Улс оронд нь ашигтай эсэхээс үл хамааран ихэнх улстөрчид татварыг бууруулах сонирхолгүй байдаг гэхэд болно. Нөгөөтэйгүүр чөлөөт орны улстөрчид татварын хувь хэмжээ хангалтгүй байгаад бухимдаж, АНУ-ын компаниудыг гадаадад үйл ажиллагаагаа явуулахыг зогсоохыг оролдож байна. АНУ нь дэлхийн хамгийн өндөр аж ахуйн нэгжийн татвартай улс юм.
Мэдээж татвар гэдэг бол аливаа улс орны төр оршин тогтнох эх үүсвэр. Мөн тухайн улсынхаа санхүүгийн бодлого, баялгийн хуваарилалт, ерөнхий эдийн засгийн чадавхийг тодорхойлдог хүчин зүйл. Зарим улс орон хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор иргэд болон бизнес эрхлэгчдэд татварын бага хувь хэмжээг санал болгож, татварын минималист хандлагыг сонгодог.
БИЗНЕСИЙН ТАТВАРЫГ БУУРУУЛСАН ОРНУУД
Тэгвэл илүү их хөрөнгө оруулалт татахын тулд бизнесийн татвараа бууруулсан 39 улсыг “Nomad Capitalist” хуудас жагсаажээ.
1.Беларусь. Хуучин ЗХУ-ын сүүлчийн тулах багана болсон Беларусь улс татвараа 24-18 хувь хүртэл бууруулжээ.
2.Ботсвани. Тус улс нь Африкийн хамгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын нэг бөгөөд саяхан татвараа 25-22 хувь болгож бууруулсан.
3.Бразил. Бразилд асуудал цөөнгүй ч энэ онд аж ахуйн нэгжийн үндсэн татварын хэмжээг 34-25 хувиар бууруулжээ.
4.Канад. Аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээ энэ онд нэг хувиар өссөн ч бизнес эрхлэхэд илүү нээлттэй болжээ. Тиймээс аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг сүүлийн 10 жилд таван удаа бууруулсан байна.
5.Колумб. Өмнөд Африкийн хоёр дахь чөлөөт зах зээл болсон Колумб улс сүүлийн 10 жилд 33-25 хувь хүртэл нь хэд хэдэн удаа татвараа бууруулжээ. Тус улсыг дэлхийн тавцанд дутуу үнэлэгдсэн эрдэнэ гэж зарим шинжээч дүгнэдэг.
6.Чех. Чехийн засгийн газар хэдэн жилийн өмнө татварыг Европын холбооны хамгийн бага стандарт хүртэл буюу 19 хувь болгож бууруулжээ.
7.Дани. Дэлхий дээрх хамгийн социалист улс гэхэд болох Данид амьдралын өртөг маш өндөр байдаг. Жижиг шилтэй шар айраг л гэхэд 15 ам.доллар байдаг. Гэсэн хэдий ч татварын хэмжээгээ энэ онд 24.5 хувь хүртэл бууруулсан.
8.Эквадор. Өмнөд Америкийн тус улс аж ахуйн нэгжийн татварыг жил бүр нэг хувиар бууруулсаар одоогийн 22 хувьд хүрчээ.
9.Эстони. Эстони улсын татварын хэмжээ хэдэн жилийн өмнө одоогийн 21 хувь болж буурчээ.
10.Фижи. Энэ арлын улсад аж ахуйн нэгжийн татвар 31-20 хувь болж буурсан нь хөрөнгө оруулагчдыг татсан хэвээр байна.
Бусад 29 улсаас түүчээлэн нэрлэвэл, Герман, Хонгконг, Индонези, Япон, Малайз, ОХУ, Сингапур, Норвеги, Украин, Шри Ланка, Швейцарь, Вьетнам, Швед багтах юм. Япон улс л гэхэд татварын хувь хэмжээгээрээ олон жил тэргүүлсний эцэст 35.64 хувь хүртэл бууруулсан байна. Харин Малайз улс бол бизнес эрхлэгчдийн хувьд диваажин. Тэд үе үе давтамжтайгаар аж ахуйн нэгжийн татвараа бууруулдаг. Саяхан татварыг 25 хувь хүртэл бууруулсан бөгөөд удахгүй дахиад ч буурах аж.
