Хотын дарга Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын цалин хөлс, үнэлэмжийг дээшлүүлж, ажлын багаж хэрэгслийг нь сайжруулна гэв. Тэрбээр энэ тухай твиттер хуудаснаа жиргэхдээ "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг метр квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэв.
Нэг хэсэг хог ачих машины жолооч, ачигч нь олдохгүй тэг зогссон. Албаныхан аргаа бараад өндөр цалин амласан ч ажилтан олдохгүй байгаагаа учирлаж байв.
Идэр есийн хүйтэнд, зуны аагим халуунд шар хантаазтай ажилчид "нэргүй ажил" хийнэ. Тэдний өдөржин шүүрдэж, цэвэрлэсэн зам, талбай цагийн дараа хогонд дарагдсан байх нь энүүхэнд. Өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж авсан цөөн хэдхэн машин техник нь эвдэрч, аль нэг байгууллагын агуулахад хадгалагдана. 1990-ээд оны сүүлчээр дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний байгууллага зардал, ажилчдынхаа цалинг тавьж дийлэхээ байгаад дампуурлаа зарласан байдаг.
Холбоотой мэдээ