УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
–Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд Таван толгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлтийн үеэр дурдагдсан олон тоо, баримт иргэдийн анхаарлыг татаж байна. Аудитын дүгнэлтийг УИХ-аар ярьж өнгөрөхөөс илүү арга хэмжээ авах нь чухал байх, тийм үү?
-Дээр дурдсан хоёр төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой дүгнэлтийг тус, тусад нь авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой мэдээллийг түлхүү ярилцсан. Алдаа бол хаа хаанаа л байна. Уг төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой үүх түүхийг сайн мэдэх юм. Намайг 2012 оны үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад тухайн үед Төрийн өмчийн хороон дээр Б.Заяабал даргаар удирдуулсан Концессын газар дээрх хоёр төмөр замын гэрээг "Энержи Ресурс" ХХК-тай хийсэн. Ингээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг төр худалдаж аваад 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулаад хөрөнгө оруулалт нь зогсчихсон учраас ажил нь ч бас зогсчихсон байсан. Нэгэнт төр авсан учраас Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой Зүүнбаян төмөр замын компаниуд байгуулсан. Тухайн үед эхний схемийг нь миний бие гаргаж байсан. Эдгээр төмөр замууд хуулийнхаа дугуу Монголын төмөр ТӨХК-д 51 хувь нь харьяалагдсан. Тухайн үед уг төсөлд олон иргэн, ААН-үүд хөрөнгө оруулахаар сонирхож байсны нэг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК байв. Тус компани IPO босгоод Монголын төмөр зам ТӨХК-ийн 20-30 хувийг эзэмших санал гаргаж байсан. Тэндээс орж ирсэн мөнгөөр зогсонги байдалд орсон төмөр замын бүтээн байгуулалтыг хөдөлгөөнд оруулах саналыг миний бие гаргаж байсан. Гэтэл намайг сайдын албан тушуулаа өгөөд явсаны ар дээр 100 хувь "Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгөөр энэ төмөр зам баригдсан. Үүнийг буруутгаж байгаа юм биш.
Ямартай ч нөөц бололцоогоо ашиглаад төмөр замаа барьсан байна. Гэхдээ захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчтэй холбоотой маргаан дагуулсан асуудлууд гарсан.
-“Монголын төмөр зам” ТӨХК нь дээрх хоёр төмөр замын 51 хувийг эзэмшдэг гэж үзвэл захиалагч тал мөн биз дээ. Төмөр зам барих сонгон шалгаруулалтыг хэн хаана хянаж, шалгаруулав?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-наас хөрөнгө гаргаад "Бодь Интернэшнл" ХХК төмөр замыг нь барьсан. Захиалагч нь "Монголын төмөр зам" ХХК байна. Захилагч тал төмөр зам бариулах барилгын ажил захиалсан бол тухайн төмөр зам хэдэн төгрөгийн өртөгтэй байх, ТЭЗҮ боловсруулж, гүйцэтгэгч талтайгаа буюу гэрээ хийх ёстой. Ингээд мөнгө, санхүү олгож байгаа тал буюу "Эрдэнэс Тавантолгой" ХК-наас ийм ийм бүтээн байгуулалтад тэдэн төгрөг зарцуулна гэж төлбөрийн схемээ танилцуулах учиртай.
Гэтэл гүйцэтгэгч талтай "Эрдэнэс Тавантолгой" ХК мөнгөний гэрээг нь шууд хийгээд, Монголын төмөр зам нь захиалагч тал гэсэн мөртлөө хэдэн төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар мэдээлэл байдаггүй. Мөнгөний асуудлаас хол хөндий байгаад байдаг. Энэ бүхнээс харвал схем нь анхнаасаа буруу байна.