ОХУ-ын хувьд хувь хүний орлогын албан татвар 13 хувьтай байдаг бол аж ахуйн нэгжийн татвар нь 20 хувь байна.
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАГА ТАТВАРТАЙ ОРНУУД
Дэлхийн хамгийн бага татвартай орнуудыг энгийн болон хөгжингүй гэсэн хоёр ангилалд хуваажээ. Энгийн ангиллын нэгдүгээрт, Арабын нэгдсэн Эмират орж байна. Тус улсад хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэж байдаггүй. Ингэснээрээ татварын хэмнэлттэй орчинг эрэлхийлж буй хүмүүсийн зорих гол газар болжээ.
Бермуд уг жагсаалтын хоёрдугаарт орж байна. Тус улсад хүн амын орлогын албан татвар ногдуулдаггүй бөгөөд гаалийн татвар, цалингийн татвар, лицензийн хураамжаар орлогоо бүрдүүлдэг.
Монако, Багамын арлууд, Кайманы арлууд гэсэн тансаг амьдралын хэв маягтай, аялагч жуулчдын анхаарлыг татдаг газрууд нь мөн хувь хүний орлогын албан татвар ногдуулдаггүй гэдгээрээ алдартай. Багамын арлууд л гэхэд энэ цоорхойгоо аялал жуулчлалын салбарын орлогоор нөхдөг аж.
Хоёрдугаар хэсэг буюу хамгийн бага татвар ногдуулдаг хөгжингүй орнуудын жагсаалтыг Хонгконг тэргүүлнэ. Хонгконгод хувь хүний орлогын албан татвар 15 хувь байдаг. Гэхдээ өндөр орлоготой хүмүүсийн хувьд арай илүү хувиар төлнө.
Канад улсын хувьд орлогын түвшнээс хамааран төрөл бүрийн татварын хувь хэмжээг санал болгодог. Ингэхдээ 15-33 хувийн хооронд хэлбэлзэж байна. Тус улсын татварын тогтолцоо нь бизнес эрхлэгчдэд өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, иргэдэд зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлэх зорилготой.
Сингапур хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ тэгээс эхэлдэг бөгөөд тодорхой босго хэмжээнээс дээш орлоготой бол дээд тал нь 22 хувь хүртэл аажмаар нэмэгддэг. Ингэснээр Сингапур нь бизнес эрхлэгчид болон үндэстэн дамнасан корпорациудын сонирхлыг татсан газар болжээ.
Люксембург нь орлогын янз бүрийн түвшингээс харгалзан 8-42 хувь хүртэл татвар ногдуулдаг.
Жагсаалтын тавдугаарт Бахрейн орж байна. Бахрейн нь хувь хүний орлогын албан татваргүй боловч тус улсад ажиллаж байгаа хүмүүс Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлдөг.
ШИНЭ ЗЕЛАНД
Татварыг бууруулсан хамгийн сүүлийн үеийн жишээ нь Шинэ Зеланд болж байна. Шинэ Зеландын Үндэсний нам барууны үзэл баримтлалтай хоёр намтай эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцжээ. Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт баруун төвийн Үндэсний нам нь сонгодог либерал “ACT” болон популист Шинэ Зеландын Нэгдүгээр намтай эвсэж засаглах гэрээнд гарын үсэг зурав.
Ингэснээр татварыг бууруулж, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлд шилжиж буйгаа зарлалаа.
Тус эвслийн тунхаг бичигт хүн амын орлогын албан татварыг бууруулах, хоёр жилийн дотор 500 цагдааг нэмж сургах, инфляцийг хөөргөхгүй байх амлалтууд багтсан байна. Мөн “Манай засгийн газар амьжиргааны өртгийг бууруулахын тулд эдийн засгаа сэргээн босгож, бүх шинэ зеландчуудын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхийн тулд татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдэгджээ. Дашрамд дурдахад, Монгол улсын ХАОАТ-т 10, НӨАТ-т 10, үүн дээр НД-ын 26 хувийг нэмж тооцвол нийт орлогын 46 орчим хувийг албан татвараар авч байна.
Эх сурвалж: AL JAZEERA, Nomad Capitalist, Y-AXIS
Холбоотой мэдээ