ОХУ-ын Дотоод хэргийн яам хоёрдугаар сараас хойш "Мета" компанийн хэвлэлийн төлөөлөгчийг эрэн сурвалжилж байна. Хэвлэлийн төлөөлөгч Энди Стоуныг терроризмын хэргээр эрэн сурвалжилж байгааг Оросын чөлөөт хэвлэл "Медиазон"-д мэдээлжээ. Гэхдээ чухам ямар хэрэг гэдэг нь тодорхой бус байна. Харин төрийн мэдээллийн "Тасс" агентлагт Стоуныг "Оросын Эрүүгийн хуулийн зүйл ангиар эрэн сурвалжилж байгаа" гэжээ.
Энди Стоун 2014 оноос хойш "Мета" компанид ажиллажээ. ОХУ-ын шүүх энэ сард түүнийг байлцуулалгүйгээр хэргийг шүүж, хянан шийдвэрлэсэн байна.
Украин дахь дайн эхлэхээс өмнө "Фэйсбүүк", "Инстаграм" зэрэг "Мета"-ийн платформууд Оросын хэрэглэгчдийн дунд алдартай байжээ. Гэвч ОХУ өдгөө эдгээр платформыг хориглоод зогсохгүй 2022 оны аравдугаар сараас хойш "Мета"-ыг террорист, хэт даврагч байгууллагын жагсаалтад оруулсан. Одоогоор "Мета"-ийн платформуудаас "WhatsApp" л дангаараа Орост үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн тус улс өнгөрсөн оны гуравдугаар сард террорист үйл ажиллагааг сурталчилсан гэх үндэслэлээр "Мета"-ийн эсрэг хэрэг үүсгэжээ.
“Мета” компани руссофоби буюу Оросыг үзэн ядах үзлийг хүлцэн тэвчсэн гэж тус улсын эрх баригчид үзсэн. Харин “Мета” компани гуравдугаар сарын 10-нд “Оросын түрэмгийлэгчдэд чиглэсэн мэдээллүүдийг нийтлэхийг зөвшөөрөх ч энгийн иргэдийн эсрэг заналхийлсэн мэдээллүүдийг оруулахгүй” гэжээ. Энэ өөрчлөлт нь зөвхөн Украинаас нийтэлсэн хэрэглэгчдэд хамаарна гэж дараа нь мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