Орос цэргүүд удаан хугацаагаар алба хааж буйд гэр бүл, төрөл төрөгсөд нь сэтгэл дундуур байна. Энэ нь Кремлийн хувьд толгойн өвчин болоод байна. Тиймээс эхнэрүүдийн дургүйцлийг дарахын тулд цэргүүдийн цалинг аль болох хурдан шуурхай ар гэрт нь хүлээлгэж өгөхийг бүс нутгийн удирдлагуудад даалгажээ. "Кремлийн эрх баригчдын бодлоор эхнэрүүдийн ихэнх нь нөхрөөсөө илүү цалинд нь санаа тавьж байгаа" гэж сөрөг хүчний "Верстка" хэвлэлд мэдээллээ.
Цэргүүдийн эхнэрүүд энэ сарын 7-ны өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсантай холбоотойгоор дээрх үүрэг даалгаврыг өгчээ. Нөхрөө фронтын шугамаас буцаахыг шаардсан уриа лоозон барьж эмэгтэйчүүд жагссан ч цагдаа нар хэдхэн минутын дотор тэднийг тараасан. Цаашид ийм эсэргүүцлийн жагсаал гарахаас урьдчилан сэргийлэх зааварчилгааг албаны хүмүүст мөн өгчээ. "Тэднийг ятга, амлалт өг, мөнгө төл. Гудамжинд л гарахгүй бол ямар ч хамаагүй арга хэрэглэ. 50 хүн байсан ч хамаагүй" гэж эрх баригчид үүрэгдсэн байна.
Бие бүрэлдэхүүнийг сэлгэн ажиллуулахын оронд алба хаах хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаа нь цэргүүдийн хувьд ч, ар гэрийнхнийх нь хувьд ч ойлгомжгүй байдал үүсгэж байна.
Афганистан болон Чеченид дайчлагдаж байсан цэргүүдийн эхнэр, ээжүүд олон нийтийн санаа бодлыг урвуулж, жагсаал цуглааны гол хөдөлгөгч хүч болж байж магадгүй гэж үзэж байна.
Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор элдэв үймээн самуун тархахаас эрх баригчид улам болгоомжлох болсон. Энэ оны аравдугаар сарын байдлаарх судалгааг харвал Оросын иргэдийн 82 хувь нь Путиныг сайшааж байна. Гэхдээ олон хүн Путиныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээс эмээж буй тул энэ санал асуулгыг бодитой гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