Авлига, албан тушаалын хэргийг Авлигын дагнасан шүүх байгуулагдах хүртэл Анхан шатны шүүхээр хэлэлцэхгүй, Давж заалдах болон Улсын дээд шүүхээр дэнслэх зохицуулалттай Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн Баасан гаригт /2023.11.24/ хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Шалтгааныг нь УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйтэй холбон тайлбарласан ч цаад агуулгаараа хэрэгт холбогдсон гишүүд нь хуралдаа оролцохгүй гэдийсэн сураг дуулдах.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь нийт 19 гишүүнтэй. Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар харьяалагддаг юм.
Нийт 19 гишүүнээс дөрөв нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бол 15 нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд. Байнгын хороог хуралдуулах хүсэл сонирхол байгаа нөхцөлд МАН-ын бүлгээс 11 гишүүн оролцоход л ирц хангалттай 50 хувийн босго давчихна. Гэвч Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд ирцээр “бойкотолсон” нь шоронгийн хаалга татахаас айв уу гэж хардахад хүргэж буй.
Учир нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгагдаж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг прокурор хянаад шүүх рүү шилжүүлсэн. Ногоон автобусны хэргээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг АТГ яллагдагчаар татан, шалгаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нүүрсний хэргээр мөн АТГ-т шалгуулж байсан бол Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нар шүүхээр шүүлгүүлж байсан.
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд хамаарал бүхий этгээд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэрбумын зээл авсан асуудалд холбогдож явсан бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч тухайн сургуульдаа сураагүй асуудал хөндөгдөж дуулиан дэгдсэний дараа зээлээ буцаан төлсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тухай мөн л хамаарал бүхий компани нь төрийн хамаг л тендер, концессыг хуу хамсан дуулианд нэр холбогдсоор ирсэн.
Энэ бүхэн нь Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд асуудал үүсгэсэн байх талтай байна.
Г.ХОРОЛ