Тиймээс аудитын байгууллага гүйцэтгэлийн тайлан дээрээ схем дээр нь дүгнэлт гаргаж өгмөөр байна. Ямар хуулийн дагуу хэрхэн яаж гэрээ хэлцэл талууд хийх талаар мэргэжлийн байгууллага үнэн бодит мэдээлэл гаргаж өгөх ёстой гэсэн санал миний бие гаргасан. Нөгөө нэг асуудал нь төмөр зам барих гүйцэтгэгч байгууллагаа шалгаруулсан асуудал байгаа юм. Гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулахдаа Тендерийн хуулийг тодорхой хэмжээгээр зөрчсөн гэж үзэж байгаа.
"Монголын төмөр зам" ТӨХК-аас тагнуулын байгууллага руу бичиг явуулж тэндээсээ "сонгон шалгаруулалтыг нь шууд хийгээд яв" гэсэн утга бүхий зөвшөөрөл аваад Бодь интернэшнлийг шууд сонгосон.
Тиймээс аудитаас дахин тодруулах зүйл бол гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Тендерийн тухай хуулийг зөрсөн үү, үгүй юу. Тус хуульд гүйцэтгэгчийг шууд сонгох зүйл заалт байна уу, үгүй юү эдгээрийг тодорхой болгох шаардлага тавьж байгаа.
-Төмөр замыг барьж ашиглалтад оруулах хугацааны хувьд нэлээд хойшилсон асуудал бий. Шалтгааныг нь юу гэж тайлбарлаж байгаа бол?
-Гүйцэтгэгч байгууллагын зүгээс нэгдүгээрт, цар тахлаас хамаарсан. Хоёрдугаарт, Орос-Укрианы дайны асуудлаас үүдсэн гэсэн дүгнэлт гаргаж ирж байна. Түүнчлэн өртөгийн хувьд 1 тэрбум ам.доллар буюу 3.8 тэрбум төгрөг давчихаад байна. Нэмэлтээр шилжүүлэн ачих болоод станцын үнийг шууд гэрээ хийгээд нэмэлтээр өгчихсөн байна. Тэгэхээр Тендерийн хуулийн ямар зүйл заалтын дагуу шууд гэрээгээр дахин 200-300 сая ам.долларын өртөг бүхий гэрээг шууд гэрээ байгуулж өгсөн бэ гэдгийг тодруулах л ёстой. Түүнчлэн гүйцэтгэгч компаниас тодорхой хэмжээний батлан даалт буюу баталгаа гаргаж өгөх ёстой байсан боловч түүнийг нь гаргаж өгөөгүй гэх асуудал бий. Мөн 100 орчим сая ам.долларын урьдчилгаа мөнгө ямар ч баталгаагүй шилжсэн гэх мэт асуудлууд нэлээд байх шиг байна лээ.
-Алдагдсан боломж гэх нэг тооцоолол танилцуулж байсан. Алдагдсан боломждоо юу, юуг хамруулж ойлгож байна?
-Алдагдсан боломж гэхээр хугацаа хэтэрсэн гэх мэт зүйлүүдыг ярих байх. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, зам, барилгатай холбоотой асуудлууд дээр ажиллаж байсныхаа хувьд алдагдсан боломж гэхээсээ илүү бүх зүйл хууль, дүрэм, журмын дагуу явсан уу гэдгийг л онцлон харж, асуудлыг хөндөж байгаа юм. Түүнээс биш аливаа барилгын ажилд олон хүндрэлтэй асуудал, давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалж, цаг хугацааны хувьд хойшлох асуудал гардаг. Энэ бүхний нарийн шалтгааныг тодруулж хариуцлагын асуудал яригдах ёстой.
"МУХАР ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛД ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ЭНЭ АСУУДАЛД АНХААРАХ ЁСТОЙ"
-Яригдаж байгаа хоёр төмөр замын хил холболтын асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Тэгэхээр анхнаасаа төмөр замын бүтээн байгуулалт алдаатай байсан гэж ойлгож болох уу?
-Энэ асуудал Зам тээврийн яам цаашлаад Гадаад харилцааны яамтай холбоотой. Хоёр улсын хил холболтын цэгийг тохирох асуудал гадаад харилцааны байгууллагууд нь хоорондоо цэгүүдийг тохирч тээврийн яамнууд нь тодорхой үүрэг гүйцэтгэх журамтай.
