АНУ-ын холбооны шүүгчид 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчирхийлэл гарахыг анхааруулж байна. Шүүгч Рандольф Мосс өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолд халдсан үймээнд оролцогчдыг яллах шүүх хурлын үеэр ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн үймээн гарч болзошгүй байгааг анхааруулав.
"CBS News"-ийн нийтлэлч "Нэгдүгээр сарын 6"-ны эрүүгийн хэргүүд, тэр дундаа ерөнхийлөгч асан Дональд Трампыг холбооны яллагдагчаар татсан шүүх хурлын явцын мэдээлэлдээ, 2024 оны кампанит ажлын үеэр хүчирхийлэл, хуйвалдааны онол, сонгуулийг үгүйсгэх хэтийн төлөвийн талаар шүүгч, прокурорууд анхааруулж, түгшүүр их байгааг онцолжээ.
Шүүгдэгч Жэйми, Женнифер Бьюто нарын охин шүүгчдэд хандан бичсэн захидалдаа, эцэг эх нь нэгдүгээр сарын 6-ны үймээнээс өмнө улс төрийн талаар ямар ч сонирхолгүй байсныг тодруулаад "Трампын явуулсан худал мэдээллийн кампанит ажлын" золиос болсныг тайлбарласан байна.
Үүний зэрэгцээ Давж заалдах шүүхийн шүүгч Брэдли Гарсиа ирэх оны гуравдугаар сард болох Трампын шүүх хурлын өмнө экс ерөнхийлөгчийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн нийтлэлүүдийн хоорондын холбоо, дарамт шахалт, заналхийллийн эрсдэлийн талаар анхааруулжээ. Трампын сонгуулийн хуйвалдааны эрүүгийн хэргийн сонсгол энэ арваннэгдүгээр сарын 20-нд Вашингтонд болсон.
Холбоотой мэдээ