Илүү тогтвортой ирээдүйг бий болгоход цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүрэг нь иргэд, шүүмжлэгчдийн дунд хүчтэй маргааныг дагуулсаар ирсэн. Тэгвэл цөмийн эрчим хүч нь энэ долоо хоногт Дубайд эхлэх "COP28" дээд хэмжээний уулзалтын халуун сэдэв байх болно. Цөмийн хүчин чадлыг одооноос 2050 он хүртэл нэмэгдүүлэхийн тулд нэгдсэн хүчин чармайлт гаргана гэсэн мэдээлэл байна.
Дэлхийн цөмийн ассоциациос энэ нь зууны дунд үе гэхэд манай гарагийн цөмийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилготой "Цэвэр тэг цөмийн эрчим хүч" /Atoms4NetZero/ нэртэй санаачлага гаргаснаа өнгөрсөн есдүгээр сард зарласан. Үүний зэрэгцээ Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси удахгүй болох уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ. “COP 26″ болон "COP 27"-ын үеэр хийсэн хүчин чармайлт дээр тулгуурлан цөмийн эрчим хүч нь "COP28"-д илүү чухал байр суурь эзэлнэ. Эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийн бохирдлоос ангижруулах зорилтод хүрэхэд цөмийн үүрэг хэрэгцээг илүү олон улс орнууд ойлгох тусам цөмийн эрчим хүчийг дэлхийн хэмжээнд дэмжих дэмжлэг нэмэгдэж байна. Цөмийн технологи, шинжлэх ухаан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох хоёр сорилтыг хэрхэн шийдэж байгааг уг чуулганы үеэр харуулах болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Германы баруун төвийн Христийн ардчилсан холбоо нам 2023 оны дөрөвдүгээр сард сүүлийн гурван үйлдвэрээ хаасны дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах харамсалтай шийдвэр гаргасан нь энэ сэдвээр маргаан хэр туйлширч байгааг илтгэж байна.
Европын хамгийн том эдийн засагтай Герман цөмийн эрчим хүчнээс татгалзаж байхад бусад улс орнууд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр хичээж байна. Үүнд 2050 он гэхэд 24 гигаватт эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй байгаа Их Британи болон шинэ реактор барихаар төлөвлөж буй Швед улсууд багтаж байна. Цөмийн эрчим хүчний томоохон тоглогч Франц ч мөн реакторынхоо тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Орос улсаас 2022 оны хоёрдугаар сард Украиныг бүрэн хэмжээгээр довтолсоны дараа эрчим хүчний зах зээл цочролд орсон нь хэвээр байгаа бөгөөд цөмийн эрчим хүчний талаарх хэлэлцүүлэг ойрын жилүүдэд олны анхааралд байсаар байна. "Өнөөдрийн дэлхийн эрчим хүчний хямралын үед импортын чулуужсан түлшний хараат байдлыг бууруулах нь эрчим хүчний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болоод байна. Зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг "цэвэр тэг" болгохын тулд цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийг хурдан бөгөөд бүрэн нүүрстөрөгчгүйжүүлэх шаардлагатай" гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тэмдэглэв. Дэлхийн 32 оронд 413 гигаватт хүчин чадалтай цөмийн станцууд нь жилд 1.5 гигатонн эрчим хүч ялгаруулж, дэлхийн хийн хэрэгцээг 180 тэрбум шоо метр бууруулах замаар дээрх хоёр зорилгод хувь нэмэр оруулдаг байна.
ЭХ СУРВАЛЖ: CNBC NEWS
Холбоотой мэдээ