Энэ асуудал дээр ач холбогдол өгч тийш оруулах хөрөнгө оруулалтуудаа шийдэхгүй бол мухар төмөр замтай хэсэг хугацааг үдэх вий. Зам тээврийн яам энэ асуудалд сулхан ажилласан.
Мөн энэ асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанид яагаад хариуцуулж орхигдуулсан юм. Засгийн газар энэ асуудлыг харах ёстой байсан. Хоёр улсын ойлголцлын асуудал орхигдож үлдсэн учраас хил холболтын асуудал сунжраад байна уу л гэж харж байна. Түүнээс биш энэ цэг хэсэг хугацааны дараа холбогдохын хувьд холбогдоод, явахын хувьд явна. Олон улсын төмөр замуудын тухай хоорондын хэлэлцээрийн нэгдсэн байгууллага байдаг. Энэ байгууллагуудын хүрээнд орж ирж байгаа төмөр зам нөгөө талынхаа талд ачиж, буулгах терминалаа барьдаг. Тухайлбал, Монголоос Хятад руу төмөр зам нь гарч байгаа бол Хятадын талд, Хятадаас Монгол руу орж ирж байгаа бол Монголын талд ачиж буулгах терминалаа барьдаг дүрэмтэй. Бид нэгэнт БНХАУ-руу гарах төмөр зам барьж байгаа бол тус улсын талд ачиж, буулгахаа барих ёстой. Гэтэл тухайн үед ачиж, буулгахаа Монголынхоо талд барих асуудал яригдаж байсан. “Тийм зүйл байх ёсгүй. Дүрмээрээ цаад талдаа баригдах ёстой” гэтэл “Хоорондоо тохирчихсон л” гээд байсан. Зүгээр аман яриа төдий лбайсан байна.
Одоо бол дүрэм ёсоороо л хоёр талдаа баригдахаар болж байгаа юм билээ.
-Энэ хоёр төмөр замын асуудал явж, явж дахиад л хулгай, луйвар, албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан болж байна. Монголд бүх салбарт хулгай нүүрлэсэн гэдэгтэй санал нийлэх үү?
-Төмөр замын бодлого 2010 онд баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд ном журмынхаа дагуу явж байгаа. Гагцхүү зохион байгуулалт дээр хариуцлагын асуудал алдагдсан гэж харж байна. Нэгдүгээрт, төмөр замын санхүүгийн схем буюу "Эрдэнэс Тавантолгой" ХК иргэд, олон нийтэд олгох ёстой байсан ногдол ашгийг шууд төмөр зам руу оруулсан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас ийм шийдвэр гаргаад Эрдэнэс Тавантолгой компанид “Нийт 1 тэрбум ам.долларын санхүүжилтийг ямар нэгэн байдлаар гарга” гэсэн зөвлөмж өгсөн үү үгүй юү. Тийм бол энэ хоорондын гэрээгээ зөв хийсэн үү. Хариуцлагыг нь хэнд тооцох байв.
Захиалагч гэж байгаа бол тэр нь концертыг дэглэж хэдэн км зам, ямар өртөгөөр барихаа тухай бүр нь гаргаж, мөнгө олгож байгаа компанитайгаа гэрээгээ хийх учиртай. Энэ бүх шийдвэрүүд зөв байв уу. Зохих ёсны байгууллагуудаас гаргасан уу. Эсвэл толгой, дур мэдэн гаргасан уу. Гуравдугаарт, гүйцэтгэгчээ үнэн шударгаар зөв сонгосон уу, өмнө нь төмөр зам барьж байсан туршлагатай учраас шууд гэрээлсэн юм уу.
Мөн дээрх хоёр төмөр замын өртөг нь харилцан адилгүй өртөгтэй байна. Хоёулаа л 25-30 тонны даацтай төмөр зам. Хийц ажиллагааны хувьд өөр, өөр байж болох ч өртөгийн зөрүүг бодитоор тооцох нь зөв. Аудитын дүгнэлтыг ёс төдийхөн авч хэлэлцэх биш хууль хяналтын байгууллагаас хянаж, шалгах нь зөв.
"ЭРГЭЭД ХАРАХАД ЗХЖШ ААН-ҮҮДЭЭР ГҮЙЦЭТГЭЛЭЭ ХИЙЛГЭЧИХСЭН ХАРАГДААД БАЙГАА ЮМ"
-Төмөр зам барих ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб оролцсон асуудалтай холбоотой ямар дүгнэлт аудитын байгууллагаас танилцуулав?
-Энэ асуудалтай холбоотой асуудлыг нарийвчилж авч үзээгүй. Хэдий тийм боловч ЗХШЖ-ын оролцох асуудал дээр хувь хүнийхээ болоод сайдынхаа хувьд дэмждэггүй байсан. Ер нь барилгын компаниуд гэдэг төсвөө тойрсон байгууллагууд байдаг. Тийм учраас Төмөр замын тухай хуульд саяхан оруулсан бас нэг чухал өөрчлөлт бол төмөр зам бариулах тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгодог байсныг болиулсан. Хуучин төмөр зам барина гэхээр Засгийн газраас зөвшөөрөл авсан тусгай компани барина гээд тэнгэрт тулгачихсан. Төмөр зам, авто зам барих зарчим ерөнхийдөө бол нэг. Тиймээс өндөр түвшинд чанартай авто болон төмөр зам барих чадвар Монголын компаниудад бий. Тиймээс нээлттэй сонгон шалгаруулалт, тендер явуулж ил тод зарчим баримталж ажиллах ёстой.
ЗХЖШ-ын асуудал руу эргээд ороход дараа дараагийн хуралдаанаар ямар үндэслэлээр төмөр зам барих ажилд оролцсныг эргэж харна. Оролцсноор давуу тал гарсан эсэхийг нягталж үзмээр байгаа юм. Эргээд харахаар ЗХЖШ ААН-үүдээр гүйцэтгэлээ хийлгэчихсэн харагдаад байгаа юм.
-Та нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр сүүлд орж ажиллаж байгаа.Нүүрсний хулгайтай тэмцэх, хулгайчдыг ил тод зарлах асуудал хөндөгдөж талбай тойрч гороолсноос хойш бүтэн жил боллоо. Ямар ч ахиц дэвшил гарсангүй. Сонсгол зохион байгуулах ажил ямар шатанд явж байна?
-Өнгөрсөн хаврын чуулганы үеэр миний бие Эдийн засгийн байнгын хороог нэг сар орчим даргаж ажилласан. Энэ хугацаандаа нүүрсний сонсгол хийх ажлын хэсгийг байгуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг намар гэхэд сонсголоо зохион байгуулаад, асууплыг олон нийтийн анхаарлын төвд оруулаад явах байх гэж байтал санаанд хүрээгүй. Одоо Хууль зүйн сайд Б.Энхбаяр уг ажлын хэсгийг ахалж байна. Ажлын хэсэг энэ сарын 27-нд буюу өнөөдөр хуралдана. Тус хурлын үеэр нүүрсний сонсгол хийх өдрийг товлоно. Ингээд аравхоёрдугаар сарын 4-8-ны хооронд эхний хуралдаан, 18-22-ны өдрүүдэд дараагийн хэлэлцүүлэг өрнөх болов уу гэсэн товтой байна.
-Нүүрсний гэх тодотголтой 11 хүний хэрэг шүүх дээр хэлэлцэгдэж байна. Эдгээр хүмүүсийг сонсголд оролцуулах эсэх дээр та ямар байр суурьтай байна?
-Бид нүүрсний сонсголтой холбоотой шинжээчдээ саяхан томилсон. Шинжээчид тун удахгүй бидэнд асуудлаа танилцуулах байх. Шинжээчдийн дүгнэлтийг харж байж л хариулт хэлэх боломжтой болох байх. Бидэнд Хөгжлийн банктай холбоотой сонсгол зохион байгуулсан туршлага байгаа учраас бүх талын эх сурвалжийг гаргаж тавих, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Холбоотой мэдээ