүхбаатар нар аж. Тэдний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон. УЕП-оос өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ /Ажнай/, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Гэвчиг АН-ын бүлгээс ажнай Д.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгээс Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлж шалгуулахыг чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, харин УИХ дахь шинэ гишүүд болон аймгийн Засаг дарга аснуудын фракц Н.Наранбаатарыг авч үлдсэн.

Тэгвэл энэ удаад Н.Наранбаатарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д дахин орж ирэх бололтой.  Н.Наранбаатар нь  “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа орон нутгийн Тавантолгойн ордоос нүүрс хулгайлцахад гар бие оролцсон гэж яллагдагчаар татагдсан.

Тэгвэл  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрс тээвэртэй холбоотойгоор шалгаж буй агаад нүүрсний хулгайн гол сэжигтнүүдийн нэг болохыг АТГ зарласан. Тодруулбал,  АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх тодотголтой хэрэг 85 орчим хувьтай шүүх рүү шилжсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийн холбогдогч нар хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж байгаа" гэдгийг саяхан мэдээлсэн.  Мөн ногоон автобусны луйврын хэрэгт холбогдуулсан Монгол Улсын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа АТГ-аас нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн талаараа энэ сарын 20-ны өдөр мэдээлсэн. Түүнийг яллагдагчаар татах болсон санал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэл аж.

Өнөөгийн парламентаас  УИХ-ын гишүүн байхдаа авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл авсан хүн бол ганц хүн бол Ё.Баатарбилэг. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт буруутган албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан гэж шүүх түүнд зургаан жилийн хорих ял оноосон.  УИХ-ын тухай хуулийн 10.2-т “Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Найман жил дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын үед парламентын гишүүдийн олонх нь авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УЕП-ын хүсэлтийн дагуу бүрэн эрхийг нь УИХ-аас түдгэлзүүлсэн.

Тэдний араас дээрх хүмүүсийн хувь заяа УЕП-оос УИХ-ын гарт шилжиж ирэх бололтой. Монголын хуулийн засаглалыг бэхжүүлье гэвэл түүнийгээ хууль тогтоох танхимаас эхлүүлэх учиртай.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж