Малчин Г.Алтан-Эрдэнэ "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаанд оролцохоор үхрийн махаа ачиж Архангай аймгийн Цахир сумаас иржээ. Энэ жил Архангай аймагт өвөлжилт хүндэрсэн тул малаа нядалж, мөнгө болгохоор шийджээ. Г.Алтан-Эрдэнэ хэлэхдээ "Иргэдийн худалдан авалт сайн байна. Хотынхны сонголтоор махаа өрөөлөөр нь бэлдээд ирсэн. Архангай аймагт өвөлжилт нэлээд хүндэрсэн. Баруун тийшээ Завхан, Хөвсгөл аймгаар цас ихтэй байна. Өвөлжилт хүндрээд цөөн үхрээ заазалж, махыг нь худалдаалж байна. Өргөтгөсөн худалдаа малчдад үнэхээр дэмжлэг болж байна" гэв.
Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс малчнаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх, нэг ёсондоо дундын зуучлалгүйгээр худалдах "Өвлийн идэш-2023″өргөтгөсөн худалдааг ирэх сарын 3-ныг хүртэл нийслэлийн 10 байршилд зохион байгуулж байна. "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаанд малчид үхрийн махаа нэг килограммыг нь 9-11 мянган төгрөгөөр зарж байна. Бүтэн үхрийн мах ойролцоогоор 1.3 сая төгрөг болж байгаа аж.
Тус худалдаанаас өвлийн идшээ бэлтгэхээр ирсэн нийслэлийн иргэн О.Энхтүвшин "Өвлийн идэшний худалдаа ямар ч зохион байгуулалтгүй болж байна. Тав, зургаахан ачааны машинтай малчид л мах зарж байна. Махны үнэ нь захаас үнэтэй бас сонголт багатай, захаар тарган сайхан мах олон байна лээ. Нэг килограмм үхрийн мах 10 мянган төгрөгийн үнэтэй. Энэ өргөтгөсөн худалдааг халдаг майхан бариад, ширээн дээр махаа дэлгээд худалдах хэрэгтэй шүү дээ. Мах ачсан машин дээрээ гуталтайгаа гараад л…Ийм наад захын стандарт, шаардлага хангахгүй байж болохгүй байх" гэлээ.
Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрлах "Улаанбаатар палас"-ын хашаанд Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн малчид малынхаа мах худалдаалж байна. Тэнд мөн л 5-6 портер машин зогсоод мах худалдаалж байлаа. Худалдан авагчдын хувьд ч цөөнгүй зорин ирж харагдав. Гэвч зарим нь сэтгэл дундуур, захын бөөний үнээс үнэтэй байна гэдгийг О.Энхтүвшингийн адил хэлсэн.
Архангай аймгийн малчин Б.Тэрбиш "Аймаг сумаасаа гарал үүслийн бичгээ авч, түрээс төлөхгүйгээр малынхаа махыг худалдан борлуулж байгаа нь бидэнд дэмжлэг болж байна. Үлдсэн махаа ченжид борлуулах боломжтой.
Малчид байнгын орлоготой биш болохоор өвөлжилт хүндрэхээр өвс тэжээл авахаас эхлээд мөнгөний асуудал тулгардаг. Иргэдийн худалдан авалт дажгүй байна. Иргэдэд махны үнэ ханш нь чухал юм шиг байна. Би үхрийн мах нэг килограмм нь 10 мянган төгрөгөөр зарж байгаа. Зарим нь үнэтэй гэж байна" гэлээ. Түүний дэргэд хонь, ямааны гулууз мах худалдаалж буй малчин А.Баярмөнх "Архангай аймгаас хонь ямааны махтай ирлээ. Хонины мах 8000 төгрөг, ямаа 5500 төгрөгөөр өгч байна. Зах дээр ченжүүд хонины мах бөөний үнээр 7000 төгрөгөөр авч байгаа. Өвлийн идэшний худалдаа аль аль талдаа ашигтай тусч байна" гэв.
Малчдын хэлж байгаагаар дунд зэргийн жинтэй үхэр 120-140 кг болж байгаа бөгөөд дунджаар 1.1-1.3 сая төгрөг болж байна. Бүтнээр нь авах хүн байхгүй учир хаа, гуяар нь өрөөлдөхөөс өөр аргагүй. Нэг гуя тавихад 35-40 кг буюу 350 мянган төгрөг орчим болж байна гэлээ.
"Хүчит шонхор" худалдааны төвд худалдаж байгаа махын үнийн хувьд килограмм нь:
- Үхрийн мах- 8500-10000 төгрөг
- Хонины мах 7000-7500 төгрөг
- Адууны мах- 6000-6500 төгрөг байгаа юм.
Ямартай ч энэ жил нэг айл дунджаар 1-1.5 сая төгрөгт багтааж өвлийн идшээ бэлдэх тооцоо гарч байна. "Өвлийн идэшний өргөтгөсөн худалдаа захаас арай хямд байх болов уу гээд зориод ирсэн тийм биш байна. Малчдын гар дээрээс мах худалдан авч байгаа ч захаас үнэтэй зарж байна. Сонголт ч багатай юм" гэдгийг мах сонирхож яваа эмэгтэй хэлж байлаа. Харин албаныхны зүгээс "Хүчит шонхор" зах дээр худалдаалж байгаа махны үнээс 500-1000 төгрөгөөр хямд гэдэг мэдээллийг өгч байсан юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн:
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдтэй хамтран "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Худалдаагаар өвлийн улиралд Улаанбаатар хотын иргэдийг махны хомсдолгүй байлгах, малчид малын махаа дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах зорилготой.
Аймаг орон нутгаас ирж байгаа малчид тухайн орон нутгийн мал эмнэлгийн газартаа шинжилгээ өгч, гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажуулсан кодтой мах авчирчээ. Өнөөдөр Архангай, Хэнтий аймгийн малчид ирсэн байна. Үхрийн мах 9-10 мянган төгрөг худалдаалж байна. Өглөө эрт ирсэн малчин үхрийн махыг 8000 төгрөгөөр борлуулсан байна. Хонины мах 7500 төгрөгөөр зарж байна. Бид чанар аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж байна. Нийслэлээс талбайн түрээсийн төлбөрийг авахгүй байгаа. Махны үнийн хувьд захын бөөний худалдаанаас 500-1000 төгрөгөөр хямд худалдаалж байна гэв.
- Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
- Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
- Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
- Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
- Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
- Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
- Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
- Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Холбоотой мэдээ